antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 16, 2012 Comments are off

Барууны соёлыг түгээж явсан “бөбө”-чид

нийтлэсэн Admin

Цаг наашлаад сайхан байх шиг байна, тэдэнд.  Хавартай амьд мэнд  зол­госон болохоор. Гар нь бээрч, хөлөө хөл­дөөчих шахахгүй бүгд хаа дуртай газраа зуу татаж, нар бараадан унтаж байна. Хэн нэгнийгээ хөлдөж үхэх вий, хонох газаргүй яана гэх айдас, бодолгүй урт модон сандал дээр дугжирч байна.

Нийслэлд “Наран­туу­лын”, “Хархорингийн”, “Дэнжийн мянгын”, “Бар­сын”, “Урт цагааны” гээд л дүүрэг бүрт “бөбө”-чид байдаг. Эдний дундаас хуучнаар Урт цагаан буюу одоогийнхоор Жуулч­­ны гудамжны “бөбө”-чид их сонин замаар энэ амьдрал руу орсон байдаг юм. Тэдний ихэнх нь соц нийгмийн үед  мандаж явсан “га­рууд”. Сэхээнтэн гарал­тай айлын дээд боловс­ролтой хүүхдүүд. ОХУ-д сургуульд сурч, барууны соёлыг Монголд анхлан нэвтрүүлж, хятад, орос барааг гахай, гахайгаар хил дамнуулан зөөсөн наймаачин ч тэдний дунд бий. Чанамал жийнс, “Сээгий” малгайгаар бас тэдний үеийнхэн л ган­гарч явсан. Бас болоогүй ээ “Туул”, “Улаанбаатар” гээд тухайн үедээ мөн­гөтэй хүмүүс ордог  рес­тораны үйлчлүүлэгчид ч тэд байсан. Хүн бүр тэд­нийг хүндэлж, бахархан ярьдаг байсан амьдрал ард хоцорчээ. Тэгж амь­дарч асныг нь гэрчлэх юу ч тэдэнд үлдсэнгүй. Тийм амьдралтай явсан гэх нь мөрөөдөл, хийрхэл, үлгэр шиг хол сонсогдоно.

70-80-аад оны идэр залууст одоо зөвхөн өнөөдөр л болж байвал маргааш юу болох нь хамаагүй. Хямдхан архи, хоолны үлдэгдэл худал­даж авах мөнгө олчих юм бол амьдрал минь болж байна хэмээн бодож өдөр хоногийг өнгөрөөж байна. Тэдэнд гэр орон байхгүй. Ах, дүү хамаатан садан  найз нөхөд нь “танихгүй” болчихсон. Гэхдээ тэдэнд 1990-ээд он, түүнээс хойших он жилүүдэд “дагаж, ба­раад­сан” харь элгийн дүү нар бий. Тэдний нэг өдөр хэрхэн өрнө­дөг талаар сурвалжлахаар “Урт ца­гаан”-ыг зорилоо. Бямба гари­гийн өглөө байсан болоод тэр үү зорьсон газарт маань хүн бараг байсангүй.  Удал­гүй нэ­лээд халам­цуухан гурван хүн Урт цагааны баруун булан тойроод гараад ирлээ. Тэд цагаан шуудайгаа цүнх шиг үүрчээ. Шуудайн дотор нь шил, лааз байгаа болол­той. 50 гаруй настай бололтой нүүр ам нь шалбарчихсан нөхөр  “Яах вэ. Өлсөж  үхлээ. Та нар өчигдөр олигтой юм  үлдээхгүй  яасан юм. Хамаг юмаа гаргачихсан байх юм. Би та нарт муу санаатай бай гэж хэлдэг биз дээ. Одоо тэгээд хаанаасаа юм олох гээд байгаа юм бэ” хэмээн хамт яваа хоёр залуу­даа хандан бувтнана. Харин нөгөө хоёр нь “Багшаа  битгий тэг. Одоо угаасаа нөгөө хэд гараад ирнэ. Тэд нарыг юманд явуулаад болно.

