Хүннү гүрний төрт улсыг Буриадад анх байгуулж байсан тул Улаан-Үд хотод сэргээн босгож байгаа тухай мэдээлэл гараад байна.
Түүхийн шар хуудаснаа Монголын анхны төрт улс нь Хүннү гүрэн байсан хэмээн мутарлан үлдээсэн байдаг. Тиймдээ ч монголчууд Монголын анхны тулгар төр Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Ийнхүү анхны төрт улсынхаа ойг тэмдэглэн эрийн гурван наадам хийж, кино, үзэсгэлэн мэтээр өөрсдийгөө хуурч байтал хил залгаа орос улс Хүннү гүрний хуучин балгасыг нутагтаа сэргээн босгож байна. Үүнийг нь ЮНЕСКО дэмжин тусалж байгаа болж таарлаа.
Мөн морин хуур, хөөмий гээд ардын урлагийг урд хөрш өөрийн өв соёл болгон ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Энэ бүгдээс харахад төрийн бодлого, улс үндэсний соёлын өв хаана байна вэ?
Уул уурхай, улстөрөөсөө хөндийрч чадахгүй эрх баригчид нь амбицаа дарж дийлэхгүй байх зуур хилийн цаана ийм л зүйл болж байна. Хүннү гүрний түүхэн хотыг байгуулж буй тухай мэдээллээс дурдвал,
“Эрт дээр үед Буриадын нутаг дэвсгэрт Хүннү гүрний хаант улсыг үндэслэн байгуулсан. ЮНЕСКО-гийн хосгүй хэмээн нэрлэсэн төслийг одоо энд хэрэгжүүлж байна. Хүннү гүрний хотыг Буриадын нийслэлд сэргээн босгож байна. Улаан Үдийн төвд зохих барилга байгууламж бүхий цайзад 17 га бүхий талбай олгожээ.
Хүннү гүрэн манай эрний 4-р зууны 70-аад онд олноороо нүүж, ард түмнүүдийн их нүүдэл гэгчэд шижим түлхэц үзүүлсэн билээ. Дайнч нүүдэлчин омог угсаатнууд Хойд Кавказын алан болон остгот, гот, славян, унгар-финний омгууд болон германчуудыг эрхшээлдээ оруулжээ. Аттил жолоодогчтой Хүннү улс Ижил мөрнөөс Рейн хүртэл налайж оршив. Жолоодогч нь 453 онд нас барснаас хойш хаант улс сүйдэж, хүннүнүүд бүлэг бүлгээр хуваагдаж, Балкан-Аппенин хойгуудад суурьшсан юм.
Хүннү гүрний хамгийн том хот Буриадын өнөөгийн нийслэлийн оронд байжээ. Эртний Сужа балгас Улаан-Үдийн хуучин суурь тавьсан хэмээн түүхчид үзэж байна гэж Хүннүгийн олон улсын сангийн дарга Олег Булутов оросын хэвлүүдэд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Мөн Хүннү гүрний хотыг төсвийн хөрөнгөөр барьж байгаа боловч ЮНЕСКО болон Дэлхийн эртний хотуудын холбооноос төсөлд идэвхтэй дэмжлэг үзүүлж байгаа” гэжээ.
Тэгвэл түүхэн сурвалжид Энэ үед Хүннү гүрэн хүчирхэгжилтийнхээ туйлд хүрч умардад Байгал нуур, урагш Хятадын цагаан хэрэм, баруун тал руугаа Түрэгстан, зүүн тийш одоогийн Ордос хүртэлх өргөн уудам нутгийг эрхшээлдээ оруулж чадсан юм. Одоогийн Хятадын нутагт тэр үед шинээр үүссэн Хань Улс Модун шаньюйд алба гувчуур барьж байсан төдийгүй хааны ургийн гүнжийг түүнд “яньжи” болгон өгч байжээ. Хүннүчүүд байлдааны тактиктаа одоогийн тусгай албадын нууц аргыг хэрэглэж байсан нь сонирхол татдаг. Модун шаньюй Хань улсаас ирсэн элчид өөрийн армийг үзүүлэхдээ зөвхөн сул дорой болон хөгшин настай хүмүүсээ харуулаад явуулсан жишээ бий. Модун шаньюй МЭӨ 174 онд таалал болсноос хойш 100 гаруй жил Хүннү нар Төв Азид ноёрхсон хэвээр байв. Манай эриний он тооллын эхэн, манай эриний өмнөх тооллын сүүл үед Хүннү гүрэн дотоодын тэрсэлдээн, гадаадын дайралт довтолгооны нөлөөгөөр умард, өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, өмнөд нь Хань улсад дагаар орж, өөр хоорондоо дайтах болсон байна. Одоогийн Монголын нутаг дээр байсан өмнөд Хүннү нар умардынхныгаа удаа дараа хиар цохиж, Хань улсын нөмөр нөөлөгт оршиж байсан ч жил ирэх тутам доройтсоор МЭ-ний I зуунд Дунху нарын эрхшээлд орсноор дуусгавар болсон юм. Харин умард хүннү нар өмнөдийнхөндөө бут цохигдон олон хэсэг болж тарж бутран, хөөгдөн нүүдэллэцгээсэн бөгөөд одоогийн Европт хүрч очсон Кангю аймаг хэсэг зуур хүчирхэгжиж өрнө дахиныг чичрүүлж байсан түүх бий хэмээн өгүүлсэн байна.
Гэтэл өнөөдөр манайд анхны төрт улсын түүхийг өгүүлсэн хот балгас, хөшөө дурсгал байна уу. Дэлхийн өв соёлынхон ирээд Чингис хааны чинь онгоныг үзье гэхээр Өвөрмонголын Ордост байгаа. Анхны төр улсын чинь балгас, хотыг үзье гэхээр Буриадад байгаа гээд сууж байх уу, Ё.Отгонбаяр сайд аа!
Ц.Ургамал www.times.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.