Монголд хууль дүрэм нарийн чанд мөрдөгддөг байсан бол өнөөгийн УИХ-ын нэгэн гишүүнд сонгогдох нь бүү хэл нэр
дэвших ч боломж олдохгүй байлаа. Тэр бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан.Түүний магистрын диплом хуудуутай болохыг тогтоосон Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын дүгнэлт 2008 оны сонгуулиас хэдхэн хоногийн дараа гарч байв. Долдугаар сарын 1-ний үймээнд дарагдаад сүр дуулиан болоогүй ч тухайн үед Г.Баярсайханыг гишүүнээс нь эгүүлэн татахад хангалттай баримт байлаа. АУИС-ийг бакалавр зэрэгтэй төгссөн нь үнэн. Харин магистрын диплом нь хулхи байж.
“Шударга сонгууль” төрийн бус байгууллагын хүсэлтээр улсын байцаагчид АУИС-ийн архивыг шүүж байхдаа эрхэм гишүүн бакалаврын диплом дээрх зарим хичээлийн дүнг засаж сайжруулсан байсныг ч олж тогтоосон юм. Мөн түүнтэй ойролцоо нэртэй нэг ч хүнд магистрын зэрэг олгосон гэдгийг батлах үг үсэг тус сургуулийн захирлын тушаалаас олдоогүй байна. Ийм л паян тээсээр Чингэлтэйчүүдийн төлөөлөл болон парламентад суусан тэрбээр газрын наймаа, визний асуудалд ч нэр холбогдож явсан нэгэн. Визний асуудлаас үүдсэн Америкт зорчихыг хориглосон хар тамга насан туршид нь хүчинтэй гэгддэг.
Дипломтой холбоотой таагүй дурсамжаасаа болоод ч тэрүү эрхэм гишүүн мэргэжлийн чиглэлийн хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ордоггүй юм билээ. Энэ салбарын талаар дуу хоолойгоо хүргэхдээ ч харам. Харин тэрбээр байгаль орчны сэдвийг сонгуульд нэр дэвшсэн цагаасаа эхлэн барьж авсан. Эмч мэргэжлээ экологич хэмээх алдараар сольсны учир нь мөн л дээрх адал явдлаас үүдэлтэй байж болох юм. “Экологи” ХХК-ийн захирлаар ажилласан, Монголын экологийн зөвлөлийн тэргүүн гэдгээс өөр ажлын туршлага түүнд байхгүй. Нэгэн үе ИЗН-д харьяалагдаж явсан Г.Баярсайхан АН-д урваж, бүр цаашилбал парламентын сонгуульд нэр дэвших эрх яагаад өвөртлөв гэдгийг сониучирхвал бас л сонирхолтой логик гарна. АН-ыг анх байгуулагдахаас эхлээд хөлс хүчээ харамгүй зориулсан зарим хүн нэр дэвших нь байтугай хурган дарга болох мөрөөдлөө ч биелүүлж чадаагүй яваа. Гэтэл олонд танигдаагүй мань хүнийг кранаар суга татан дэвшүүлсний цаана томоохон ашиг сонирхол нуугдаж байгаа гэж дүгнэхээс өөр аргагүй. Өөр намаас бараа болж ирсэн бүхнийг АН нэр дэвших тасалбараар урамшуулахгүй нь мэдээж.
Харин төрийн албанд ганц ч жил зүтгэж үзээгүй Г.Баярсайханыг УИХ-д зүтгүүлэх болсны учир нь яах аргагүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбогддог. Тэдний хоорондын өгөө аваа сонгуульд түүнийг хөтлөн гарч ирэхээс аргагүйд хүргэжээ. За ямар ч гэсэн тэр сонгуульд нэр дэвшсэн, одоогийн Ерөнхийлөгчтэй хамт Чингэлтэйчүүдийг төлөөлөхөөр УИХ- д сонгогдсон. Намын даргын гараас лавхан гэгч атгасан Г.Баярсайхан гишүүн болсноосоо хойш нам дотроо байр сууриа олохгүй хэсэг мунгинасан юм даг. “Эрдэнийн хувь” фракцад хэсэг саатав. Залуу гишүүдтэй дөрөө харшуулах гэж үзэж тарав. Ахмадуудтай шадарлах гэж бас л хичээв. Нэг л болсонгүй.
