antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2011 Comments are off

Эх орны хишиг ядуурлын төвшинг өсгөжээ

нийтлэсэн Admin

-Эх орны хишгийг тарааж эхлэхээс өмнө буюу 2006 онд Монгол орны ядуурлын төвшин 32 хувьтай байсан бол 2011 онд ядуурлын төвшин 39,2 болтлоо өссөн байна-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Мөнгөний бодлогын дэд зөвлөл”-ийн хурал МУИС-ийн “Дугуй танхим”-д боллоо. Энэхүү хуралдаанаар мөнгөний бодлогийн өнөөдрийн байдал, хэтийн төлөв, түүний эдийн засагт үзүүлж байгаа үр дүн зэрэг өргөн хүрээтэй асуудлаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж, олон нийтийн санаа бодлыг сонссон юм.

“Эх орны хишиг” суурь инфляцийг нэмэгдүүлжээ

Үндэсний статистикийн газрын судалгаагаар өнгөрөгч долдугаар сараас махны үнэ бага хэмжээгээр нэмэгдсэн үзүүлэлт ажиглагдаж байгаа бөгөөд судлаачдын үзэж байгаагаар он гартал махны үнэ буурахгүйгээр барахгүй, эргэн өсөх хандлагатай байгаа аж. Энэ оны эхний хоёр сард шүлхий болон бусад шалтгаанаар махны үнэ өссөн байсан ч гуравдугаар сараас эргээд буурсан байна. Энэ нь нөөцийн махны тараалт болон махны нийлүүлэлт өссөнтэй холбоотой үзүүлэлт аж. Харин өнгөрөгч долдугаар сараас эргээд өссөн байна. “Энэ оны эхний зургаан сарын байдлаар суурь инфляци өссөн үзүүлэлт гарсан. Үүнд бэлэн мөнгө тараах үзэгдэл шууд нөлөөлсөн. Энэ нь мах болон бензиний үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа” гэж Монголбанкны Мөнгөний бодлого судалгааны газрын захирал Д.Болдбаатар ярьж байсан юм. Эх орны хишгийг тарааж эхлэхээс бүр өмнө буюу 2006 онд монгол орны ядуурлын төвшин 32 хувьтай байсан бол 2011 онд ядуурлын төвшин 39,2 болтлоо өссөн байна. Өнгөрсөн хоёрдугаар сард инфляци тодорхой хэмжээгээр буурчихаад байхад Монголбанк мөнгөний бодлогоо хатууруулж эхэлсэн байна. Инфляци өсөх үзэгдэл ажиглагдаж  байгаа үед одоогийн байдлаар Монгол банк мөнгөний хатуу бодлого баримталж байгаа ажээ. “Инфляци буурчихаад байхад мөнгөний хатуу бодлого баримталсан нь нэг ёсондоо буруу зүйл л дээ. Гэхдээ даяаршиж байгаа энэ цаг үед эдийн засаг нь дагаад даяаршиж эхэлсэн. Дэлхийн зах зээл дээр инфляци маш хэлбэлзэлтэй болсон. Энэ нь манайх шиг жижиг орнуудад маш хүндээр нөлөөлнө” гэж Д.Болдбаатар ярьж байна. Эдийн засагчид ирэх жилд инфляци 13-15 хувьд хүрэх магадлал ажиглагдаж байгаа гэдгийг сануулж байгаа юм.

