-СЭЖИГТЭН ЭЭЖТЭЙГЭЭ ХОЁУЛАА АМЬДАРДАГ БАЙЖЭЭ-
Хүү нь ээжийгээ олон удаа хутгалж хөнөөгөөд цогцсыг нь шатаахыг завдсан ноцтой хэрэг гарлаа. Хан-Уул дүургийн II хорооны нутаг “Нэхмэл”-ийн шар байранд уржигдар орой хүн амины хэрэг гарсан талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийнхан хэргийн газарт очиход сэжигтэн ээжийнхээ цогцсыг шатаахыг завдаж байхад нь саатуулсан байна.
ГЭР БҮЛИЙН ТААРАМЖГҮЙ ХАРЬЦАА ЭХ, ХҮҮ ХОЁРЫГ ӨСТӨН БОЛГОСОН ГЭВ ҮҮ
Хүү нь төрүүлсэн эхийгээ хөнөөсөн тус хэргийг гэр бүлийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй гэж эх сурвалж хэллээ. 19 настай хүү ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байжээ. Тэрбээр ойрын үед ажилгүй гэртээ байсан аж.
Ээж нь хүүгээ ажил хий, амьдралд нэмэр бол гэж шалснаас ойрын үед таарамжгүй байсан бололтой юм. Улмаар уржигдар орой ээжийгээ долоон удаа хутгалж хөнөөсөн байх юм.
Биднийг өчигдөр очиход талийгаачийн амьдарч байсан байрны хаалгыг лацадсан байлаа. Үүдэнд нь эмнэлгийн нэг удаагийн бээлий нэлээдийг хаясан байхыг бодоход хэргийн газрын үзлэгээс үлдсэн бололтой юм. Талийгаачийнхтай зэргэлдээх айлын эмэгтэй “Манайх нүүж ирээд удаагүй байгаа. Энд 40 орчим насны намхан эмэггэй, хүүтэйгээ амьдардаг байсан. Их л хөл хөдөлгөөнтэй, хүмүүс орж гарсан айл. Хүү нь дуугүй бололтой банди байсан даа. Нэг их хэрүүл, шуугиан гараад байдаггүй дээ. Өчигдөр орой л гэнэт баахан цагдаа нар бужигнаад эхэлсэн. Учрыг асуухад “Танд хамаагүй. Гэртээ ор” гэхээр нь айгаад сонирхоогүй. Сүүлд сонсоход хүн амины хэрэг гарсан гэсэн” гэлээ. Харин нөгөө талынх нь айл ойрд эзгүй байгаа аж. Дээд давхрынх нь айлын эзэн “Ямар айл байдгийг мэдэхгүй. Өчигдөр оройжин цагдаа нар бужигнаад сүйд болоод байсан. Одоо ч эргэлдээд л байна шүү дээ” гэв. Үнэхээр ч гурав, дөрвөн цагдаа хамгаалалтад гарсан байлаа. Тэд “Бид энэ байр руу ч орох эрхгүй хүмүүс. Ердөө л хамгаалалтад гарч байна” гэснээс өөрийг хэлээгүй. Тэд битүүхэндээ талийгаачийнд хамаатан садан танилууд нь ирэх эсэхийг анаж байгаа бололтой байсан.
“Нэхмэл”-ийн байрнуудын нэгдүгээр давхарт ерөөсөө айл байдаггүй. Дэлгүүр, гуанз гэх мэт үйлчилгээний газрууд өргөтгөл хийгээд авчихсан байдаг юм байна. Хоёр, гуравдугаар давхрууд ч нам жим, архи, бохирын нэхүүн үнэр ханхална. Байрны гадна цугласан архичид харин талийгаачийг сайн таньж байсан. Тэд “Их сайн хүн байсан юм хөөрхий. Дуутай шуутай, унд цайтай сайхан ч эмэгтэй. Хүү нь алчихлаа ш дээ, бурхан минь. Тэр тийм хэрэг хийхээргүй дуугүй л хүүхэд байсан даа” гэх мэтээр ярьцгаана. Тэдний ярьснаар талийгаач ах дүү, хамаатан гээд байхаар хүнгүй. Найз нөхдийнхөө дэмээр л явдаг байсан гэнэ. Энэ байранд олон жил амьдарсан гэнэ.
ЭЭЖИЙГЭЭ ХӨНӨӨСӨН ГЭХ ТЭР ХЭН БЭ
Талийгаач 45 настай байжээ. 26 настайдаа ганц хүү төрүүлсэн нь өөрийнх нь аминд хүрчээ. Тэрээр тодорхой ажил хийдэггүй байж. Ойр хавийнхан нь түүнийг нэлээд хэл амтай, хэлэмгий эмэгтэй байсан гэдгийг ярьж байсан юм.
Харин хүү нь 19 настай. Түүнийг О.Хонгор гэдэг. О.Хонгор дунд сургуулиа төгсөөд дээд сургуульд ороогүй. Цайны газар, бааранд аяга угаагч, цэвэрлэгч төдий ажил хийдэг байжээ. Гэхдээ нэг ажилд тэр бүр удаан тэсдэггүй. Хамгийн сүүлд Чингэлтэй дүүргийн нутаг дахь бааранд угаагч хийж байгаад ажлаасаа гарчээ. Ээж, хүү хоёр хоёулаа ажил хийдэггүй. Тэгсэн атлаа амьдраад байдаг тийм л айл байж.
О.Хонгорт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаад өчигдөр УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн гэнэ.
Цагдаагийн эх сурвалжаас болсон явдлыг тодруулахад “Одоогоор хэргийг нийслэлийн прокурорт танилцуулж байна. Мөрдөн байцаалтын ажил эхэлсэн байгаа. Сэжигтэнг хорьсон” гэлээ.
Ц.ӨРНӨХ Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
Холбоотой мэдээ
Comments are closed.