Монголын үндэсний статистикийн хорооноос Дэлхийн банктай хамтран хийсэн “Ядуурлын дүр төрх-2016” судалгааны дүнг танилцууллаа. Уг танилцуулгад дурдсанаар манай улсын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгаа гэх дүн гарчээ. Тодруулбал, хоёр жилийн емне 146 мянга гаруй төгрөгөөр сарынхаа хэрэглээг зохицуулж байсан 634 мянган хүний тоо одоо 907 мянга болж өссөн байна. ҮСХ-ны дарга А.Ариунзаяагийн мэдээлснээр ядуу иргэдийн тоо огцом өсөхөд улс орны эдийн засгийн доройтол голлох нөлөөг үзүүлжээ. Энэ удаагийн судалгаанд хөдөө орон нутгийг анх удаа хамруулсан бөгөөд ядуурал илүү нэмэгдсэн болохыг судалгаа харуулж байгаа аж. Ядуурлыг бүсчилж үзэхэд Увс, Орхон, Өмнөговь, Хөвсгөл, Төв аймагт хамгийн бага байгаа бол Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр аймагт ядуурлын төвшин өндөр байгаа нь харагджээ. Монголын нийт хүн амын 42.2 хувь буюу 1.3 сая орчим нь ямар нэг зээлтэй байгаа бөгөөд үүнд цалин /36.9/, тэтгэвэр /20.6/, малчны /21.3/ зээл хамгийн их хувийг эзэлж байна. Статистик дүнгээс үзвэл ядуу бус хүний сарын хэрэглээ 290 мянган төгрөг байгаа бол ядуугийнх нь 108 мянга орчим төгрөгт багтдаг гэнэ. Тэдгээрийн ихэнх буюу 74-78 хувь нь хоол хүнсэнд зарцуулагдаж байна. Гэвч нийгмийн хамгааллын төсөл хөтөлбөрт хамрагдагсдын 69 хувь нь ядуу бус хүн ам байж, тэд олгосон нийт мөнгөний 80 хувийг хүртсэн нь манай улсад халамжийн бодлого хавтгайрсныг харуулж буй явдал юм. Судалгааны дүнгээр 2016 оны байдлаар нийт хүн амыг ядуурлаас гаргахад сард 34.1 тэрбум төгрөг шаардлагатай байжээ. Хэрэв нийгмийн хамгааллын төсөл хөтөлбөрөөс нэг ч төгрөг олгоогүй бол энэ тоо 93.6 тэрбум төгрөгт хүрэх байсан аж. Дэлхийн банкны Ядуурал ба тэгш байдлын олон улсын судалгааны багийн ахлах эдийн засагч Самуэль Фрейже Родригесийн мэдээлснээр дэлхийн 100 гаруй улс орон ядуурлын албан ёсны тооцооллыг гаргадаг байна. Өнөөдөр дэлхийн нийт хүн амын дотор 10 хүн тутмын нэг нь өдөрт 1.90 ам.долларын орлогоор амьдарч байгаа нь 800 сая иргэн ядуу амь зууж байна гэсэн үг юм.
Д.Мөнх
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.