Улсын байцаагчид гэхээр л төрийн нэрээр луйвар хийж болдог хэрэг үү. Хариуцсан ажлаа умартан хаа сайгүй эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж энгийн иргэдийг дарамталдаг гаж тогтолцоо үүсчээ. Манай сонинд Баянзүрх дүүргийн оршин суугчид хандсан юм. Тэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажилтнаас болж амьдрах орчин, амьсгалах агааргүй болжээ.
Эх сурвалжийн мэдээллээр иргэдийн эрхийг зөрчсөн гэх энэ эрхмийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагч Г.Чинзориг гэдэг. Тэрбээр Баянзүрх дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зохиомж” дээд сургуулийн баруун талд “Толуна” эмнэлгийн хашаан дотор зөвшөөрөлгүйгээр барилга бариулжээ.
Энэ нь иргэдийн тав тухыг алдагдуулж, амьдрах орчинд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Тус барилга нь орон сууцны зориулалттай гэнэ. Гурван жилийн турш хэл ам хэрүүл тэмцэлтэй баригдаж буй барилгыг нураах “зүрхтэн” үгүй бололтой. Учир нь барилга захиалагч Мэргэжлийн хяналтын газрын ажилтан тэгэхээр хууль дүрэм үйлчилдэггүй аж.
Энэ эрхэм журам дүрмийнх нь дагуу барилга бариулсан бол иргэд ундуйцахгүй биз. Харин зөвшөөрөлгүй талбайд эрх дураараа авирлах нь иргэдийн эгдүүг хөдөлгөжээ. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар “Топуна” эмнэлгийг Г.Чинзоригийн эхнэр нь ажиллуулдаг гэх. “Нэг гэр бүлийн шунахай үйлдлээс болж оршин суугчид оюутнууд нар харахгүй байшинд агаар, салхи үзэхгүй суух дээрээ туллаа” хэмээн иргэд ярьж байна.
Хуулийг гууль болгодог явдал үүгээр дуусахгүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт гарчихаад байхад өнөөдөр барилгын ажлыг юу ч болоогүй юм шиг гүйцэтгэж байна гэдэг хачирхалтай. Тус актад дурьдснаар бол 2010 оны есдүгээр сарын 27-ний өдөр барилгын ажилд шалгалт хийжээ.
Шалгалтаар гүйцэтгэгч компани нь барилга угсралтын ажил эхлэх зөвшөөрөл аваагүй, батлагдсан зураг төсөлгүй, барилгын суурь нь шаардлага зөрчсөн байсныг тогтоосон байна. Шалгалтад навс унасан Г.Чинзоригийн барилгыг 2010 оны аравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн барилгын угсралтын ажлыг зогсоох дүгнэлтийг Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Эрдэнэсүрэн гаргасан байх юм.
Түүгээр ч үл барам “Топуна” компанийн захиалгаар баригдаж буй барилга Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газраас зевшөөрөл аваагүй аж. Мэргэжлийн хяналтын газрын 2012 оны гуравдугаар сарын 20-ны едрийн 07/613 тоот актад тус барилгыг буулгуулах шийдвэр гаргасан байна. Гэтэл өнөөх сурсан ааш дадсан зангаараа барилгын ажлыг үргэлжлүүлсээр буй гэнэ.
Мэргэжлийн хяналтын газрын гаргасан актад “Баянзүрх дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт, олон улсын бизнес, технологийн “Зохиомж” дээд сургуулийн баруун талд иргэн Г.Чинзоригийн захиалгаар баригдаж байгаа орон сууцны барилга угсралтын ажлыг шалгаж 2010 оны аравдугаар сарын 6-ны өдөр улсын байцаагчийн 07-208/376 дугаартай “Барилгын угсралтын ажлыг зогсоох тухай” дурьджээ.
Ингээд гүйцэтгэлийн шалгалтаар барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа нь илэрсэн учир ус барилгын цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлах тухай 2011 оны есдүгээр сарын 1-ний өдрийн 02/1694 дугаартай албан тоот бичгийг “Цахилгаан түгээх сүлжээ” компанид хүргүүлж зохих арга хэмжээг авсан боловч дөрвөн давхар хүртэл каркас цутгалтын ажлыг гүйцэтгэсэн байна. Өөрийгөө иргэн гэж далдалсан улсын байцаагчид Мэргэжлийн хяналтынхан анхаарлаа хандуулахгүй бол нэг л мэдэхэд толгой дээр чинь гарч таалагдсан газартаа барилга бариулаад байх вий дээ.
Үргэлжлэл бий…
Б.Чанцал
Холбоотой мэдээ
Comments are closed.