Эрхэм анд Галбадрахыг, “мухар сүсгээр монгол түмнийг төөрөгдүүлж, тэдний сэтгэл зүйгээр тоглож, оюунлаг чанарыг монголд уландаа хийж байгаа болон, үүнд нь ашиг хонжоо харсан “биеэ худалдсан” сэтгүүл зүй ч багагүй нэмэр болж байгаа” талаар бичсэний төлөө яасан их харааж зүхэж, доромжилон гутааж байна аа?! Бодвол тэр их хараалч хэрүүлч хүмүүс нь их шашинлаг – “оюунлаг” хүмүүс бололтой юмаа. Оюунлаг хүмүүсийн амнаас гарахгүй баймаар үгсээр хараах нь сонин…
Тэгвэл та нарын тэр “өмөөрөөд” байгаа шашин гэдэг чинь чухам юусан билээ?
1. Шашин бол догматизм буюу ягшмал номлол.
Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их цусан зам татуулсан үзэл суртал бол шашин байсан.
Хоёр мянга, дөрвөн мянган жил огт хөдөлж өөрчлөгдөхийг хүсээгүй зүсэн зүйлийн шашны ягшмал сургааль номлол, тэднийг сурталчилагч лам, хамбатангууд, сүм хийд үй олон хүнийг хэлмэгдүүлж байлаа. Ийм баримтаар барууны түүх дүүрэн. Бас үй олон хүний сэтгэл оюуныг төөрөгдүүлж номхон хонь мэт болгосныг Монголын түүх бэлхнээ гэрчилнэ.
Ягшмал номлол бол нийгмийн хөгжилийн хамгийн аймшигт чөдөр тушаа. Тэр нь буддизм байна уу, коммунизм, христос, исламын шашин байна уу ердөө ч ялгаа байхгүй! Зөвхөн нийгмийн ч бус хувь хүний оюун санааны хүлээс, гав гинж гэдгийг бид нэгэнт ойлгох цаг болсоон. Ингэж хэлэхдээ би сүм дугануудыг шатаа, лам дээлтэй болгоныг бууд гэж байгаа юм биш. Тэдний үгширмэл, ягшимал номлолоор өөрсдийгөө бүү хүлээчээ л хэмээн монгол ахан дүүсээсээ, эх орон нэгтнүүдээсээ хүсэх гэсэн юм. Мухар сүсгийн аюул бол гадныхны байгалийн баялаг руу маань улайран өдөр шөнөгүй “айлчилж байгаа” түрэмгийллээс ч аюултай. Учир нь энэ бол бидний оюун санааруу дайрч байгаа дайралт юм. Ягшмал номлол бол сэтгэлгээний хоцрогдол, оюун санааны царцанги байдал мөн. Хүний сэтгэлгээ, оюун санаа “яс цоож”-нд орж ертөнцийг эрүүл саруулаар харж чадахаа болихын эхлэл. Хэрэв ингэх юм бол хорвоо дээр эрх чөлөөт хүмүүн болж төрөхийн утга учир юусан билээ?!
Өнөө үед шашныг аль нэг ард түмнийг айлган сүрдүүлэх, шашнаар нь хуваах, улс төрийг нь мухар сүсгээр хордуулж, хагалан бутаргах арга хэрэгсэл болгон ашиглах болж. Үүнийгээ харин ч шинжлэх ухааны арга хэрэгслийг ашиглах, хүний сэтгэц оюуны мөн чанарын тухай мэдлэг дээр тулгуурлан хийдэг шашны сектүүд ч монголыг байлдан дагуулах аянаа аль хэдийн эхэлжээ. Монголоор дүүрэн шашны сектүүд ажиллах боллоо. Монголчуудын өнөө маргаашийн бэрхшээлээр даажигнах мэт тэд элдэв уран үгээр урхидаж, унд хоол өгч эх орон нэгтнүүдийг маань тэжээвэр сүрэг мэт маллан хариулах боллоо. Удахгүй монголд элдэв төөрөгдөлд мунхарсан бие даан сэтгэх чадваргүй робот – хүмүүс, манкурдууд буй болж эхэлнэ. Энэ бол үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хэрэг мөн.
2. Шашин бол сэтгэлгээний хоцрогдол – зогсонги байдал
Байгаль, амьдралыг эрхэмлэн шүтдэг, байнгын хөдөлгөөнд байсан монголчуудыг юу зогсоосон билээ? Хэн хаанаас ирж эрчүүдийн дийлэнх хувийг сүмийн мухар сахиулсан билээ? Үүнтэй төстэй арга чарга өнөөдөрч монголд идэвхтэй хэрэглэгдэж байна. Биднийг юу сул дорой, айдас хүйдэстээ автагдсан, аврал даатгалд найдсан, ажил хөдөлмөрөөс зайлсхийсэн, амьдралыг хараан зүхэж хойт насны диваажин мөрөөдүүлсэн үхмэл үндэстэн болгох вэ гээд нэг бодоод үзье.
Зүсэн зүйлийн гадаад дотоодын шашин, мухар сүсэг, шинжлэх ухаанжуулсан буюу шинжлэх ухааны үндэстэй мэт болгосон логик алдаагаар дүүрэн хуурамч номлол, туйлын үнэнийг олсон гэж нүүрэн дээрээ бичсэн өвчтэй эрүүл нь мэдэгдэхгүй лам нар, сүм хийдийн багш нар. Эд нар бол хамгийн аюултай хүмүүс!
