Энэ долоо хоногийн хувьд өглөө нь шүүх хуралтай, өдөр нь сонгуулийн сурталчилгаа, уулзалттай, шөнө нь хөлбөмбөгтэй өнгөрлөө. Өнгөрч буй долоо хоногийн хамгийн анхаарал татсан үйл явдлуудын нэг бол Н.Энхбаярын дахин хойшилсон шүүх хурал байлаа. Ингээд долоо хоногийн үйл явдлыг тоймлон хүргэе.
Н.Энхбаярын шүүх хурал дахиад хойшиллоо
МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал энэ долоо хоногт товлосон хугацаандаа эхэлсэн. Гэвч төд удалгүй шүүх хурал завсарласан шүүх хурлыг дахин хойшлууллаа. Дараагийн шүүх хурал энэ сарын 21-ний өдрийн 10 цагт Сүхбаатар дүүргийн шүүх хурлын танхимдаа болохоор болсон юм. Яагаад шүүх хурал дахин хойшлов гэвэл Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг нь МАХН-аас УИХ-ын тавдугаар тойрог Говь-Алтай аймагт нэр дэвшиж байгаа гэнэ. Тиймээс сонгуулийн сурталчилгааны ажлаар тус аймгийг зорьсон тул хурлыг хойшлуулах хүсэлтийг Н.Энхбаяр тавьсан байна. Уг нь шүүх хурал эхлэх үед Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа цагдаагийн ачлагын машин ирсэн байсан. Энэ нь Н.Энхбаярыг хорих шийдвэр гарах нь уу гэсэн таамаглалыг өгч байсан ч дээрх шалтгааны улмаас шүүх хурал дахин хойшилсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ элчин сайдуудад үүрэг өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Вьетнам улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар, Тайланд улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, Итали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч хоёр талын дээд хэмжээний айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрүүдийг эрчимтэй хэрэгжүүлэн, бүс нутгийн болон олон улсын түвшинд Монголын санал, санаачилгыг ажил хэрэг болгоход тухайн орнуудаасаа дэмжлэг авч, харилцан айлчлалуудыг сайн бэлтгэн зохион байгуулж, хууль ёсыг чанд сахиж ажиллахыг Элчин сайд нарт үүрэг болголоо.
Ерөнхийлөгч шинээр томилогдсон Элчин сайдуудад суух орнуудынхаа төрийн тэргүүнүүдэд гардуулах Итгэмжлэх жуух бичгүүдийг нь гардуулан өгч, ажил үүргээ сайн хэрэгжүүлэхийг хүсэв.
Ерөнхий сайд “Автобус-1” болон “Нарантуул” олон улсын худалдааны төвөөр зочиллоо
“Автобус-1” орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газрын хамт олонтой нэгэн өглөөг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд хамт өнгөрүүлж, тэдний санал бодлыг сонсч, өнгөрсөн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн олон ажлуудын талаар яриа өрнүүлсэн. Ерөнхий сайд 5 цаг 50 минутын үед “Автобус-1” компани ажилчидтай уулзан хэмээн хэвлэлийн албанаас нь мэдээллэсэн.
Сүүлийн 4 жилд Нийслэлийн нийтийн тээврийн салбарт 46.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, үүний 31.0 тэрбум төгрөгөөр 2009 онд 400 шинэ автобус худалдан авснаар парк 100 хувь шинэчлэгдсэн нь хамгийн том амжилт юм хэмээн Ерөнхий сайд тэдэнтэй уулзах үеэрээ онцлон тэмдэглэлээ.
Дараагийн уулзалт нь “Нарантуул” ОУХТ байлаа. 15 мянган хүн лангуу түрээслэн худалдаа эрхэлж, өдөрт л хот, хөдөөний 20 гаруй мянган хүн зорьж очдог “Нарантуул” худалдааны төвийн лангууны түрээсийн төлбөр 1999 онд байсан тэр хэмжээндээ өнөөдрийг хүртэл хэвээр байгаад талархаж байдгаа худалдаа эрхлэгчид Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдоор дамжуулан журмын нөхөр, УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууд нь уламжиллаа. Тэд тус худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзсан юм.
Цагдаагийн ар гэрийнхэн ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржтой уулзлаа
Цагдаагийн хуучин удирдлагуудын гэр бүлийнхэн Сүхбаатар дүүргийн шүүхээс цагдаагийн дарга нарт оноосон ялыг хууль бус үйлдэл хэмээн үзэж байгаа. Тиймээс тэд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой биечлэн уулзлаа.
“Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг” дэлхийн өдөр тохиов
Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэдэг юмаараа дэлхийд толгой цохидог цөөн орны нэгээр манайх тодроод хэдэн жилийн нүүр үзэв. Улсын наадмын хурдан хүлгийн нуруун дээр дарцаглан давхих охид, хөвгүүдийг маань Олон улсын хүүхдийн эрхийн байгууллага тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байна гэж үзсэн билээ.
Монгол улсад 5-17 насны хүүхдийн 12 хувь нь буюу 10 хүүхэд тутмын нэг ийм хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа ч байна. Олон улсын судалгаагаар дэлхийн улс орнуудын 150 сая хүүхэд ийнхүү амьдарч байгаа гэх.
Зах дээр ачаа ачиж, буулгадаг, дийлдэшгүй том тэрэг түрдэг, дуулдаг, бүжиглэдэг, зарц хийдэг гээд олон зүйл тус хөдөлмөрт ордог юм байна. Байгалийн элдэв гамшиг тохиодог, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай оронд мал маллах хүртэл дааж давшгүй ажилд тооцогддог ажээ. Бяцхан үрс маань ийнхүү ажиллаж, амьдардагт нийгэм буруутайгаас гадна эцэг, эх, томчуудын үүрэг хариуцлага ч орж буй.
