“Гурван охин” хамтлагийн дуучин Х.Анутай хийсэн ярилцлага.
-“Жинхэнэ хайр” нэртэй цомгийн чинь дуунууд хайрын тухай өгүүлдэг шүү дээ. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хайр гэдгийг мэдрэх тэр мөч хүний хамгийн сайхан аз жаргал байдаг болов уу. Дуулж байгаа дуунаасаа хүртэл хайрыг мэдрэх гоё л байдаг. Заримдаа дуугаа сонсоод “Хайр гэдэг үнэхээр гайхамшигтай юм аа” гэж боддог шүү.
-Анхны хайрыг бүтдэггүй гэж яриад байдаг. Тохиолдож байв уу?
-Тийм ээ. Анхны хайр бүтдэггүй гэдэг яриа нөлөөлсөн ч юмуу, эсвэл надад тэгж тохиолдсон ч юмуу, ямар ч байсан хайр маань бүтээгүй л юмдаг. Анхны юм бүхэн сэтгэлд тод үлддэг болохоор мартагддаггүй юм.
-Дурлал, хайр ялгаатай юу?
-Амттанд дурлах гэж байдаг болохоос амттаныг хайрлана гэж хэзээ ч байдаггүй. Ингээд бодохоор ялгаатай байгаа биз. Сэтгэл татагдан, шохоорхохыг дурлал, харин амьдралын утга учрыг ойлгоод, хайртай хүнээ зүрх сэтгэлээрээ хайрлаж, аз жаргалтай байхыг харах нь хайр болов уу.
-Чамд аав ээж, сайхан найз нөхөд байна. Заримдаа үүнээс өөр зүйлийг хүсдэг үү?
-Заримдаа юуг хүсээд, юунд дурлаад байгаагаа мэдэх гэж зүрх сэтгэлээ чагнаж, дотор хүнтэйгээ ярилцдаг. Тэгээд хэн нэгнийг хайрлах мэдрэмж үгүйлэгдэж байгааг мэдэрдэг юм.
-Дотор хүнтэйгээ зөрчилдөх тохиолдол зөндөө л байдаг. Зөвлөх тусам зөрөөд байх сэтгэл ч бий.
-Би дотор хүнээ хамгийн сайн зөвлөгч минь гэж боддог. Зөвлөснөөр нь явахад нэг их бурууддаггүй.
– Ээж болох мөчөө сэтгэл догдлон хүлээдэг үү?
-Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, баяр баясал шүү дээ. Жаахан хүүхэд харахаар өөрийн эрхгүй хайр хүрдэг. “Хэзээ би ийм хөөрхөн хүүхэд тэврээд ээж болчихсон сууж байх болоо” гэж сүүлийн үед бодоод байх болсон.
-Эмэгтэй хүн нөхөр болох хүнээ ааваараа төсөөлж боддог гэдэг дээ.
-Аав маань гэр орондоо сайхан уур амьсгалыг бүрдүүлж, баяр баясал, аз жаргалыг бэлэглэж чаддаг. Багадаа аав шигээ нөхөртэй болно гэж боддог байсан бодол маань одоо ч хэвээрээ. Хааяа ажилсаг занг нь харахаар энэ бодол нэг л дотно санагддаг юм.
-Сайхан хайртай учирвал…
-Сүүлийн үед алдахгүйн төлөө тэмцэх хэрэгтэй юм байна гэж бодоод байх болсон шүү. Ирээдүйн хань болох залуу маань эмэгтэй хүнийг ойлгож чаддаг, аливаад хүлээцтэй, ухаалаг ханддаг байгаасай.
-Бодоод байхад хайранд буруу байдаггүй ч юм шиг.
-Магадгүй. Хэдийгээр нөхөрлөхөө больсон ч би найз залуугаа буруутгадаггүй ээ.
-Сайхан залуу зөрөөд өнгөрөхөд эргэж хардаг биз?
-Санаа зовоод, нэг их хардаггүй ээ.
-Эргэж хардаггүй хүн хамгийн тэнэг гэдэг үг байдаг даа.
-Өө, үүнийг чинь мэдэж авмаар үг байна. Тэгвэл би хамгийн тэнэгт тооцогдох нь ээ.(Инээв)
-Аав, ээжийнхээ захиж хэлсэн үгийг санаж явдаг уу?
-Ээж минь “Миний охин хүнд битгий муу санаарай. Сайхан сэтгэлтэй, өөдрөг бодолтой явахад ажил үйлс чинь бүтэж, үр хүүхэд тань өөрийн чинь буянг эдэлж амьдарна” гэж хэлдэг. Аав маань сүүлийн үед “Ямар ч ажил ихтэй байсан гэртээ хооллож байгаарай. Гэр орондоо дулаан уур амьсгалыг бүрдүүлж амьдарна гэдэг сайхан шүү дээ” гэж захиад байх болсон.
-Амьдрал заримдаа амтат жүрж, заримдаа гашуун давс шиг санагддаг уу?
