-ЭНЭ ЗҮЙЛ АНГИД ЗААСНААР БОЛ ТЭД 10-15 ЖИЛ ХҮРТЭЛХ ХУГАЦААГААР ХОРИГДОХ НЬ-
Олон мянган хадгаламж эзэмшигчийн мөнгийг хууль бусаар ашиглаж улсад 120 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх “Анод” банкны хэрэгт 20 гаруй хүнийг буруутган шалгаж байгаа билээ. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа саяхан дуусч өнгөрсөн сард прокурорт шилжсэн. Хяналтын прокурор хавтаст хэрэгтэй танилцаад зарим баримтыг нягталж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Ингэхдээ дээрх хэрэгт шалгагдаж буй Монголбанкны ерөнхийлөгч асан А.Батсүх, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ж.Ганбаатар нарыг яллагдагчаар татсан зүйл ангийг хүндрүүлэн өөрчилжээ. Тэднийг өмнө нь банкны эрх бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж байсан. Тэгвэл энэ удаа Монголбанкны ерөнхийлөгч асан А.Батсүх, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарт хамаарах зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 148-ын дөрөв болгон өөрчилжээ. 148 дугаар зүйл анги нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэжээ. Дээрх зүйлийн дөрөв нь 2008 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад нэмэгдсэн заалт юм байна.
148-ын дөрөвт зааснаар “Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн зохион байгуулалттай бүлэг, бүлэглэн үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг нь хурааж 10-аас дээш 15 жил хүртэлх ялаар шийтгэнэ” хэмээн заажээ. Хэрэв А.Батсүх, Д.Баярсайхан нар энэ зүйл ангиар шийтгэгдвэл эд хөрөнгөө хураалгаад зогсохгүй 10-15 жилийн ял эдлэх болж байгаа гэсэн үг юм. Мөн Монголбанкны Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ж.Ганбаатарын зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйл болгосон байна. Энэ нь албан тушаалтан албан тушаалдаа хайнга хандсан хэмээн буруутгаж буй хэрэг аж. 272 дугаар зүйлийн хоёрт “Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульд заажээ.
“Анод”-ыг нээлттэй хувьцаат компани болгоход олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг Санхүүгийн зохицуулах хороо нь хянах ёстой боловч анхнаас нь тус хорооны дарга Д.Баярсайхан Монгол Улсын олон хууль, журам, дүрмийг зөрчин “Анод” банк ХК болгох зөвшөөрөл олгосон нь өөрөө хянах чадваргүйгээр “Анод” банк ХК-ийн удирдлагын эрхшээлд орсон гэж үзэх үндэслэл болж байгаа аж. Ялангуяа “Анод” банкны хоёр дахь зах зээлийн арилжаа болох (1080 төгрөгөөс дээш) хувьцааны борлуулалтын эрхийг олгохдоо “Анод” банк нь ХК-иар албан ёсоор Улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн эсэхийг ч анзаарах сөхөөгүй байжээ.
Энэхүү хоёр дахь зах зээлийн арилжаанаас Монголбанкны Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ж.Ганбаатар нь “Анод” банкийг төслийн хүрээнд дүрмийн сангаа нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа талаар “Анод” банкны удирдлагад 2008 оны гуравдугаар сарын 31-нд 6/457 албан тоот өгсөн. Гэтэл 1080 (нэг мянга ная) төгрөгөөр авсан хувьцаагаа Ж.Ганбаатар өндөр үнээр зарж худалдан их хэмжээний ашиг олж байсан гэх. Тэгэхээр энэ хүн тухайн банкны муу талыг, аль хэдийн банкинд бий болсон алдагдлыг харж байсан гэх үндэслэл бий гэнэ.
Монголбанк, СЗХ-ныхон мөн “Анод” банкны удирдлагууд хувьцаагаа түрүүлж аваад буцаан зарснаас харахад энэ бол цэвэр эдийн засгийн гэмт хэрэг гэж харагддаг. “Анод”-ын хэрэг сөхөгдөх үед Ж.Ганбаатарыг Монголбанкныхан Хяналт шалгалтын хэлтсийн даргаас нь чөлөөлсөн байдаг.
Дээрх хүмүүсийн зүйлчлэлийг өөрчилсөн нь мөрдөн байцаалтын ажиллагаа болон хавтаст хэрэгт авагдсан баримтыг үндэслэн ийн өөрчлөх шалтгаан болсон хэмээн хуулийнхан тайлбарлаж буй юм. Мөн дээрх хүмүүсийн зүйлчлэлийг өөрчилж, “Анод”-ын гэх хэргээс тусгаарлах гэж байна гэсэн мэдээлэл байна. Хэрэв энэ үнэн бол тэдний хэргийг анхан шатны шүүхийн шатанд Өршөөлийн хуульд хамруулах гэж байна хэмээн үзэх хүн байгаа юм. Учир нь “Зоос” банкны хэрэгт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн “Зоос” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр нарыг шалгаж байгаад хэрэгсэхгүй болгосон. Албан тушаалтнуудыг ийн хэргээс тусгаарлах нь хэрэгсэхгүй болгох эсвэл ялыг нь өршөөж болзошгүй гэсэн хардлага бий юм.
Монголбанкны олон жилийн хяналт шалгалтыг авлига, хээл хахууль гэх мэт аргаар аргалсаар 2008 онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхантай хуйвалдан тухайн үеийн “Анод” банкны удирдлага болох Л.Уламбаяр, Г.Энхцэцэг, Э.Гүр-Аранз нар нь “Анод” хувийн банкийг нээлттэй хувьцаат компани болгох нэрийдлээр олон нийтээс нийт 9,8 тэрбум төгрөгийг залилан авсан гэдэг. Төв банкны хяналт шалгалтаар гарсан зөрчлийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны эрх бүхий хүмүүс нуун дарагдуулж их хэмжээний авлига авсан гэх баримт ч бий. Үүнээс үзвэл Монголбанкны зарим ажилтан энэ хэрэгт илүү их холбоотой гэж үзэх хүн бий. Гэтэл А.Батсүх, Д.Баярсайхан, Ж.Ганбаатарын хэргийг тусгаарлах нь зохимжгүй гэдэг асуудал яригдаж байгаа юм. Одоогийн байдлаар энэ хэрэгт шалгагдаж байгаа бусад хүний зүйлчлэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байгаа гэнэ.
Одоогоор энэ хэрэгт “Анод” банкны ТУЗ-ийн дарга Н.Даваа, Гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Тамгын газрын дарга Л.Уламбаяр, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, төв банкны Дотоод аудитын газрын дарга Г.Тогтохбаатар, 5.5 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй “Стардеве-лопмент” компанийн захирал Э.Цэрэндаш (Э.Гүр-Аранзын төрсөн дүү), “Шивээговь флюрит” компанийн захирал Д.Ганзориг (Д.Энх-төрийн төрсөн дүү), “Гүн төгөл” ХХК-ийн захирал Э.Оюунгэрэл (Э.Гүр-Аранзын төрсөн дүү), хувиараа бизнес эрхлэгч Э.Оюунсүрэн, Ж.Гантулга, Э.Оюунчимэг, Г.Энхцэцэг, Б.Ганбаяр гэсэн хүмүүсийг шалгаж байгаа юм.
Г.ЯЛГУУН
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
Холбоотой мэдээ
Comments are closed.