Манай улс “Дэлхийн цусны донорын өдөр”-ийг тэмдэглэлээ
Дэлхийн цусны донорын өдөр тохиолоо. Манай улс энэ өдрийг долоо дахь жилдээ тэмдэглэж өнгөрүүллээ. Энэ жил Дэлхийн цусны донорын өдрийг “Цусаа бэлэглэгч донор бүр баатар мөн” уриан дор тэмдэглэлээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс өчигдөр үе үеийн донорууддаа талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн юм. Ер нь Монгол Улс энэ өдрийг танихгүй нэгэнд сэтгэл харамгүйгээр цусаа бэлэглэж, бусдын алтан амийг аврагч ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлан, алдаршуулж, тэдэнд талархлаа илэрхийлдэг уламжлалтай билээ. Энэ өдөр Улаанбаатар хотод 12 литрээс дээш, 35-аас дээш удаа цусаа бэлэглэсэн 24 донорыг Монголын Улаан нийгэмлэгийн “Хүндэт донор” цол тэмдгээр, 43 хүнийг “Энэрэнгүй донор”-оор, 21 хүнийг “Ачтан донор”-оор шалгаруулж, шагнасан юм.
1000 цэцгийн фестиваль болж байна
Цэцэрлэгжилт, ногоон байгууламжийг хөгжүүлэх үндэсний хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран Монголд анх удаа “Цэцгийн фестиваль-2012” 1000 цэцгийн фестиваль зохион байгуулж байна. Үзэсгэлэн Гэрлэх ёслолын ордонд 14 хоногийн турш үргэлжлэх юм.
Ц.Анандбазарыг үргэлжлүүлэн хорино
МАН – аас Дорноговь, Говьсүмбэр аймгийн 6-р тойрогт нэр дэвшигч Ц.Анандбазарыг “Анод” банкны дампуурлын хэрэгт сэжигтнээр татагдан хоригдсон билээ. Тэрээр одоогоор ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа юм. Прокурорын шийдвэр гарч Ц.Анандбазарыг яллагдагчаар татаж, дахин хоёр сар цагдан хорихоор боллоо.
Ц.Мөнхбаярын хэргийг хэрэгсэхгүй болголоо
“Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудсан “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, удирдах зөвлөлийн гишүүн О.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний тэргүүн Г.Баяраа, “Монгол Улсын төлөө зүтгэе” ТББ-ын гишүүн Д.Төмөрбаатар нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхээс хэрэгсэхгүй болголоо.
Тэд урт нэртэй хууль хэрэгжихгүй байна хэмээн өнгөрөгч 2010 оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын тавдугаар баг буюу Түнхэл тосгонд алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудсан. Тиймээс тэднийг Эрүүгийн хуулийн 153.2-оор бусдын эд зүйлд халдсан, буу зэвсэг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр буруутгасан юм.
Цагдаагийн алба хаагчийг 60 настай хөгшин хутгалжээ
Цагдаагийн алба хаагчийг хутгалсан хэрэг Чингэлтэй дүүрэгт гарсан байна. Уг хэрэг Чингэлтэй дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул-2” худалдааны төв дотор гарчээ. ЧД-т оршин суудаг эрхэлсэн тодорхой ажилгүй 60 настай н.Энхбаатар нь бусадтай архидан согтуурч байхад нь шаардлага тавьсан цагдаагийн албан хаагч н.Бат-Эрдэнийг хутгалж хүнд гэмтээсэн байна. Цагдаагийн алба хаагчийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд Цэргийн госпитальд хэвтүүлж, шуурхай хагалгаанд оруулсан байна. Дээрх хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
“Баялаг” төвд гал гарав
Баянгол дүүрэг III, IV хорооллын “Нарлаг” их дэлгүүрийн хойно “Баялаг” төвд гал гарлаа. Таван давхар энэхүү төвд ресторан, дэлгүүр, биллиард, кино үзвэр, авто сургууль зэрэг газрууд үйл ажиллагаа явуулдаг аж. Нийслэлийн онцгой байдлын газрын мэргэжилтэн Д.Мягмаржав “Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Гурав, дөрвөн давхрын биллиард, паб, кино үзвэрийн газруудын эд хогшил, тааз, хана шатсан. Утаажилт ихтэй байсан. Нийтдээ энд галын гурван анги, шинжээч, хэрэг бүртгэгч гээд арав гаруй хүн ажиллаж байна. Одоогоор хохирлын хэмжээг хэлэх боломжгүй байна” гэв.
Ирэх долоо хоногоос 670 мянган төгрөг олгож эхэлнэ
Ахмад настан болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдсэн 670 мянгыг ирэх долоо хоногоос олгож эхлэх шийдвэр гарчээ. Гэвч одоогоор тус мөнгийг дансанд байршуулаагүй байгаа аж. Албаныхны мэдээлснээр хэдийгээр ирэх долоо хоногт олгох шийдвэр гарсан ч төсөв мөнгөний асуудлаас болоод хойшлох магадлалтай гэдгийг сануулж байна. Хүний хөгжил сангаас олгож буй 21 мянган төгрөгийн тараалт энэ сарын 15-аар дуусгавар болж байгаа бөгөөд зогсоосны дараа зөвхөн ядуу өрхүүдэд олгох тусламж үргэлжлэх аж. Харин 21 мянгаа тухай бүрт нь аваагүй хуримтлуулсан иргэд зургадугаар сараас хойш хоцорсон тохиолдолд өргөдөл гарган, нөхөн авах боломжтой юм байна.
Л.Тамир
Olloo.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.