Сүүлийн үед Монгол Улсад шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах хороо нэртэй “хадны мангаа” гарч ирж,
бизнесменүүдийг багагүй сандаргадаг болоод байгаа. Энэ байгууллага Засгийн газарт харьяалагдаж, төрийн хяналтын үүргийг давхар гүйцэтгэдэг. Тэгвэл шударга өрсөлдөхийг байнга уриалж байгаа Монголын төр өөрөө шударга бусаар өрсөлдсөн хэрэгт унаад байна. БНСУ-ын Шудрага өрсөлдөөний хорооноос УБ-Инчон-УБ чиглэлийн нислэгийн шударга бус үйл ажиллагаатай холбоотойгоор “Кореан эйр” авиа компанид хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл БНСУ-ын сонин хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаад байна. БСНУ-ын Шударга өрсөлдөөний хорооноос “Кореан эйр” компанид торгууль ногдуулах тохиолдолд өнгөрсөн 10 жилийн турш УБ-Инчон-УБ чиглэлийн хурцадмал асуудал болж ирсэн өндөр үнэ, суудлын хомсдол зэрэг асуудал багасна хэмээн авиа компаниуд найдаж байгаа аж.
2012 оны 5 сарын 22-ны өдөр БНСУ-ын Шударга өрсөлдөөний хороо болон бусад авиа компаниудын мэдээллээс үзвэл 5 сарын 23-ны өдөр “Кореан эйр” болон МИАТ компанийн зүй бус үйлдэлд бүх гишүүдийн хурал зарлаж торгууль ногдуулах эсэх, торгуулийн хэмжээ зэргийг шийдвэрлэх ажээ. Шударга өрсөлдөөний газар өнгөрсөн жилийн эхнээс “Кореан эйр” компанийн Инчон-Улаанбаатар чиглэлийн нислэг, нислэгийн суудлын хангамж зэрэгт бэрхшээтэй тал бий хэмээн үзэж, нарийн судалгаа явуулсан хэмээн мэдэгдэж байгаа юм. Тус байгууллагын албан тушаалтан “Ерөнхийдөө Шударга өрсөлдөөний газраас бүх гишүүдийн хурал хуралдуулвал өндөр торгууль ногдуулах нь гарцаагүй гэж үзэж болно. Гэхдээ бүх гишүүдийн хурлаар торгууль ногдуулахаас илүүтэй торгуулийн хэмжээг онцлон ярих болов уу” хэмээн мэдэгдсэн байна.
Инчон-Улаанбаатар чиглэлийн өнөөгийн байдал
Нислэг эхэлсэн: 1999 он
Авиа компани: “Кореан эйр”, “МИАТ”
Зай: 2,030 км
Жилийн зорчигчийн тоо: 233,312 хүн
Зуны улиралын суудал дүүргэлтийн хувь: 90,7%
Жилийн зорчигчийн тоо нь 2011 оны 8 сарын мэдээнд суурилсан болно.
Одоогоор Инчон-Улаанбаатар чиглэлийн нислэгийг Монгол, Солонгос улсаас тус бүр нэг компани хариуцан үйлдэж байна. Солонгос улсаас “Кореан эйр” компани, Монгол улсаас МИАТ компани 13 жилийн турш монополь нислэг үйлдэж байгаа юм. Учир нь Монгол улсын засгийн газраас өөрийн улсын авиа компанийг хамгаалах үүднээс хоёр улсаас тус бүр 1 компани нислэг үйлдэхийг зөвшөөрнө гэсэн байр суурьтай байгаа ажээ.
Гэвч БНСУ-ын Шударга өрсөлдөөний хорооноос энэ удаагийн хурлаар “Кореан эйр” компанид торгууль ногдуулвал өнөөг хүртэл БНСУ-ын засгийн газраас явуулж байгаа Монгол дахь чиглэлд олон компани оруулах бодлого хэрэгжих боломж ихсэнэ гэсэн үг юм. Улс төрийн үүднээс авч үзвэл Монгол-Солонгосын нислэг зүй бус байгаа нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх учир олон авиа компани нислэг үйлдэх хэрэгцээ шаардлага олон нийтийн түвшинд яригдаж, цаашид Монгол улстай нислэгийн чиглэлийн зөвшилцөлд хүрэхэд нөлөө үзүүлэх юм. Мөн Монгол улсын засгийн газар ч БНСУ-ын засгийн газрын шийдвэрийг тоохгүй өнгөрөхөд хэцүү болох магадлалтай.
