Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын 3х3 сагсан бөмбөг /ФИБА 3х3/-ийн 2017 оны хамгийн сүүлчийн Гран при тэмцээн Тайванийн Тайпэй хотноо энэ сарын 9-10-нд болж Монголын баг тавдугаар байр эзэлжээ.
Улаанбаатар Хангарьд баг эхний тоглолтоо Иорданы багтай хийж 22:06-аар илт илүүрхэн хожсон юм. Хэсгийн хоёр дахь Латвийн Рига баг байв. Рига баг 2017 оны ФИБА 3х3-ийн Европ тивийн аварга цолыг хүртсэн юм. Латвийн ийм хүчирхэг багтай Тайпэйгийн Гран при-д манай залуус тоглож эхнээсээ хүчтэй хамгаалалт, онооны тэргүүллийг авч маш өрсөлдөөнтэй үргэлжилсэн. Улмаар Монголын баг 17:16 гэсэн оноогоор Европ тивийн шинэ аварга Латвийн багийг анх удаагаа хожлоо. Дэлхийн хамгийн хүчирхэг баг, дэлхийн 3 удаагийн аварга, Европ тивийн аварга, Их дуулгын 12 удаагийн аварга, Гран при тэмцээний 13 удаагийн аварга Сербийн шигшээ багийг нэмэлт цагт хожин аваргуудыг буулган авлаа.
Манай баг хэсгийн сүүлийн тоглолтоо Тайванийн багийн эсрэг хийж 22:06 гэсэн оноогор хожин хэсгээсээ 1-р байраар шалгарч хасагдах шатанд Словений багтай таарсан. Словений Пиран баг нь 2016 оны Европ тивийн аварга, 2017 оны мөнгөн медальт, Уцуномия Их дуулгын 2-р байр, ДАШТ-ий хүрэл медальт мөн л шилдэг багуудын нэг. Словений багтай тун ширүүн тоглолт хийж 17:18-ын харьцаатай хожигдон Тайванийн Гран при тэмцээний шагналт 5-р байрт орлоо. Латвичүүд аваргын төлөө өмнөх Европ тивийн аварга Словений багийг хожин энэ тэмцээний аварга болжээ. Хангарьд баг ФИБА 3х3-ийн мэргэжлийн топ багуудын өндөр түвшний сагсан бөмбөгийн тоглолтыг үзүүлж, тоглолтын агуулга, чанарын хувьд дээд түвшинд, бүх нөөц бололцоогоо дайчлан сайн тоглосон гэдгийг онцлох ёстой.
ОУСБХ-ны 3х3-д дэлхий даяар нийтдээ 543,995 тамирчин өрсөлдөж чансааны оноо цуглуулж байгаагаас манай тамирчид Тайваний Гран при-д тавд орсноор нэлээд өсч шилдэг 100-д орж ирсэн байна. Мөн манай улсын чансаа нийтдээ 144 орноос одоогоор 55 дугаарт бичигджээ.
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Холбоотой мэдээ
Comments are closed.