Жилийн өмнө УИХ-ын ажилтан Ц.Жаргалсайхан гэдэг нөхөр улсын нууц материалыг гадаадын байгууллагад өгч, гадаадын тагнуулын агентад элссэн байж ч магадгүй байдлаар ял сонсож байв. Тэр үед зарим хүн эх орноосоо урвасан этгээдэд харин ч хөнгөн ял оноолоо гэж илтэд хилэгнэж байсан ч одоогийн “даяаршил” хэмээх ойлголт тэр этгээдийг яльгүй л алдаа гаргасан гэж үзэхэд хүргэж гэмт хэргийг нь зөөллөсөн юм.
Тэр үед гэмт хэрэгтний эцэг нь болох Д.Цахилгаан хэмээх буурал сууж яваа өвгөжөөр эр нулимс унаган хүүгээ өмөөрч байсан. “Миний хүү юм чинь тэр хэзээ ч эх орноосоо урвахгүй” гэх ухааны юм ярьж байгааг нь харахад мундаг эх оронч нөхөр байх нь ээ гэх бодлыг олон нийтэд төрүүлж байсан байх. Гэтэл энэ бүхэн нэг л биш болчих шиг ээ. “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэгчээр эх орноосоо урвасан Ц.Жаргалсайханы аав бас л ард түмэн, улс орноо зольж орхихоос сийхгүй нэгэн байж.
Энхтайван найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажилладаг түүнийг Монголын урдаа барьдаг дипломатчдын нэг гэж үзэх нь бий. Гэтэл тэрхүү урдаа барьдаг дипломатч нь дэлхийн улс орнуудтай элэгсэг харилцааг үүсгэж, найрсаг бодлого явуулах, бэхжүүлэх зорилготой Монголын ард түмний өмч хөрөнгөөр бүтсэн Ордныг хувийн компанид худалдаж орхисон.
Хуучин байр, хамаарагдах газартай нь шүү. Тэгэхдээ дандаа өнөө маргаашаа хүлээж буй хэдэн өвгөчүүлээр хань татсан нь учиртай байх нь. Үүнд нь Ардын жүжигчин хөгжмийн зохиолч, Ардын уран зохиолч гээд хөөрхий социализмын үеийн гар дээрээ гайгүй хэдэн зоос тавьж үзээгүй нөхдүүдийг багтаажээ. Тэдэнд Энхтайван найрамдлын ордныг зарах эрх үгүй боловч эрхээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан нь сонирхол татдаг.
Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай дэлхийн хамгийн хаалттай шоронжсон орон болох Ардчилсан Солонгос улс ба Монгол улсын хооронд найрамдлын зам тавьж явсан хүн гэнэ. Гэтэл тэр цаг нэгэнт улирч социализм нас бараад хорь гаруй жил болж байхад Энхтайван найрамдлын ордонг зарахад гарын үсэг зурж 30 сая төгрөг аваад харьж л байдаг Д.Цахилгаан гэдэг хүн тэнэг биш юм.
Энэ хэдэн өвгөн л социализмын үеийнхээрээ зүтгэж байгаад шийдвэр гаргасан гэж мэлзэх биз. Тэгээд бас удахгүй бурхны оронд очих нь тодорой тул хөен хэлэлцэх хугацаа хийгээд эзэн холбогдогчгүй хэрэг болно хэмээн тооцоолсон ч байж болох юм. Юутай ч эх орноосоо урвагчийн эцэг бас л ард түмнээсээ нүүр буруулсныг Ж.Гүррагчаа баатар шүүмжилж байна.
Сүүлийн үед байшин эзэмшдэг моод дэлгэрээд байгаа. Монгол Бөхийн өргөө Р.Нямдорж гэдэг хүн эзэмшээд авчихсан. Шавар арслан шиг л манаж, арай шавар биш болохоороо ойртсон болгоныг хазаж хэмхэх нь холгүй архирч хүрхэрч байгаа. Энэ бол зүүн дөрвөн зам дахь асуудал. Харин баруун дөрвөн замд Д.Цахилгааны “цахилгаан луйврын” төлөвлөгөө хэрэгжжээ. Уг нь цахилгаан дайны төлөвлөгөө гэж хэлэгдэж яригддаг цаг байсан сан. Харин өнөө од болсон энэ хоёр “бөх” бас тэгээд Говь-Алтайнх гэж байгаа.
Т.Содном
Эх сурвалж: “Болсон явдал” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.