Дотоод зээл 64 хувь болтлоо өсчээ
Энэ оны эхний есөн сарын байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүн 12,2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Ингэж өсөх болсон шалтгаан нь гадаад мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой аж. Гэвч их хэмжээний гадаад мөнгөний нийлүүлэлтийг дагасан ДНБ-ний өсөлт нь эдийн засгийн халалтанд хүргэжээ. Энэхүү эдийн засгийн халалт нь эргээд хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлтөнд хүргэхэд нөлөөлнө гэж судлаачид үзэж байна. Харин гадаад мөнгөний нийлүүлэлт их байгаа ч дотоодын зээлийн хэмжээ 64 хувьд хүрчээ. Энэхүү 64 хувийн дийлэнх хэсгийг буюу 33,7 хувийг хувь хүмүүс, иргэдийн зээл эзэлж байгаа аж. Дэлхийн практикт хувь хүний зээлийг хамгийн тогтворгүй, маш түргэн хугацаанд хэлбэлзэж байдаг эрсдэлтэй гэж үздэгийг судлаачид хэлж байна. “Саяхан Хаан банкний нөхдүүдтэй ярьж суулаа. Малчдын зээлийн төлөлт ямаршуу байгааг асуухад эргэн төлөлт зогссоныг хэлж байсан. Юунаас болоод төлөхгүй байгааг асуувал УИХ-аар зарим малчдын зээлийг хөнгөлөх талаар яригдсан болохоор төлөлт зогссон гэхдээ бид ч бас дахин малчдын зээл олгохоо больсон гэж ярьж байсан. Ер нь энэ асуудлыг улс төржүүлж болохгүй юм л даа” гэж Д.Болдбаатар ярьж байсан юм.

Үнэ өсөх хүлээлт бий болжээ

Өнгөрсөн зургаа, долдугаар сард үүссэн шатахууны хомсдол болон хөрөнгийн дотогшлох урсгал зэрэг нь Монголын эдийн засагт үнэ өсөх хүлээлтийг бий болгожээ. Ялангуяа бензин, шатахууны хомсдол нь инфляци өсөхөд томоохон нөлөөлөл үзүүлсэн. Харин энэ байдлаас шалтгаалаад өнгөрөгч наймдугаар сард Монголбанкнаас бодлогын хүүг 0,25 хувиар өсгөсөн билээ. Инфляци өсч, үнэ өсөх хүлээлт үүсээд байсан яг ийм үед буюу энэ оны дөрөвдүгээр сард Монгол банк бодлогын хүүг 0,5 хувиар өсгөсөн байна. “Инфляцийн эсрэг арга хэмжээг бид чадах ядахаараа л авч байна харин энэ нь тэр бүр хангалтгүй байгаа гэж хэлнэ. Хэдийгээр бид инфляцийг хорь, гучин хувиар өсөхөөс хамгаалж байгаа ч тийм хангалттай байж чаддаггүй” гэж Д.Болдбаатар ярьж байсан юм.

Эдийн засаг уул уурхайгаас хамааралтай болж байна
“Монгол улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай болж байна. Уул уурхайгаас хэтэрхий хараат болно гэдэг бол монгол улсын эдийн засаг дэлхийн эдийн засагаас шууд хамааралтай болно гэсэн үг. Уул уурхайн бүтээгдэхүүн гэдэг бол дэлхийн зах зээлд хэлбэлзэж байдаг зүйл. Тэгээд үүнийгээ бүтээн байгуулалтанд биш халамжинд зарцуулж байгаа нь харамсалтай” гэж Монголбанкны мөнгөний бодлогын судалгааны газрын мэргэжилтэн Б.Даваадалай хэлж байсан юм. Газрын гүндээ асар их баялагтай мөртөө хамгийн ядуу орны тоонд орсон улсын нэг нь Сьерра-Лион ажээ. Дэлхийд алмазын олборлолтоороо тэргүүлдэг арван орны нэг хэдий ч баялагийн тэгш бус хуваарилалт, төрийн дээд албан тушаалтын авлига хээл хахуулийн хэтэрхий байдал зэрэг нь энэ улсыг ядуу орнуудын тоонд оруулахад хүргэжээ. Уг нь энэ улс 1970-аад оны эхнээс 1980-аад оны дунд үе хүртэл эдийн засгийн өсөлттэй явж байсан хэдий ч уул уурхайн олборлолтын дийлэнх хувийг халамжийн болон үйлчилгээний системд зориулснаар эдийн засаг нь доройтоход хүргэжээ.
Мөнгөний бодлогийн талаар хуралдсан өчигдрийн хуралд өнөөдөр төсвийн бодлогийн талаар, ирэх даваа гаригт эдийн засгийн өсөлт, бодит секторын бодлогын талаар хуралдана.

Б.Болорсүх

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car