Та одоо дандаа л сүржиг­нэж байх юм. Таны өнгөрсөн амьдрал бидэнд хамаагүй шүү” гэж эв дүй муутайхан дальтирч сонсогдов. Тэдэн дээр яваад очлоо. Мэнд асуутал өмнөөс том хараад юу ч дуугарахгүй зогсоод байв. Нэг нь “Яах гэж байгаан” гэж  байна аа.  Та нарын амьдралыг сурвалжилж явна гэтэл “За дүү, ах нар нь яг үхлээ. Бидний амьдралыг сурвал­жилна гэж юу байхав. Хэн ч сонирхохгүй. Цаад сонин хэвлэ­лээр чинь дүүрэн л “бөбөчид”, нийгмийн хог шаар гээд биччихсэн байгаа биз дээ. Тэндээс хараад биччихгүй юу. Гэхдээ ах нартаа 1500 төгрөг өгчих” гээд гар гэхийн аргагүй халтар сарвуугаа тосов.  Та хоёр яагаад энэ хүнийг багш гээд байгаа юм бэ хэмээн асуулаа. Нөгөө гуч гаруй настай болов уу гэмээр залуус “Өө манай ах чинь багш байсан байхгүй юу. 23 дугаар сургуульд арав гаруй жил багш хийсэн юм гэнэ лээ. Одоо харин бид нартаа багшлаад явж байна даа” гэв. Ингээд Барилгач­дын спорт заалны урд нөгөө хэд цугларч байгаа гээд явцгаалаа. Тэнд таван хүн иржээ. Бусад нь ирэх болоогүй байгаа аж. Хоёр эмэгтэй бас нэмэгдэж ирэв.  Ингээд арвуу­лаа болж аваад шуудайнд байсан юмаа цуглуулж гарлаа. Нийтдээ 23 ундаа болоод  шар айрагны лааз, Хараа, Ерөөл гэх мэт архины арав гаруй шилтэй болов. Нэг шил 50 төгрөг гэнэ. Харин лааз нь 20 төгрөг юм байх. Ингээд бүгдийг нь нийлүү­лээд бодоод 2000-аад төгрөг болох юм байна хэмээн нөгөө багш хэллээ. “За байз  яагаад ч хүрэхгүй нь дээ. Ходоод хоорондоо наалдах гээд хэцүү байна. Өлөн дээрээ архи уувал балрах байх аа. Та нар “Энэ дүүгээрээ “юм” гаргуул л даа гэх аж.  Тэд Мэргэжилтний 20-ийн авто­бусны буудлын хойхно байх “Урт гол” гэх цайны газар луу очлоо. Тэгснээ “Өө Батаа ирээгүй байна. За за архиа аваад ууж байя. Энд манай 40 мянгатын нэг хуурай дүү байдаг юм аа.  Баянхүү гэж өөрийгөө танилцуулсан залуу “Бага байхад нь атмануудаас өмөөрдөг байсан юм. Тэгээд л хоол ундны үлдэгдлээ өгдөг байхгүй юу” хэмээн ярилаа. Ингээд дэлгүүр лүү нэгнээ гүйлгээд архи авчруу­лаад задаллаа. Нэг удаагийн аягаар хоёр татаад л нэлээн халж байгаа бололтой элдэв зүйлс ярьж эхэллээ.  Ингээд өөрсдийгөө эх­нээс нь танилцуулав.  “Их дэлгүү­рийн арын байранд байдаг байлаа. Одоо амьдарч байсан байрныхаа хажуу талын траншейнд байна даа. Гэр орон байхгүй ээ. Болд гэдэг юм” гэлээ. Дараагийн хүнийг Чимид­базар, Сайханцэцэг, Баян­хүү, Тэгшээ, Баярт, Моогий, Мөөгий гээд нэг нэгээрээ нэрээ хэллээ. Тэднээс  “Та нар жинхэнэ 70-80-аад оны “Дөчин мянгат”-ынхан биз” гээд асуулаа.

