Зургадугаар сарын сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын бороо орж, өнөөдөр маргааш үүлэрхэг хэвээр байх нь. Ман төвийн бүсийн нутгуудаар түр зуурын бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа ажээ. Орон нутагт нүүрлэж буй үер усны гамшгийн аюулаас сэрэмжүүлэхийн тулд Ус, цаг уур орчны шинжилгээний газраас тодруулахад,
Өнгөрсөн өдрүүдэд нийт нутгийг хамарч орсон борооны улмаас Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад, Сагсай гол, Буянт сум орчмоор, Увс нуурын сав газрын Хархираа гол, Тариалан сум орчмоор үерийн төвшинд, Буянт гол, Ховд аймгийн төв орчмоор үерийн аюултай түвшинг 14 см давж үерлэж байна. Мөн Хэнтий нуруунаас эх авах Сөгнөгөр зэрэг жижиг голуудын ус үерийн төвшинд хүрээд байна. Цаашид том ба томоохон голуудын усны төвшин нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ. Иймд дээрх голуудын дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуй нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна гэлээ.
Ингээд Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс зургадугаар сарын сүүлийн өдрүүдийн цаг агаарын гаргасан мэдээг танилцуулъя. Тус хүрээлэнгээс цаг агаарын урьдчилсан таамгийг дөрвөн бүсээр гаргадаг юм.
Говийн нутгуудаар энэ сарын сүүлчээр буюу ирэх өдрүүдэд 31-36 градус хүрч халах төлөвтэй байгаа ажээ. Энэ сард хур тунасдасны хэмжээ Дундговийн зүүн хэсэг, Говьсүмбэр, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Өмнөговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дундаж орчимд байгаа гэнэ.
Сарын сүүлч болсон эдгээр өдрүүдэд Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх бөгөөд ихэнх нутгаар халуун нэмэгдэж 28-33 градус хүрч халах төлөвтэй байна. Энэ сард орж буй хур борооны хэмжээний тухайд, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дундаж байгаа ажээ. Ерөнхийдөө энэ сарын үлдсэн өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай болон түр зуурын бороо орох төлөв ажиглагдаж буй гэнэ. Энэ үеэр салхины хурд 24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байна.
Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөх нутаг, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 19-24 градус дулаан байх төлөвтэй байгаа гэнэ. Харин хур, бороо нийт нутгаар орж буй энэ үед баруун зүгийн бүс нутагт ямар байдалтай байгааг тус хүрээлэнгээс мэдээлж байна. Увсын ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хойд болон зүүн өмнөд, Завханы баруун өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Баянхонгорын хойд хэсгээр их, бусад нутгаар дундаж байгааг үзүүлсэн харьцуулалт судалгаа гарсан байна.
Сарын сүүлчээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй ажээ. Дулааны төлөв эдгээр өдрүүдэд, ялангуяа Орхон-Сэлэнгийн хөндийгөөр өдөртөө 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус хүрч, халах гэнэ. Энэ сард орж буй борооны хэмжээ Хөвсгөл, Сэлэнгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, Хөвсгөлийн зүүн өмнөд, Төв аймгийн зүүн хэсэг, Архангайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дундаж байгаа юм байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.