Бид хэдийчинээ шашин хийгээд шашин мэт үзэл сурталд автагднав төдийчинээ бусдын тоглоом болно. Одоо бүүр байчихаад их дээд сургуулиудад шинжлэх ухааны оронд эзотерик, оккултизм, хар домын ухаан зааж байдаг болжээ. Доктор , профессор, академич цолыг өөртөө өгчихсөн, эсвэл худалдаад авчихсан зуу зуун номлогч нар эрүүл саруул, бодит шинжлэх ухааныг монгол хүний оюун санаанаас арчих гэсэн мэт үг сургааль айлдаж , үйл ажиллагаа явуулдаг болж. Гадныхан байгалийн баялаг руу маань улангасан дайрч байгаа энэ цаг үед бид бас өөр нэг дайралтын бай болж байна. Гадныхны энэ дайралтын бай бол бидний сэтгэлгээ, оюун санааны ертөнц, цаашилбал үндэсний ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйл маань.
Эрүүл саруулаар сэтгэн, эргэлзэж, ул үндэстэй, баталгаа нотолгоотой, тунгаан бодох чадвараа алдвал бид малаас дор мал болно! Чухам үүнийг л улс төр, эдийн засаг, оюун санааны түрэмгийлэгчид хүсдэг.
3. Шашин бол Оюун санааны боолчлол
Мухар сүсэгт автагдсан хүн өөрийн ухаангүй болдог. Айдас хүйдэс, сэтгэлийн дарамт тэр хүнийг эрүүл саруулаар сэтгэх, тунгаан бодох чадваргүй болгодог. Нэг ёсондоо бөө, лам, прийст, номлогч юу гэнэв түүнийг л дагана. Энэ бол сэтгэл оюуны хувьд зэрэмдэглэгдсэн, боолчлогдсон хүн юм. Бусдад захирагдах, бусдад дагаар орох, өөрийн хувь заяаг бусдад даатгах, өөртөө итгэх, оюун ухаандаа итгэх итгэлээ алдсан хүн юм. Бие өвчтэй хүн эмчийн зөвлөлгөөнийг дагах нь зүй. Харин домч, хараалч, зүхээч, зөнч, прийстүүдийн зааврыг дагавал ёстой нөгөө нохойн замаар орно гэдэг л болно. Ийм хүмүүсийн үгээр орж тэдний хий гэсэн болгоныг хийж мөнгө төгрөг, сэтгэл оюун, амь насаараа хохирох явдал монголд ердийн зүйл болжээ. Хүмүүсийн өвчин зовлон, сэтгэл санааны байдал дээр тоглох замаар ашиг хонжоо олох явдал монгол лам нарын баяжих хөлжих гол арга нь болж. Баяжиж хөлжөөд зогсохгүй, хүмүүсийг эрхшээлдээ оруулах, шашин хийгээд улс төрийн хувьд хүч нөлөөтэй болох, нэр алдар олох, лам-од болох өвчин газар авчээ. Гадныхан ч монгол лам нарын гол өрсөлдөгч болж манайхныг оюуны хувьд боолчлох, хүссэнээрээ хөтөлж байх оролдлогоо үргэлжлүүлсээр, өргөжүүлсээр байна.
Энэ нь тэдний монголд хэрэгжүүлэх улс төр, эдийн засгийн бодлогын бүрэлдэхүүн хэсэг болон орж ирж байна.
Чухам үүнийг л манай Галаа хэлэхээр зориглосон хэмээн би хувьдаа ойлгож байгаа. Нэг үгээр хэлбэл Монголчууд өнөөдөр улс төр эдийн засгийн элдэв дайралт хадлагад өртөхөөс гадна оюун санааны хордуулалт, гадна дотны шашин, мухар сүсэг, үзэл суртлаар хордож эхэлжээ!
Яг л архи үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа шиг мухар сүсгээр нийгмийн сэтгэл зүрх хордож, үзэл сурталжсан үеийн комплексоосоо салаагүй сурталчилгааны сэтгүүл зүй үүн дээр нэрмээс болж байна гэсэн Галаагийн бодолтой санал нэг байгаагаа уншигчиддаа хэлэх гэсэн оролдлого минь энэ ээ.
Хүчтэй зоригтой хүнээс өөрсдийнхөө бүдүүлэг байдлыг шудрага сайн чанар, төөрөгдөл, мухардал, мангар байдлаа ухаалаг оюунлаг байна гээд ойлгочихсон хүмүүс айдаг нь үнэн, айгаад зогсохгүй ар нуруунаас нь нулимдаг, хараадаг нь бас үнээн.
Гэхдээ Монголчуудыг маллаж, мангартуулах тийм ч амар биш шүү! гэдгийг хараалчид, шашинд дөрлүүлсэн, тархиа угаалгаж тамын тухай үлгэрт итгэдэг болсон гэнэн тэнэг “гаруудад” дахин нэг сануулах байна!
Монголчууд оюун санааны тусгаар тогтнолоо үеэс үед, үрээс үрд хамгаалсаар ирсэн, хамгаалах ч болно оо!
З. Эрдэнэбат ( ХБНГУ)
Холбоотой мэдээ
Comments are closed.