МАНАЙ МУУ ЭНХБАЯРЫГ БАРИГДСАН ГЭЭД ХҮМҮҮС ЯРИАД БАЙХ ЮМ

Тэд “Өө тэгэлгүй яахав. Энэ хавийн хүүхдүүд. Хүний амьдрал гэж сонин шүү дээ. Энэ зогсож байгаа Баянхүү ах чинь 80-аад онд мандаж явсан байхгүй юу. Манай 40,50 мянгатынхан чинь хоёр хуваагдчихсан юм. Бид хэд архичин болоод бусад нь УИХ-ын гишүүд болсон” гээд инээлдэв. Тэгээд Баянхүү үргэлжлүүлээд “Манай энэ хавиас чинь Монголын шоронгийн овгорууд жинхэнэ атманууд ар араасаа төрсөн газар. Манай муу Энхбаяр баригдсан гээд хүмүүс яриад байх юм. Уг нь сайн хүн байгаа юм. Манай байрны хажуу талын байранд байдаг байлаа. Багадаа тоглож өссөн хүүхдүүд байгаа юм. “Туулай”  Баяр хараг­дахаа байж. (УИХ-ын гишүүн С.Баярыг хэлж байгаа юм сурв). Бага байхдаа кээт өмсчихөөд л гүйж явдаг хүүхэд байлаа. Их хурдан гүйнэ. Бас болоогүй их шартай. Хүн хүртэл хутгалж хаячихаад зугтааж байсан юм. Харин манай Үүл чинь жинхэнэ сайхан “гар” байсан юм. Тэгээд хүмүүжээд сайхан болчихсон доо. Хүүхэд насандаа тоглож байсан хүүхдүүд бүгд л улс төрийн том зүтгэлтэн болжээ.

Харин атаман гэсэн нэр зүүсэн бид л муу муухайгаар дуусч байна даа. Миний хуурай ах байлаа. Орост явж байгаад үхсэн Зуундарь гэж. Бас шар Нэргүйд алуулдаг Алдаржав гээд тэр үед тодорч байсан атмануудыг дагаж явдаг байлаа. Тэд хойноос янз бүрийн юм олж ирчихээд л  “Груп” Болд бид хоёр тэрийг нь хүмүүст  зараад л цагаан ороолт, хар польто өмсөөд л их л ганган амьтан явдаг байлаа. Тэгээд танхайрч шоронд явсаар байгаад л залуу насаа дуусгасан даа. Бид нар өдөр бүр л цөөрөөд байна. Энэ өвлийг ч хүндхэн давлаа даа” гэв.

“МАТЕМАТИКИЙН БАГШ БАЙЛАА”

Харин 23 дугаар сургуульд багшилж байсан  Б.Чимидбазар  “Ах нь одоо өнгөрч дээ. Багш мэргэжилтэй сайхан залуу л явлаа. Хүүхнүүд араас хуйлраад л. Ах нь баахан өрөнд ороод хамаг юмаа өгчихсөн юм аа. Тэгээд энэ амьд­ралаар арав гаруй жил амьдарч байна. Хэн ч тоохгүй. Зөвхөн хоолоо олж идээд архиа уугаад явж байна. Өмнө нь Математикийн багш хийгээд л явдаг байлаа шүү дээ. Барууны соёлыг дэлгэрүүлж байгаа юм гээд л жийнсээр ганга­раад л, омголон явж. Нөгөө “Тан руу нүүж явна” гээд киноны олон хүүхэдтэй хүүхэнд тоглодог Гэрлээ чинь бидэнтэй нийлээд л явдаг байлаа. Ойрд харагдахгүй байх чинь. Үнэндээ төр засаг биднийг хаячихсан. Монгол Улсын иргэний тооноос бараг хасчихсан. Хэрэг гарвал, тэр сонгууль энэ тэрд нь хэрэг болбол л ашиглах байх. Түүнээс биш бид хүний данснаас хасагдсан хүмүүс. Бичиг баримт ч алга. Тийм болохоор эх орны хишиг, элдэв халамжийн мөнгийг бодох ч хэрэггүй. Харин энгийн иргэд л биднийг тэжээж байна шүү дээ. Цайны газарт орохоороо хоолоо үлдээж, гудамжинд ундаа­ныхаа савыг хаяна. Тэр нь бидэнд хоол болж байгаа юм чинь” хэмээн ярив.

