antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2017 Comments are off

Малд дөртэй хүүхэд

нийтлэсэн Admin

Таван настайд нь бичлэг хийж байсан Дүүриймаа охин ноднин сургуульд орж бичиг үсэгтэй, найман настай том охин болжээ. Би Намирт очсоны маргааш сумын төвд ирсэн байв. Сумын төвөөс 20 гаруй км зайтай байдаг Орлогын гол хэмээх газраас тугалтай 2 үнээ туугаад явган ирсэн гэнэ. Тэр хол газраас хоёрын хоёр тугалтай үнээ туугаад эсэн мэнд ирсэн түүнийг сайшааж байгаа хүн алга. Байдаг л зүйл, хийдэг л ажил гэсэн шинжтэй хандана. Үнэхээр ч гайхахаар зүйл биш мэт. Намайг сургуульд байх үед дотуур байрны хүүхдүүд их оргодог байж билээ. Тэд хамгийн хол нь сумын төвөөс 50 гаруй км зайтай Ховд гол хүрдэг байсан. Оргосон хүүхдүүд ихэвчлэн нэг, хоёрдугаар анги буюу найм есөн настай хүүхдүүд байдаг байв. Тэр жишгээс харвал Дүүриймаагийн хийдэг ажил тийм ч гайхах зүйл биш.

Миний дүү Төрбат гэдэг залуу одоо Увс аймгийн Өмнөговь суманд мал маллан амьдарч байна. Тэр сургуульд огт суугаагүй нөхөр. Анх нэгдүгээр ангид оруулах гэхэд зугатаад ороогүй.

-Тэгвэл чи хонь хариул гэхэд:

-Тэгье гээд дуртай нь аргагүй нуруундаа мод хөтрөөд алхаж байсан гэдэг. Манайх Яварын үзүүрт хаваржиж мал төллүүлж байхад Төрөө ганцаараа шилд сувай мал оторлож байв. Найман настай Төрбат 200 орчим сувай мал хариулахдаа аргалаа түүж, галаа түлж, хоол цайгаа хийж иднэ. Мөн хонь хариулдаг хоёр морио бас тэжээнэ.

Болиодоо хэмээх газар Төрөө малтайгаа хаваржиж байсан юм. Шил газар учир өндөр л дөө. Доороос ирж яваа хүн амьтны бараа их холоос харагдана. Бид 14 хоноод нэг эргэдэг байв. Би нэг удаа байдал ямар байгааг мэдэхээр нар жаргах харгацуй очлоо.

Яваад очсон чинь отрын жижиг гэр халуу дүүгээд угтлаа. Хуушуур хайрч байв. Намайг ирж явааг хараад хуушуур бэлдсэн нь тэр аж. “Өглөө идэхэд амар хэдийг нэмээд хайрчихъя” гээд шарж байна. Түрүүчийн хайрсан хуушуураас нь би аваад үмхсэн чинь түв түүхий…

Хуушуур боогоод хөлдөөчихсөн юм байна. Тэгээд буцалсан халуун тосонд хийхээр шард бард гээд гаднах нь болоод дотор тал нь гэсээд таарсан нь тэр санж. Нөгөө хуушуураа дахин шарж, заримыг нь хуурч энэ тэр болсоор нэлээд орой болов. Зузаан гурилтай мах нь ихэдсэн, багадсан болхидуу л хуушуур. Гэхдээ ямар ч байсан хуушуур. Сонгино давс нь янзын сайхан таарсан байв. Унтах үед том том бамбай оруулж ирж байна.

-Одоо галаар яах юм, халууцаад байх суух хэцүүдлээ гэвэл

-Үүнийг чинь шатааж цогшуулаад шөнө чоно ирэхээр айлгадаг байхгүй юу. Энэ орой дээрээс өнхрүүлдэг юм гэдэг байгаа… Бас тэр бамбай цогших хооронд цас хайлаад хоёр мориныхоо тэжээл дэвтээдэг гэж байгаа.

Одоо эргээд бодоход Төрбат найман настайдаа л малч хүний эрдмийг сурчихсан байж дээ. Ганц Төрбат ийм гайхалтай тусгай хүүхэд байсан юм биш. Ерөөсөө л малчдын удам ингэж үргэлжилдгийн жишээ юм. Олны дунд сайн ч муу ч бий. Найман настайдаа бүү хэл 60 настай ухаан суугаагүй, малд дөргүй хүмүүс хаа сайгүй л бий… Эцэг эхчүүдийг харж байхад “Энэ нь малд дөртэй” гээд түүндээ гол ажлаа даатгаж харагддаг. Тэгэхээр дөртэй хүн өөр байна гэсэн үг. Дүүриймаа бол дөртэй л хүүхэд…

Төрөө бас дөртэй хүүхэд байсан. Дөртэй байна гэдэг нь өөр ухаан байна гэсэн үг. Сургуульд ороогүй боловч эр цэргийн албаа хаагаад ирчихсэн, эхнэр аваад хоёр хөөрхөн хүүхэдтэй болчихсон под хийтэл амьдарч байна. Төрөө ма хоёр нэг өдөр түүний мотоцикльтэй нэлээд хол газар явлаа. Ямарч хүний хойно суухад донсолдог, дэржигнэдэг дээ. Төрөөгийн хойно бараг л зүгээр шахуу. Энэ замаар олон хүнд сундлагдаад явж байсан энэ удаагийнх шиг ийм намбалаг явж байсангүй. Тэгээд би асуулаа:

-Их л донсолж, дэржигнэдэг зам даа. Чиний дугуй, амаржийн өөр байна уу эсвэл чи өөр бариад байна уу?

-Хүмүүс өмнө дугуйныхаа донсолгоог гаргаж явдаг байхгүй юу, би хойд дугуйныхаа донсолгоог гаргадаг юм гэж билээ. Энэ үгийг би анх удаа сонсож байгаа юм. Эрдэмтэй хүн хэлсэн бол “аргагүй л эрдмийн хүн өөр юм” гэж бодох байсан биз. Гэтэл сургуульд сураагүй Төрбатаас ийм үг гарч байна. Зөвхөн үг биш түүнийг мэдээд өөр хэнч гаргаж чаддаггүй хойд дугуйныхаа донсолгоог гаргаад, эзэмшээд явж байдаг. Дөр гэдэг нь ухааны чиг баримжаа юм даа.

Тал бичээч Да.Жаргалсайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car