-Ламбаа, Цолмон сайдуудын сонорт “Тэмбүүтэй тэмцэх аян”-ыг зохион байгуулъя-
Монголчууд бэлгийн замбараагүй амьдралтай улс юм аа. Саяхан манайд ДОХ-ын 98 дахь тохиолдол бүртгэгдсэн. Энэ юу ч биш, уншигч та шинэ зууны Монголын нүүр царай болсон залуус өнгөрсөн зуунтай хамт устсан гэж үздэг тэмбүүтэй байна гэвэл лав итгэхгүй байх. Гэтэл манайд тэмбүү өвчлөл маш өндөр байгаа юм байна.
Солонгос явж ажиллах хүсэлтэй залуусыг бүртгэж эрүүл мэндийн үзлэгт оруулдаг. Хамгийн сүүлд гэхэд л гурван мянган залуус бүртгэгдэж эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байна. Хамгийн аймшигтай нь тэдгээрийн тал хувь нь бэлгийн замын ямар нэг халдварт өвчтэй гарсан бөгөөд зонхилох нь тэмбүүтэй гарсан байна. Тэмбүү өвчин байтугай тэмбүү гэдэг үг монгол хэлний үгийн сангаас бараг арчигдсан байхад манай залуус ийм өвчтэй явж байгааг юу гэж ойлгох вэ? Тэмбүү гэдэг өвчин далд бус яр шархаар илэрдэг болохоор бэлгийн замын өвчтэй гэдгээ уг хүн мэдэхгүй байх ямар ч боломж байхгүй. Харин илрэлт удаан, бас эдгэрэлт удаан тийм ёрын муухай өвчин аж. Аль социалист нийгмийг байгуулахад л Монгол улсыг бүрхээд байсан тэмбүү гэж өвчнийг орос эмч нар дарж өгсөн тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Шинэ зууны залууст элдэв халдварт өвчнөөс сэргийлэх, хамгаалах аргыг мэдэхгүй байлтай биш. Үзлэгт хамрагдаж байгаа залуусын олонхи нь ийм өвчтэй гэдгээ мэдээгүй хэмээн мэлзэж байсан ажээ.
Гэтэл цаана нь шинжилгээнд хамрагдахгүй хэсэг гэж байгаа. Тэднийг эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулвал энэ Монгол улс чинь тэмбүүний орон болсон байхыг үгүйсгэх аргагүй юм, Ламбаа сайд аа.
Архидалт, янхандалт,гэр бүлийн тогтворгүй амьдрал Монгол улсыг эмгэнэлд хүргэж байгаа нь нууц биш. Дээр нь олон барилгын компаниуд хятад ажилчдыг бөөн бөөнөөр нь авчирч ажиллуулан, барилгын хятадуудад биеэ үнэлдэг монгол эмэгтэйчүүдийн амьдрал хэн бүхний нүднээ ил байгаа. Нийгмийн энэ бусармаг явдлыг холбогдох албаныхан мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөсөөр өнөөдөр Монгол улс бэлгийн замын өвчтэй иргэдээр дүүрэх бололтой.
Саяхан хүртэл ДОХ-ын халдвар тээгч санаатайгаар халдвар тарааж байсан тухай мэдээлэл олныг цочроосон. Гэтэл Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн сайд нь энэ тал дээр ямар арга хэмжээ авч байдаг юм бол? Улсын мөнгөөр олон ангит кино хийлгэн, сайдууд нь тэр кинондоо “дүр бүтээж” өөрсдийгөө рекламдаж байхад иргэд нь бэлгийн ямар ч боловсролгүй, бэлгийн замын өвчин, тэр дундаа тэмбүү тээгээд “гялалзаж” явж байдаг.
Жил бүрийн 12 сарын 1-нд “ДОХ”-той тэмцэх өдөр гэж үнэгүй бэлгэвч тараадаг шигээ цаг алдалгүй “тэмбүүтэй тэмцэх аян” гэгчийг зохион байгуулахгүй бол нөгөө түүхэнд улаан тарианы хүүхнүүд гэж тэмдэглэгдсэн 1944 оны түүхийг давтахгүй гэх баталгаа алга даа, сайд Ламбаа, дэд сайд Цолмон нар аа.
Холбоотой мэдээ
Comments are closed.