Тэдний ихэнх нь сэхээтэн гарал­тай айлын хүүхдүүд байсан юм байх. Эхнэр хүүхдээсээ салж, архи ууж явсаар ийн амьдарч байгаа нэгэн байхад цагийн сайханд өвөө, эмээгийн гар дээр  буянг нь эдэлж яваад энд ирсэн хүн ч байлаа.

Ингээд нөгөө хэд үдийн олзон­доо гарлаа. Орой 17 цагийн алдад Урт цагааны урд талын урт сандал дээр цугларах гэнэ. Тэд  “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоо  шил, лааз авдаг хүмүү­сээс хямдхан  архи авч уудаг юм байна. Харин цайны газруу­даас хоолны үлдэгдэл, шавхрууг гуйж, заримдаа 500 төгрөгөөр худалдан авч бор ходоодоо болгодог байна.

Ийнхүү хэсэг зогсож байтал тал тал тийшээ олзонд гарсан хэдийн ихэнх нь эргээд хүрээд ирдэг юм байна. Эхнээсээ урт модон сандал, плитан хашлага дээр тухлав. Нэг нэгнийгээ дэрлээд л унтах аж. Түрүүчийн юмандаа нэлээд ха­ламцсан болохоор хэсэг амрах гэж байгаа нь энэ аж. Харин олигтой “халж” чадаагүй нэг нь “Бос оо. Хамт явж ганц нэг юм олъё” хэмээн татаж чангаах харагдана. Тэндхийн гар дээрээс худалдаа эрхлэгчид, эртний бэлэг дурсгал худалдаал­даг павильоны эзэд тэднийг тоож байгаа шинж алга. Жаахан  ойртоод очвол “Цаашаа яв” гэх юм. Учир нь тэд энэ хавьд хорвоогийн бор хоногийг өнгөрүүл­дэг учир нутгийнхаа наймаачдаас юм туух нь ховор аж. Гэхдээ эгзэг болоод аз нь таарвал гар нь буцдаггүй гэх.

“НААДАХИЙГ ЧИНЬ АВАХГҮЙ”

Ийнхүү “бөбө”-чид унтаж бай­тал гурван залуу тэр хавийн аль нэг орон сууцны цэцэрлэгийн хашаа­ны сараалж төмрийг дамжил­чихсан хүрээд ирэх нь тэр. “Хөөе босоорой. Урд байрны хашааны төмрийг хусчихлаа. Хурдан очоод Төөмөөд өгье” гэв. Унтаж байсан нь сэрж, сэрүүн үглэж суусан нь огло харайн босож, төмрөө тушаа­хаар явцгаалаа. Тэгээд Бөмбөгө­рийн наахна байх төмөр авдаг газар очлоо. Төөмөө гэх дөч эргэм насны залуу “Наадахийг чинь авахгүй. Одоо хүмүүс нь хүрээд ирнэ. Та нарыг хулгай хийгээд энд өгдөг гэдгийг чинь мэднэ шдээ” гээд авсангүй. Хэсэг гуйж, царайчилж зогссоноо “Ахиж танайд юу ч тушааж байхгүй” гэцгээгээд тэндээс явцгаалаа. “MN-25 дугаар суваг” телевизийн байрны хажуугаар тойрч, хойд байрных нь ойролцоо байх хаягдал төмөр,  хөнгөн цагаан авдаг газарт таван мянган төгрө­гөөр өглөө. Тэгээд Урт цагаан руугаа эргэв. Тэд замдаа “Марал” гэх цайны газраас хоол авахаар нэгнийгээ гүйлгэв. Харин архиа бөөнөөрөө явж авсан юм. Ингээд урт цагааны урд талын орон сууцны хүүхдүүд тоглодог цэцэрлэг рүү орлоо. Хэсэг хугацааны дараа бүгд “тасарчихсан” юу болж байгааг мэдэх сөхөөгүй болжээ. Хоорондоо муудалцаж, нөгөө 11.00 цагийн алдад “Хиртэй ч гэсэн хувцсаа соёлтой өмсөх хэрэгтэй” хэмээн цамцан дээрх өвсөө гөвж зогссон эр  газар унтаж харагдав.

Э. ХҮРЭЛБААТАР

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car