Харин эцэст нь энхрий хайрт Ерөнхийлөгчийнхөө байр суурь, үзэл бодлыг нам дотор төдийгүй УИХ-д түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулахаар шамдах болжээ. Гишүүн болсныхоо дараа Өршөөлийн тухай хуульд хамтран санаачлагчаар оролцсон нь үүний нэг илрэл. Намаасаа түдгэлзсэн Төрийн тэргүүн намтай холбоотой асуудлаа тэр болгон ил илэрхийлээд байх боломжгүй. Тийм болохоор Г.Баярсайхан мэтийн өөртөө үнэнч фэнүүдээрээ дамжуулан бодлогоо олон нийтэд хүргэж байна. АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргахыг илтэд хатгаж, өдсөн байр суурийг Н.Алтанхуягийн зүг шидэлж, АН “унтаж байна, өртөөн дээр морио сольё” гэх үгс түүний амнаас гарч байв. Оны дараа “Шонхор” фракц байгуулж, мөн л намын даргатайгаа үзэж тарахаа илэрхийлсэн тэрбээр “Хүний бие, организмтай зүйрлэвэл АН одоо зүрхний титэм судас нь нарийсжээ. Зүрх гэдэг хүний хамгийн чухал эрхтэн шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд АН 1990-ээд онд байгуулагдсан тэр эрчиндээ л өдийг хүрлээ” гэж нэгэн ярилцлагадаа хэлж байв. Титэм судас нь нарийссан намаас дахин нэр дэвших шаардлага түүнд бий эсэхийг мэдэхгүй юм. Түүний зарим ярилцлагыг уншихаар унаж, эдэлж явсан машиныхаа тухай ярих гэж л УИХ-д сонгогдсон юм шиг сэтгэгдэл төрдгийг нуух юун.
Эдэлж хэрэглэж явсан машинаараа сайрхах дуртай тэрбээр хэдэн онд аль улсын хэдэн төгрөгийн өртөгтэй машин унаж байснаа нэгд нэгэнгүй тоочихыг яана. Монголд орж ирсэн бүх жипийг унаж үзсэн, 2006 онд “Mercedes benz-s-550”-ыг 150 мянган ам.доллараар авсан л гэнэ, буудахад сум нэвтэрдэггүй армийн зориулалттай орос “Hummer”-ыг 120 мянган ам.доллараар авах санаатай л гэнэ. Хууль тогтоох үүрэгтэй хүн чинь юун машин тэрэг болоод явчихав аа гээд нэлээд сонгогч нь эгдүүцэж байсан юм даг. Машин ярьж бэл бэнчингээ гайхуулж байхаар Чингэлтэйн гэр хорооллыг хувийн хаус маягийн хороолол болгоно гэсэн том амлалтаа нэг санахад илүүдэхгүй байх аа. “Монголын улстөрд мод тарина” гэсэн уриа дэвшүүлсэн атал Чингэлтэйд тарьсан мод чинь хаана байна, модыг сэтгэлдээ биш хөрсөнд тарьдаг юм хэмээн сонгогчид нь түүнийг сурагласаар явна.
Г.Баярсайхан “Ногоон улстөр”- ийг түгээнэ гэж ярьдаг боловч туршлага, мэдлэгийн хувьд яах аргагүй цэл ногооноороо л яваа улстөрчдийн нэг. Түүний нэрийг сонсохоор хулхи диплом л санаанд буудаг юм гэж хүмүүсийн хэлдэг ортой. Тэрбээр УИХ дахь Ёс зүйн дэд хорооны даргын хувиар ёс зүйгээ зөрчсөн гишүүдэд “ухамсрын шанаа өгөх” тухай ярьсан. Уг нь эхлээд өөртөө ухамсрын шанаа өгчихөд буруудахгүй биз ээ.
Н.Цэцэрлэг unen
Холбоотой мэдээ
Comments are closed.