-Амьдралыг би баян гэж ойлгодог. Тийм болохоор жүрж ч бай, давс ч бай, амталж, мэдэрч амьдрахыг хүсдэг.
-Хэвлэлээр янз бүрээр бичүүлээд байхаар сэтгэлээр унах үе байна биз?
-Огт үндэслэлгүй, худлаа зүйл санаанаасаа зохиогоод бичсэнийг уншчихаад, заримдаа уур хүрээд, бухимдаж уйлдаг байсан. Өөрийгөө хэзээ ч муугаар хэлүүлж үзээгүй хүмүүс хүнд муу муухай үг ямар хүндээр тусч, сэтгэлийг нь хямраадгийг биеэрээ мэдрээгүй болохоор ойлгодоггүй байх л даа. Биднийг муугаар хэлж, бичиж байгаа хүмүүс өөрсдөө над шиг охин дүүтэй, бас хайрладаг бүсгүйтэй байгаа. “Хэрвээ таны ээж, эгчийг ингээд биччихсэн байвал ямар санагдах вэ” гэж хэлмээр санагддаг. Би ч гэсэн бусдын адил аав ээж, ах, эгч, дүүтэй. Тэднийхээ сэтгэлийг эмзэглэх вий гэж боддог.
-Хааяа орилмоор, хашгирмаар санагдана биз?
-Сүүлийн үед сонин уншихаас дүргүй хүрээд байдаг болсон. Сэтгэл эмзэглэж зовж, шаналж байснаас огт уншихгүй, өөрийнхөө хийх ёстой зүйлээ бодоод явж байсан нь хамгийн зөв арга юм байна.
-Зан чанараа үнэнээр нь тодорхойлооч.
-Зөөлөн сэтгэлтэй хэрнээ хамгийн хатуу хүн байж магадгүй. Ямар ч үед өөрийнхөөрөө байхыг хүсдэг.
-Уурлаж бухимдвал..
-Үргэлж инээдэг амьдрал гэж хаа байх вэ дээ. Хүн л юм чинь уурлана, бухимдана, инээнэ, уйлна, гомдоно, баярлана. Дуугаа хураачихсан үед үг өдөөд, хатгаад байвал тэсэхгүй тэсэрнэ шүү.
-Яаж тайвширдаг вэ?
-Машинаа унаад, хөгжмийнхөө дууг чангалаад, хаа нэгтээ чимээгүй газар руу давхина. Хааяа нэг ганцаараа юм бодоод суух завыг өөртөө ингэж л гаргадаг.
-Ямар маркийн машинтай вэ, жолоо сайн барьдаг биз дээ?
-“Ниссан”. Хотоос гадагшаа гарсан үед бол 120 мильтэй давхина.
-Өөр мэргэжлээр суралцах уу?
-Ирэх намраас эдийн засгийн чиглэлээр суралцана. Алсдаа бизнест хөл тавина гэсэн бодол бий.
-Анхмаагийн тоглосон “Сая километрт” киног үзэв үү?
-Ажил төрөл амжуулах гээд ойрд жаахан завгүй байлаа. Удахгүй үзнэ ээ. Ямар кино болсон байна гээд хоёр найзаасаа асуухаар өөрөө үз гээд ярихгүй байгаа шүү. “Cross animatoin” студийн уран бүтээлчид хийсэн болохоор сайн бүтээл болсон байх аа итгэж байна.
-Та гурвын чамгүй хөдөлмөрлөсөн чинь цомгоос чинь мэдрэгддэг шүү.
-Цомгийнхоо уран бүтээл дээр бид анхаарлаа хандуулж, хичээж ажилласан. Хүмүүсийн сэтгэлд хүрсэн сайхан дуунуудыг зохиож өгсөн ая зохиогч, продюсер Б.Наранзун, Баярхүү, дуучин Д.Болд ахдаа маш их баярлалаа.
-“UBS music video awards” наадмаас хамгийн олон шагнал атгасан хамтлаг танайх л байсан.
-Өнгөрсөн жил шагналын хур асгарсан одтой, азтай сайхан жил байлаа. Үнэнийг өгүүлэхэд “Шилдэг стиль имиж”-ийн номинацид шалгарна гэж бодоогүй. Энэ номинацийг шалгаруулсны дараа дуулах ёстой байсан болохоор тайзны ард юмаа бэлдээд нэр дэвшиж байгаагаа ч мэдээгүй. Дуулах гээд гараад иртэл “Гурван охин” гээд зарлахад их гайхсан. Тайзан дээр гараад их сандарсан шүү. Сэтгэл догдлоод, юу ярьснаа сайн санадаггүй юм. Бид тэр их урам зориг, эрч хүчээрээ уран бүтээлээ хийж байгаа. Удахгүй залуу хүний эрч хүчийг харуулсан, цоглог өнгө аястай шинэ цомог гаргахаар зэхэж буй. Энэ ондоо багтааж тоглолт хийх зорилго тавьсан.
Г.Батцэцэг /mongolnews.mn/
Холбоотой мэдээ
Comments are closed.