Тамирчин хүний тэр дундаа хатуу ёс жудагтай Монгол бөхийн гэргий , 4 хүүхдийг ээж, мэргэжилдээ үнэнч ажилтан гээд нэг хүн амжуулахад бэрх албуудыг маш амжилттай биелүүлж яваа нэгэн хатагтайн 6 жилийн өмнө өгч байсан ярилцлагыг танд хүргэе. Гэр бүлд бүсгүй хүний нандин мэдрэмж, мяндсан ухаан, зөөлөн сэтгэл хамгийн их үүрэг гүйцэтгэж, тэр хэрээр айл өнгөлөг, дулаан байдгийн тод жишээ бол Өсөхөө аврагынх хэмээн тэдний ойр дотныхон үнэлдэг. Ямар ч өө сэвгүй эрхэмсэг, зөөлөн бүсгүйгээс дээрх зан чанарыг би ярилцаж байхдаа олж харсан. Ажил хэрэг гээд тэр бүр хайхардаггүй орхигдуулдаг гэр бүлийн ухаалаг харьцаа, дотно уур амьсгалаас хамгийн том амжилт нь урган гардаг бололтой.
Таныг аврагын эхнэр гэдгээр нь уншигчид маань сайн танина. Харин та өөрийгөө танилцуулахгүй юу? Хаана ямар сургууль төгссөн, бага насаа хаана өнгөрүүлсэн бэ?
Би орос хэлний сургалттай 18-р дунд сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Хятад улсын Анагаах ухааны их сургуулийг уламжлалт анагаах ухааны чиглэлээр төгссөн. Дөрвөн хүүхэдтэй айлын бага нь. Бага насаа аав, ээжийнхээ хайранд бас цэцэрлэгээр хүмүүжиж өнгөрөөсөн
Аваргатай анх танилцаж байсан үеэ дурсвал сонин байх болов уу?
Бид танилцаад үндсэндээ 10 жил болж байна. Саяхан бичиг баримтаа ухаж байгаад харсан чинь 1996 оны 10-р сарын 10 нд гэрлэлтээ батлуулж байсан юм байна. Бид хоёр анх их сонин учралаар танилцаж байсан. Бид хоёрыг хоёуланг маань таньдаг ах ээжийн маань ажил дээр уулзах гэж ирээд байхад нь Өсөхөө машиныг нь харчихаад орж ирээд танилцаж байсан юм. Тэрнээс хойш 10 жил өнгөрчихөж. Одоо бид хоёр гурван хүүхэдтэй. Том нь “Эрэл” сургуулийн 2-р ангид сурдаг. Хоёр бага нь 147-р цэцэрлэгт хүмүүжиж байгаа. Нөхөр маань анх их ухаалаг хүн шиг санагдаж байсан. Миний тэр үед харсан нүд зөв байсан.
Гэртээ байхгүй үеэ байгаа үедээ тавьж байгаа халамжаараа нөхчихдөг
Таныг би гэр бүлийн хувьд маш өндөр карьерт хүрсэн бүсгүй гэж боддог л доо. Маш амжилттай барилдаж буй аваргын ар гэр, гурван хүүхдийг авч явахын зэрэгцээ мэргэжлийнхээ ажлыг хийгээд явж байгаа. Энэ бүхнийг нэгэн зэрэг амжуулах тийм ч хялбар биш байх, тийм үү?
Баярлалаа. Магадгүй миний хүмүүжилтэй холбоотой байх. Манай ээж их дайчин хүн л дээ. Юманд халширч, аливаа зүйлийг хүндээр тусгаж аваад байдаггүй. Энэ бүх чанарыг би ээжээсээ авсан. Анхны хүүхдээ төрүүлчихээд нэг ой хүрсэнийх нь маргааш Удирдлагын Академид сурахаар орж байлаа. Хүүхэд төрөөд эмэгтэй хүний ачаалал ер нь ихэдэнэ л дээ. Ажиглаад байхад ялангуяа бөх хүний ар гэр илүү их ачаалалтай юм шиг ээ. Бэлтгэлт сургуулилт гээд сар, хагас сараар яваад өгнө. Гадаадад тэмцээнд оролцоно гээд удаан хугацаагаар явна. Энэ бүх үед эмэгтэйчүүд л ар гэрээ авч явдаг.
Гурвөн хүүхэд гэдэг орчин үеийн жишигээр олон хүүхэдтэй айлд тооцогдоно. Ер нь бөхчүүдийн гэр бүл өнөр өтгөн байдаг юм шиг ээ?
Бөх гэдэг утгаараа удам залгах талаа бодно. Нөгөө талаар нөхрүүд ар гэртээ, хань ижилдээ халамж тавьж дотно дулаан уур амьсгал бүрдүүлж чаддагтай холбоотой. Ийм учир бөхчүүдийн гэр бүл өнөр байдаг биз. Манай хүн л гэхэд гадаад дотоододд тэмцээн уралдаанд явахдаа өдөр болгон утсаар ярьж, та хэд яаж байна, миний хүүхдүүд сайн уу, хоол ундаа тааруулаарай гэх мэтээр халамжлах жишээтэй. Хүүхдүүд шуугилдаад хэцүү байна гэхлээр “Өө, миний л хүүхдүүд ш дээ, миний хөгшин хичээгээрэй” гэх жишээтэй. Би дахиж хүүхэд төрүүлнэ л гэж бодож байгаа.
