Америкийн агаарын тээврийн “JetBlue” компанийн Нью-Йорк-Лас Вегасын чиглэлд нислэг үйлдэж байсан онгоц Техаст ослын буулт хийжээ. Учир нь онгоцны ахмад 49 настай Клейтон Фредерик Осборн гэнэт дэмийрчээ. Уг хэрэг онгоц хөөрснөөс гурван цаг гаруйн дараа болсон байна. Зорчигчдын мэдээлснээр онгоцны багийн ахмад бүхээгнээсээ гарч, танхим дахь зорчигчидтой ярилцахыг оролдсон аж. Дараа нь бүхээг рүүгээ орохыг завдахад хаалга нь цоожтой байжээ. Ахмад нь нэг л биш байгааг анзаарсан хоёрдугаар нисгэгч түүнийг бие засах газарт оччихоод ир хэмээн гаргаад бүхээгнийхээ хаалгыг түгжсэн байж. Уурлаж бухимдсан ахмад бүхээгний хаалгыг нүдэж, онгойлгохыг шаарджээ. Тэрбээр танхим дундуур нааш цааш холхин “Ирак! Аль-Кайда! Терроризм! Бид унаж байна! “Мөргөцгөөгөөрэй” хэмээн хашгирч байсан гэнэ.
Онгоцны нэг зорчигч түүний энэхүү авирыг гар утсандаа буулгасан бөгөөд “Youtube”-д тавьжээ. Бичлэгт солиорсон ахмад “бөмбөг” хэмээн чанга хашгирч буйг харуулсан байна. Онгоцны үйлчлэгч бүсгүй ахмадыгаа тайвшруулж өгөөч гэж зорчигчдоос тусламж хүсчээ. Дөрвөн зорчигч түүнийг барьж хүлсэн байна. Тэдний дунд Нью-Йоркийн чөлөөндөө гарсан цагдаа байсан гэнэ. Азаар онгоцонд сууж явсан
Зорчигчдын дунд агаарын тээврийн ахмад байсан бөгөөд түүний ачаар онгоцыг Техасын Амарильо нисэх онгоцны буудалд газардуулжээ. Уг хэргийг мөрдөх ажилд Холбооны мөрдөх товчоо оролцож байна. Одоогоор онгоцны ахмадын солиорсон шалтгаан тодорхой бус байгаа аж. Дээрх хэрэг гарах үед онгоцонд 135 зорчигч байсан талаар “Sky news” мэдээлэв.
Д.Цэрэндолгор
Холбоотой мэдээ
Comments are closed.