МАН-ын Ёс зүйн хорооноос гуравдугаар сарын 30-нд н хатуухан,шулуухан үгээ хэлчихдэг шударга гишүүдийнхээ амыг барих гэж сануулга болгож захидал хүргүүлсэн билээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хамгийн түрүүнд захидалд бичгээр хариу өгч, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгосон эрхээ хасуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Дараагаар нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн захидлын хариуг илгээжээ. Түүнийг нь бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол ардын намын ёс зүйн хороонд Хариу хүргүүлэх тухай
Намын ёс зүйн хорооноос 2012 оны гуравдугаар сарын 16-ны өдөр миний нэр дээр албан тоот ирүүлж, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр миний өгсөн ярилцлага, нийтлэлүүд намын нэр хүнд, эв нэгдэл, намын эрх ашигт сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа тухай мэдэгдэж, тайлбар ирүүлэхийг хүсчээ.
Монгол Удсын Үндсэн хуулиар иргэн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй байхаар хуульчилсан байдаг тул бусад хууль, дүрэм энэ хүрээнд үйлчлэх учиртай. Нөгөө талаар миний ярилцлага, нийтлэлүүдэд намын хагарлыг зохицуулж, эв нэгдлийг хангах, олон түмэнд нээлттэй, дотоод ардчилалтай нам байх асуудал хөндөгддөг болохоос намаа үгүйсгэсэн, нэр хүндийг сэвтүүлсэн зүйл дурдагдаагүй тул тайлбар өгөх үндэслэл олж харахгүй байна. Хэрэв тийм асуудал байгаа бол та бүхэн, нотолгоо, баримт гаргаж ирүүлнэ биз ээ. Харин намын удирдлагад багтаж яваа зарим хүн удаа дараа намаа илт үгүйсгэж, АН-гүйгээр улс орноо авч явахад хүндрэлтэй болсон гэх мэт ярилцлага өгч байгааг би шүүмжилж, намын нэр хүндэд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй байгаа талаар өгүүлсэн болно. Энэ мэт ноцтой асуудалд та бүхэн тайлбар гаргуулж авсан уу.
Ард иргэд маань төлөөллийн байгууллагаараа уламжлан төрийн үйл хэрэгт шууд оролцохоор хуульчилсан байдаг тул Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ миний бие цаашид ч эрхэмлэн сахиж, иргэд, улс орныхоо эрх ашиг, сайн сайхны төлөө үгээ хэлж, хоёргүй сэтгэлээр зүтгэх болно. Ард түмнийхээ итгэлийг авч Төр түшилцэх боломж олгосон намаа хагаралгүй цул, иргэддээ нээлттэй, тэдний итгэлийг хүлээсэн, тэдэнд үйлчилдэг “олон түмний нам” байлгахын төлөө жирийн гишүүд, дэмжигчдийнхэ , хамт байх болно.
Намаа шинэчилнэ гэж худал хашгирч албан тушаалд хүрэхээрээ амаа үдүүлдэг нэгэн би биш билээ. Хэлсэн үгэндээ эзэн байж, баримтлах зарчимдаа тууштай явахыг эрхэмлэж ирсэн. Намаа бодно гэдгийг намынхаа сул талыг нуун дарагдуулж, удирдлагадаа “сайхан байна” гэж тал засах явдал ч гэж бодохгүй байна. Алддаггүй хүн гэж байдаггүй шиг алдаа гаргадаггүй нам гэж байдаггүй биз ээ. Харин бага алдахын үндэс бол олон ургальч үзлийг уралдуулан олуулаа шүүн ярилцаж, зөвшилцөн шийдэх явдал гэж үздэг. Ер нь улс орон маань иргэний ардчилсан нийгэм рүү эргэлт буцалтгүй замнах болсон энэ цагт намын дотоод ардчиллыг хөгжүүлэх нь улс төрийн тавцанд олон жил оршин тогтнохын нэг хүчин зүйл байх билээ. Намын гишүүдийнхээ хэлсэн үг, хэвлэлийн нийтлэлийн хойноос хөөцөлдөж, цензурдаж яадаг улс төрийн соёлтой нам Монголын нийгэмд хэд байна. Өнөөдөр та бид хоорондоо хөндий харьцаж, бичиг шидэлцэж, хэмнэлдэн мэрэлцэж, бутарч хагарах нь хэнд ашигтайг эрхбиш нэг тунгаан бодох цаг болжээ гэдгийг эцэст нь та бүхэнд сануулах байна.
Харин энэ дашрамд, шударга ёс, зарчимч чанарыг намын үйл ажиллагаандаа эрхэмлэхийн тулд намын нэрээр албан тушаалд хүрчихээд эрхэлсэн ажилдаа эзэн болохгүй, элдэв асуудалд орооцолдон намын нэр хүндийг сэвтүүлж явдаг нөхдүүдтэйгээ харин намын Ёс зүйн хороо эхэлж хариуцлага тооцох шаардлага байгааг та бүхэнд сонордуулъя.
Холбоотой мэдээ
Comments are closed.