Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан хэргийг Дээд шүүх хяналтын шатны хуралдаанаараа хэлэлцэж дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Хяналтын шатны шүүх хурлаас хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, байгаль орчинд үзүүлсэн хохирлыг Засгийн газар барагдуулах үндэслэлгүй гэсэн шийдвэрийг өөрчилж, 55 дугаар тогтоол, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгох шийдвэр гаргалаа. Ингэснээр Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн Засгийн газрыг шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ ялалт байгууллаа хэмээн үзэж байна.
Тус хөдөлгөөнийхөн байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан, гол ус ширгэж, экологийн тэнцвэрт байдал алдагдсан нь Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болсон хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж , өнгөрсөн оны аравдугаар сарын 22-нд Засгийн газарт иргэний хэрэг үүсгээд байгаа юм. Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн “Монгол Улсын Засгийн газарт Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1, Засгийн газрын тухай хуулийн 7-р зүйлийн 7-2, 11 дүгээр зүйлийн 1-6-д заасан үүргийнхээ дагуу Онги, Завхан, Туул, Хангилцаг, Хүдэр, Улз, Ерөө, Гацууртын голын сав газарт байгаль орчны хохирлын үнэлгээг хоёр сарын дотор тооцож, олон нийтэд зарлахыг даалгах, мөн дээрх голуудын сав газар учирсан байгаль орчны хохирлыг Засгийн газраар төлүүлэх” талаар дурджээ. Улмаар хэргийг шалгаад өнгөрөгч гуравдугаар сард Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж, хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Харин Гол нууруудын хөдөлгөөний гишүүд дээрх шийдвэрийг эсэргүүцэж нийслэлийн шүүхэд давж заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм.
С.Отгон
Холбоотой мэдээ
Comments are closed.