antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2012 Comments are off

Орон сууц авахаар хөөцөлдөж байгаа иргэд чирэгдэл ихтэй байна хэмээн бухимдлаа

нийтлэсэн Admin

Бухимдсан иргэд ажилтнуудын ширээ сандлыг эвджээ.

-50 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙР ОЛДОХГҮЙ БАЙНА ГЭЦГЭЭВ-

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд материалаа бүрдүүлэхээр сунаж үхтлээ хөөцөлдөн бужиг­наж байна. Тэр дундаа Улсын бүртгэлийн ерөнхий газар өглөө­нөөс эхлээд хөл гишгэх зайгүй хүнтэй байх болж. Энэ хөтөлбөрт хамрагдахад ямар материал бүр­дүүлж, хичнээн шат дамжлага туулж байгааг сурвалжилсан юм.

Байр авах хүсэлтэй иргэдэд ОССК-аас хэд хэдэн шалгуур тавь­сан. Энэ шалгуурын нэг нь Монгол Улсын иргэн анх удаа орон сууц худалдан авч байгааг нотолсон үл хөдлөх хөрөнгийн архивын газрын түүх­чилсэн лавлагаа авчрах явдал юм. Анх удаа байр авч байгааг нотол­сон энэ лавлагааг авахаар иргэд Ул­сын бүртгэлийн ерөнхий газарт хэдэн өдрийнхөө ажлыг алдаж оочирлон зогсож байгаа гэх. Гэх­дээ бүтэлтэйгээс бүтэлгүй­тэх нь их байгааг иргэд шүүмжилж бухим­дацгааж байна. Учир нь өдөрт найм, есөн зуун хүнтэй өрсөлдөн дугаарлаж  байж авсан түүхчилсэн лавлагаа нь байр авах шаардла­гад нийцэх­гүй байгаа аж. Хөлсөө урстал гүйж хөөцөлдөөд бүтэлгүйт­сэн иргэд бухимдлаа илэрхийлж тус газрын цонхыг хагалж, ажилт­нууд руу нь дайрсан хэргүүд давтаг­дах болжээ. Өчигдөр иргэд тус газрын ажилтнууд руу дайрч үл хөдлөх лавлагааны хэсгийн цонхыг хагалж, ширээ сандлыг нь эвджээ. Энэ газраар энгийн өдөр 40-60 хүн үйлчлүүлдэг байсан бол өдөрт 880 гаруй хүн үйлч­лүүлж ачааллаа дийлэхгүй болоод байгаа гэнэ. Харин эдгээр хүний 70-80 хувь нь орон сууцанд амьдарч бай­гаагүй ч эцэг, эхийнхээ орон сууц­ны хамтран эзэмшигч, эсвэл аль нэг хүний нэр дээр байр авч, өгч бай­сан гэх мэт хариу сонс­чээ. Өөрөөр хэлбэл, орон сууцгүй хэр нь хамт­ран эзэмшигч гэсэн шалтгаанаар зуун мянган айлын орон сууцнаас хасагдаж байгаа аж. Ийм гомдол­той олон хүн байгаа ч одоогоор асуудлыг хүлээж авах газар олдохгүй байна. Тухайлбал, 45 настай иргэн С.Алтангэрэл огт орон сууцанд амьдарч байгаагүй. Харин түүхчилсэн лавлагаанд түүнийг хоёр настай байхад нь ээж, аав нь байрны хамтран эзэмшиг­чээр бүртгүүлж байсан байна. Тэрбээр энэ талаар мэдээгүй бай­сан учраас хэл ам хийж үзээд ч нэмэр болсонгүй.  Энэ мэт зөрчил­тэй маш олон иргэд байгаа юм. Нөгөө талаар иргэдийн уур бу­химд­лыг барж байгаа өөр нэг асуу­дал бол лавлагаа авах гэж олон шат дамжлага туулах явдал.  Анх удаа орон сууцтай болох гэж бай­гааг нь нотолсон лавлагаа авахын тулд энд гурваас дөрвөн газар дугаарлах аж. Хаанаас нь эхэлж, аль цонхон дээр очихоо мэдэхгүй толгой нь эргэсэн олон хүн байсныг хэлэх хэрэгтэй байх. Лавлагаа авахад, эхлээд Улсын бүртгэлийн газрын хажууд байрлах “Голомт” банкинд 5100 төгрөг төлж маягт авна. Мөн өргөдлөө бичиж, иргэ­ний үнэмлэхээ хуул­бар­лана. Ингээд маягт, өргөд­лөө бичээд иргэний үнэмлэхийн хуулбарын хамт лавлагааны цонхонд өгөх юм. Тэгээд лавлагааг 15 хоно­гийн дараа эргэж ирээд авах аж. Олон хоногийн дараа гарч байгаа шалт­гаан нь маш олон хүний бүртгэлийг нэгэн зэрэг шүүх боломжгүйгээс тэр юм байна. Нэг иргэний материалыг найман дүүргээр шүүж үзэж байгаа гэсэн. Одоогоор арав хоногийн дотор 4300 гаруй хүний маягтыг хүлээж авч, үүнээс 1000 орчим  иргэний лавлагааг шилжүү­лээд байгаа юм байна. Иргэн Л.Ууган­баяр “Ёстой хогийн ажил хийж байх юм. Байр өгнө гэдэг нь худлаа. Сонгуулийн шоу байна шүү дээ. Энэ шоунд нь ард түмэн бид итгэж л байдаг. Яаж ч хөөцөл­дөөд нэмэр болсонгүй. Хэдэн өдрийнхөө ажлыг дэмий алдлаа” гэв. Ингэж ярьсан олон хүн байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газ­раас иргэ­дийн урт дарааллыг багасгах зорил­гоор зарим нэг зохицуулал­тын арга хэмжээг авахаар төлөв­лөснөө дуулгалаа.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэг ийн тайлбарлалаа.