Бөх хүний гэргий байхын зовлон жаргал юу юм бол?
Ялалт ялагдал болгон ардаа их бага хэмжээгээр эрсдэл дагуулж байдаг. Дандаа амар хялбар юм гэж байхгүй. Тэмцээнд яваагүй үедээ өдөрт 1-2 удаа дасгал хийнэ. Жирийн хүн өдөрт 3 удаа хоол иддэг бол бөхчүүд 5 удаа хооллодог. Энэ мэтээр маш их зүйл зарцуулж байж амжилт гаргадаг. Хоёр хүн нэг зорилготой бие биенээ хүндэлдэг, ойлгодог байвал хүн ямар ч орчин нөхцлийг бий болгож сайхан амьдарч чадна гэж боддог.
Гэр бүлийн харилцааны асуудал хамгийн ээдрээтэй зүйл гэж би боддог. Таны туршлагаас харахад гэр бүлийн карьерт хамгийн чухал үүрэг юу вэ?
Ар гэрийн тайван, амгалан орчин гэж би боддог.Тэр утгаараа нөхрийгөө ядраад ороод ирэхэд чи яав, юу болсон гэхийн оронд илүү тайван байдлаар угтдаг. Бухимдаад, хөмсөгөө зангидаад орж ирэхэд нь чи яагаад ууралсан юм, юу болов гэж шалгаах тохиолдол ихэнхи гэр бүлд анзаарагддаг. Миний хувьд хэзээ ч ийм юм байгаагүй. Ороод ирэхэд нь өвгөөн цайгаа уу, хоолоо ид гэж угтдаг. Дээр нь эхнэр нөхөр хүмүүс юуны өмнө бие биедээ дээд зэргээр итгэдэг байх хэрэгтэй. Итгэлээс аливаа сайн сайхан бүхэн гардаг.
Та бол эмч мэргэжилтэй, аварага маань спортын талын хүн. Энэ утгаараа та хоёрын хооронд ямар нэг үл үйлголцол гардаг уу?
Мэдээж хоёр огт өөр орчинд өссөн хоёр хүний хуввьд эхний үед ойлголцохгүй, санаа нийлэхгүй асуудал их гардаг байсан. Гэр бүл болсны эхний хагас жил маш их аз жаргалтай өнгөрдөг. Хагас жилээс хойш өөрийн гэсэн проблем үүсч эхэлнэ. Яг энэ үед бие биедээ хүлээцтэй хандаж, чадвал цаашид гэр бүлийн амьдрал аз жаргалтай байж чадна.
Одооны залуучуудыг хараад байхад эхний үед сайхан хосууд байж байснаа хэсэг хугацааны дараа салцгаадаг. Үүний шалтгаан нь тэр кризисийн үе буюу хагас жилийн дараах хямралыг давж чадаагүйтэй холбоотой юм болов уу. Энэ үед гэр бүлд ямар уур амьсгал тогтоно, цаашид яг тэр зүй тогтлоор явдаг. Анх айлын бэр болоод ирэхэд манай хадмын талын олон хүүхдүүд байдаг байсан. Хорин хэдэн жил өөр орчинд өсөж хүмүүжсэн надад сонин нөгөө талаар хүнд байсан. Найз нөхөд, ойр дотныхоо хүнийг ажиглаад байхад яг тэр үедээ хэрэлдэж, уралцаад байвал тэр нь амьдралынх нь хандлага болоод тогтчихдог юм билээ.
Бөхийн удамтай гэр бүлийн бэр байх хэр вэ? Анх бэр болж ирж байхдаа хэр хөглөж байв?
Би анх бэр болж ирж байхдаа айлын бага, эрхи танхи өссөн, нэлээн хэдэн жил гадаадад амьдарчихсан, ерөнхийдөө монгол ахуй, гэрийн ажилаас нэлээн хол хөндий байсан. Бэр болоод жинхэнэ монгол ахуйд хөл тавьж байгаа нь тэр. Анхандаа гал тогоонд ороод юу хийхээ сайн мэддэггүй байлаа. Нөхөр маань маш их тусалсан. Хажууд ирээд “өвгөөн тэрийг тэгчихвэл зүгээр юм биш үү” гээд заах биш санаа хэлж байгаа маягаар хэлчихээд гараад явчихна. Би тэрнээс нь их юм сурсан. Гэр бүл гэдэг бие биенээ хүмүүжүүлж, дутуугаа нөхөж амьдардаг зүйл л дээ. Амьдралд сайн муу хоёр зам яг зэрэгцэж явдаг. Сайн ханьтай учраад сайн сайхан амьдарч яваад ялимгүй буруу алдаанаас болоод хажуугийнхаа буруу зам руу орох тохиолдол маш их байдаг. Тиймээс хүн их ухаалаг, ноён нуруутай амьдрах хэрэгтэй юм болов уу гэж би боддог.
Чинь сэтгэлийн яриа өрнүүлсэнд баярлалаа.
Ярилцсан М.Уранчимэг
2006 он.