Гэхдээ БНСУ-ын Шударга өрсөлдөөний хорооноос торгууль ногдуулсан ч өнөөгийн тогтолцоог солих боломжгүй хэмээн таамаглаж байна. БНСУ-ын Газар, далайн яамын албан тушаалтан “Монгол улсын засгийн газар Шударга өрсөлдөөний хорооны шийдвэрийг яаж хүлээж авахаас бүх юм шийдэгдэнэ. Монголын засгийн газар өнөөг хүртэл байр сууриа өөрчлөөгүй байгаа. Ирэх 6-р сарын сүүлээр албан ёсоор зөвшилцөл явуулах тойм гарах болов уу гэж найдаж байна” гэлээ.
Инчон-Улаанбаатар чиглэл нь 1990 онд нээгдсэн бөгөөд энэ чиглэлд 2011 онд нийт 290 мянган зорчигч зорчжээ. Өнгөрсөн хугацаанд “Кореан эйр” болон “МИАТ” компаниуд монополь нислэг явуулж байснаас өндөр үнээс гадна суудлын олдоц муу зэргээс улбаалан гарцаагүй шударга бус явдал хэмээн үзэж байгаа бөгөөд БНСУ-ын Шударга өрсөлдөөний хороо энэ шалтгаанаар шалгалт явуулсан ажээ. Монгол-Солонгос чиглэлийн нислэг нь нислэгийн ид үедээ нийт 90%-иас давсан суудал дүүргэлттэй гэх мэт суудлын олдоц муу байхаас аргагүй өндөр эрэлттэй боловч “Кореан эйр” компани нь жил бүр нислэгийн улиралд 10 удаа хуваарьт нислэг үйлдэж байв. “МИАТ” ХК нь 6–8-р сард 50 гаран хуваарьт буюу нэмэлт нислэг үйлдсэн байдаг. Үүнийг “Кореан эйр” авиа компани Монголын засгийн газар болон “МИАТ” ХК-тай харилцаагаа хадгалж үлдэхийн тулд найр тавьж байна гэж үзэж болох юм. Бага оврын нисэх онгоцтой Монголын талд туслахын тулд “Кореан эйр” ХК хуваарьт нислэг үйлдэж орлогоо тааруулсан гэсэн таамаглал ч байна.
Хоёр улс хоорондын нислэгийн зайг авч үзэхэд ч харьцангуй үнэтэй байгаа юм. Инчон-Улаанбаатар чиглэлийн нислэг нь ойролцоо зай (2,000 км)-тай Инчон-Хонг Конг, Инчон-Гуанжү чиглэлээс 25%-иар үнэтэй байна. “Кореан эйр” компани өнгөрсөн хугацаанд Монголын талыг онгоцоор хангах зэргээр Монголын засгийн газар, МИАТ ХК-д ая тал засч байсан нь ч зүй бус үйлдэл хэмээн хэлэгдэж байгаа юм.
Олон авиа компаниар нислэг үйлдүүлэх зорилгоор Монгол-Солонгосын авиа компаниудын хэлэлцээр хийх асуудал 2005 оноос хойш яригдсаар байгаа ч өнөөг хүртэл уг хэлэлцээр явагдаагүй байна.
“ASIANA” авиа компани нь 2010 оноос хойш Монгол-Солонгос чиглэлийн хуваарьт нислэг үйлдэх хүсэлтийг Иргэний нисэхийн ерөнхий газарт тасралгүй гаргаж байсан бөгөөд 2012 оны 4 сард 6-р сарын Бусан-Улаанбаатар, Инчон-Улаанбаатар чиглэлд хуваарьт нислэг үйлдэх хүсэлтээ гаргаад байгаа ч одоо хүртэл хариугаа авч чадаагүй байгаа ажээ. Мөн 7, 8-р сарын Бусан-Улаанбаатар, Инчон-Улаанбаатар чиглэлд хуваарьт нислэг үйлдэх хүсэлтээ албан ёсоор гаргахаар бэлтгэж байгаа юм байна.. “ASIANA” авиа компани нислэг үйлдэхээр болвол ижил зайны бусад чиглэлээр 25% өндөр өртөгтэй байгаа нь үгүй болж, суудлын хүрэлцээ хангамж сайжраад зогсохгүй Монголыг зорих жуулчдын тоо ч нэмэгдэж эдийн засагт хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.