-Иргэд хэл ам гарган бухим­даж байна. Голдуу ямар гомдол ирж байна вэ?

-Иргэд бухимдлаа манай ажилт­нуудад гаргаж цонх хагалж ажилтнууд руу дайрах тохиолдол гарч байна. Ачаалал их байна. Өдөрт 880 гаруй хүн хандаж бай­гаа учраас одооноос эхлэн өдөрт 400 хүний лавлагааны материал  хүлээж авахаар хязгаар тогтоолоо. OССК-ийн шаардлагад анх удаа байр авах гэж заасан байгаа. Гэхдээ лавлагаа авч байгаа хүмүү­сийн нэлээдгүй нь эцэг, эхийнхээ орон сууцны хамтран эзэмшигч байгаа юм. Үүнээс болж бухимдал үүсээд байна. Цаанаасаа батлагд­сан журам учраас манайх энэ асуудлыг шийдэхгүй. Нөгөө талаар анхааруулахад, янз бүрийн арга хэрэглэж байгаа иргэд байна. Байраа өөр хүний нэр дээр шил­жүү­лэх, худалдах, хамтран эзэм­шигчээсээ татгалзан шилжүүлж байна. Ийм давхар ажил өөрс­дөдөө удаад ямар ч нэмэргүй. Түүхчилсэн лавлагаанд өмнө нь ямар нэгэн байдлаар байртай байсан л бол энэ мэдээлэл гарна гэдгийг онцгой­лон сануул­маар байна. Энэ лавла­гаагаар 1997 оноос хойш ямар нэгэн эд хөрөнгө бүртгэлтэй бай­сан эсэхийг нэг бүрчлэн гаргаж байгаа.

-Ачааллыг бууруулах тал дээр арга хэмжээ авах уу?

-Ачааллыг бууруулж, төвлөр­лийг сааруулах үүднээс хэд хэдэн арга хэмжээ авахаар ярьж байна. Өнөөдөр энэ асуудлаар хуралдаж байгаа. Маягтын материалыг онлайн хэлбэрээр авах, эсвэл дүүрэг бүр дээр иргэдийн мате­риалыг авч, үүнийг нь Улсын бүрт­гэлийн ерөнхий газар дээр  эргүү­лээд  татах зэрэг ажлыг зохион байгуулахаар хуралдаж байна.  Мөн “Голомт” банкин дээр мөнгө төлж маягт авахгүйгээр шууд цон­хон дээрээ мөнгө төлдөг болох зэргээр шат дарааллыг багасгах ажлуудыг зохион байгуулж эхэлнэ гэв.

Сонирхуулахад, олны хөлд дарагдсан энэ газар бал, цаас, “100 мянган айлын хөтөлбөр”-ийн тухай мэдээ, мэдээлэл нийтэлсэн сонин, сэтгүүл эрэлт ихтэй байв. Хаалга, шат болгон дээр бал, цаас худал­даж, бас “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн мэдээлэлтэй сонинг мянган төгрөгөөр борлуулж байлаа.

Улсын бүртгэлийн газраас гадна ОССК олны хөлд дарагдаад байна. Тус газар өчигдрөөс эхлэн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэ­дийн материалыг хүлээн авч бай­гаа юм. Өчигдрийн байдлаар ОССК 30 гаруй хүний материалыг авч шилжүүлсэн байв. Орон сууц авах материалаа бүрдүүлж өгч байгаа хүмүүсээс гадна бухимдсан иргэд ч их байна. “Байрны үнэ хэт өндөр байна. 50 сая төгрөгийн байр олдоно гэдэг үлгэр. Ямар зохицуу­лалт хийж байгаа юм бэ”, “Захиалга авах байр олдсонгүй. Бүгд захиал­гаа аваад дуусчихсан байна шүү дээ” гэх мэт асуулт тавьсан иргэ­дийн цуваа тасар­сангүй. Харин ОССК-аас хариуд нь “Манайх мэдэхгүй. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, агентлагаас нь очиж асуу” гэсэн тайлбарыг өгч байв. Зарим нь  “Барилгын компа­ниуд үнэхээр даварч байна. Орон сууцны үнийг хэт өсгөж, хөөрөг­дүүллээ. Саяхан л биднийг авраач гэж гуйж байсан бол одоо биеэ тоож гэдийчих юм. Орон сууцны үнийн өсөлтийг ОССК-ийн буруу мэтээр хүмүүс дайрч давшлах нь буруу. Манайх орон сууцны үнийг зохицуулахгүй шүү дээ”  хэмээн өөдөөс нь бухимдаж байв.

Х.ЦЭНД-АЮУШ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car