antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 11, 2017 Comments are off

Уулын эзэн “Цоохор дээлт”

нийтлэсэн Admin

Уулын сүнс, нууцлаг эзэн, үл үзэгдэгч, цасны ирвэс зэрэг олон хочтой араатан гэхэд хэтэрхий үзэсгэлэнтэй цоохор ирвэс дэлхий дээр ердөө 4000 гаруй тоо толгой үлдсэн бөгөөд зөвхөн Төв Азийн өндөр уулсаар нутаглаж байна. Цоохор ирвэс тархан суурьшсан уг газар нутаг нь Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, Афганистан, Бутан зэрэг 12 орны нутаг дэвсгэр юм. Эдгээр орноос монголчууд бид илүү азтай гэж хэлж болно. Учир нь манай улсад 1000 гаруй цоохор ирвэс бий. Энэ нь дэлхийн нийт цоохор ирвэсний 20 хувь гэсэн үг. Мөн манай улс цоохор ирвэснийн тоогоор дэлхийд урд хөршийн ард хоёрдугаар байрт ордог.
Сүрлэг уулсын эзэн “цоохор дээл”-тэд мундахгүй олон дайсан бий. Үүнээс хамгийн түрүүнд хулгайн анчдыг нэрлэж болно. Цоохор ирвэсний “гоо үзэсгэлэн” болсон арьс нь хулгайн анчин болон хууль бус наймаачдын сумны бай болох гол шалтгаан болдог. Мөн яс болон биеийн зарим хэсэг нь дорно дахины уламжлалт эмчилгээний жорд ордог учир цоохор ирвэсний эд эрхтний хууль бус худалдаа дэлхийн “хар зах”-д бүрэн хумигдахгүй байна.
Зарим газар нутагт байгаль дахь идэш тэжээлийн хомсдолоос үүдэн цоохор ирвэс малд халддаг тул нутгийн иргэд болон малчид “цоохор дээл”-тийг нууцаар агнадаг. Энэ мэт хүнтэй холбоотой мундахгүй олон дайсагнал цоохор ирвэст бий. Түүнээс хамгийн том нь ирвэсний өсч үржихэд хамгийн чухал нөлөөтэй өргөн уудам нутаг дэвсгэр, амьдрах орчин нь хүн ам болон малын тоо толгой олшрох тусам түрэмгийлэлд өртөн хумигдаж буй асуудал. Мөн цоохор ирвэст биеэ хамгаалж, зугтаж хүчрэхгүй хүчтэй дайсан нь бий. Тэр “дайсан” нь уур амьсгалын өөрчлөлт гэж хэлж болно. Эмзэг байгальд үзүүлж буй хүнээс шалтгаалсан аюул занал уулын уур амьсгалын нөлөөг нэмэгдүүлж, цоохор ирвэс ирээдүйд оршин тогтнох уу гэсэн том аюулын сүүдэрт автуулж байна. Хүн төрөлхтнөөс үүдэлтэй энэ аюулаас уг төрөл зүйлийн амьтан өөрийгөө хамгаалж чадахгүй. Гагцхүү хүн төрөлхтөн л тусалж чадна.
Монгол Улсын хэмжээнд гэхэд Дэлхийн байгаль хамгаалах сан (ДБХС)-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон Ирвэс хамгаалах сан тэргүүтэй байгууллага хувь хүн иргэдийн төдийлөн тоохоо больсон амьд байгаль, эко системийг хамгаалахаар олон ажил хийж байгаа. Тэд шинжлэх ухаанд суурилсан судалгааг дэмжиж, нутгийн иргэдийн дунд “ногоон” төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хууль бус агнууртай тэмцэх замаар цоохор ирвэсийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байна. Ирвэсний нуугдмал ертөнц, Төв Азийн өндөр уулсын бартаа нь энэ зүйл амьтныг судлах ажлыг нарийн төвөгтэй болгодог. Тиймээс эрдэмтэн, судлаачид автомат камер байршуулах, “цоохор дээл”-тэд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, нэгэнт нь өртсөн аюулаас бусдыг нь хамгаалж, шаардлагатай тохиолдолд ойртон очиж тусламж үзүүлдэг. Мөн нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалах ажлыг эрчимжүүлж тогтмол эргүүл явуулж, тоо толгойг нь хянах, хавх илрүүлж аюулгүй болгох, хулгайн анчдад хараа хяналт тавьдаг. Тэдний хөдөлмөрийн үр дүнд бусад оронтой харьцуулахад Монголд цоохор ирвэсний тоо толгой өндөр, хорогдох нь багассан юм. Гэхдээ л дөрвөн сарын дотор таван гүем (ирвэсийн зулзага) үхжээ. Цоохор ирвэс жил бүр төллөдөггүй, хоёр жилд нэг удаа зулзагалдаг. Гэвч байгалийн хатуу хуулийн дор гүем бүр эсэн мэнд өсдөггүй. ДБХС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэдээлж буйгаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны хоёрдугаар сар хүртэлх дөрвөн сарын хугацаанд таван гүем хорогджээ.
Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Соёоны бүс нутаг дахь Ховд аймгийн Дуут сумын нутагт хоёр гүем нэг дор үхсэн байсныг нутгийн малчин мэргэжилтнүүдэд мэдээлсэн. Тэр хоёр гүемийн сэгийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шинжлүүлэхэд өвчний шинж тэмдэг илрээгүй аж. Үхсэн нөхцөл байдал, үхсэн ходоодон дахь хоолны үлдэгдэл, биеийн байдал зэргийг харгалзан үзээд турж үхсэн байж болзошгүй хэмээн судлаачид дүгнэсэн. Зургаан сартай гүем өөрсдөө ан гөрөө хийж, хоолоо олох чадваргүй байдаг. Турж үхсэн шалтгаан нь тэднийг хооллож, хамгаалдаг эх нь эндсэнээс болсон байх магадлалтай. Дараагийн тохиолдол цаг хугацаа нь эхний хорогдолтой ойролцоо. Харин газарзүйн хувьд Ховд аймгийн Дарви суманд болжээ. Тодруулбал, айлын мал руу дайрсан гүем нохойд бариулжээ. Мөн л хоол тэжээлийн дутагдлаас болж хорогдсон юм.
Үүнээс гадна энэ оны нэгдүгээр сарын 5-нд Жаргалантхайрхан уулын Нарийний аманд хавхтай гүем байсныг малчид харжээ. Малчдын үнэрийг аваад гүем зугтаж, хадны хөндий рүү ороод алга болжээ. Манхан сумын малчин нэгдүгээр сарын 27-нд урд хөлийн сарвуу нь хавхны улмаас тасарсан, үхсэн гүем олжээ. Мөн сарын дараа буюу хоёрдугаар сарын 27-нд Жаргалантхайрхан ууланд өөр нэг үхсэн гүем олджээ.
Сүүлд авсан мэдээллээр энэ сарын 5-нд Ховд аймгийн Цэцэг суманд нүүрс тээвэрлэж явсан ачааны машин нэг цоохор ирвэсийг дайрсан тохиолдол гарлаа. Жолооч тэр даруй холбогдох газарт мэдээлж, цагдаа болон байгаль хамгаалагч нар очиход ирвэс үхсэн байжээ. Шалтгааныг нь зам гарах гэж харайхдаа машины дугуйн дор орсон гэж үзжээ.
Манай орны цоохор ирвэс бүсийнхээ гол төлөөлөл болдог. Учир нь хойд хөршийн цоохор ирвэсний тоо толгойг дахин сэргээх, БНХАУ-ын ирвэсний генийн урсгалыг хадгалахын тулд манай орны “цоохор дээл”-тийн тоог хадгалж, хамгаалах нь дэлхий нийтийн нэн тэргүүний асуудал болсон. Тиймээс Өмнөговь аймгаас Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр дэх “цоохор дээл”-т дан ганц Монгол Улсын бус дэлхийн өмч гэж ойлгож болно. Амьд байгалийн уг содон, цөөн тооны “бүтээл” устаж үгүй болбол бид хойч үедээ цоохор ирвэсний зураг, бичлэг, чихмэлээс өөр үзүүлэх зүйлгүй болно. Энэ аюул дэлхийн байгаль хамгаалагч, ан амьтан судлаачдын санааг зовоож буй учир цоохор ирвэс тархан суурьшсан 12 орны эрдэмтэн, судлаачид жил бүр хуралддаг. Энэ онд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан манай эрдэмтэн судлаачид Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч Алмазбек Шаршенович Атамбаевын урилгаар уг арга хэмжээнд оролцжээ. Тус улсын нийслэл Бишкек хотод өнгөрсөн сарын 23-25 хооронд уг форумд 22 байгаль хамгаалах болон донор байгууллагын төлөөлөгчид оролцож, цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах Бишкекийн тунхаглалыг баталжээ. Мөн форумын үеэр манай оролцогчдын авч очсон хавхаар хийсэн гүемийг гадныхан сайшаасан байна.
ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын экоклубын хүүхдүүдээр дамжуулан малчдаас хавхыг ахуйн хэрэгцээт бараагаар сольж авах санаачилга гарган хэрэгжүүлсэн. Ийн хураан авсан хавхаар ирвэсний гүем “урлажээ”.
Уулын сүнс “цоохор дээл”-тийн тухай өгүүлэх энэ нийтлэлд тэдний дотны найзыг дурдахгүй өнгөрч болохгүй ээ. Тэр бол Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсан юм.
Тэрээр өнөөдөр бидний дунд байсан бол 29 нас хүрэх байлаа. Хоёр жил орчмын өмнө томилолтоор явах өдрөө ажилдаа ирээгүй ор сураггүй алга болсон биологич залууг долоо хоногийн турш эрэл сурал болж, хайсны эцэст, цогцсыг нь Хөвсгөл далайн 25 метрийн гүнээс олсон байдаг. Түүний учир битүүлэг үхэл гагцхүү цоохор ирвэс судлаач, байгаль хамгаалагчдад бус монголчуудад хүнд туссан. “Ууланд явах, тэндээ ажиллах гэдэг түүний хувьд аз жаргал. Янгираасаа дутахгүй л дүүлнэ дээ. Газар нутгийн онцлог, ойр орчныхоо байр байдлыг богино хугацаанд нүдэлж, тодорхойлно. Ялангуяа Тост-Тосонбумбын нурууг гарын хуруу шигээ мэддэг болсон байсан” хэмээн нөхөд нь талийгаачийг дурсдаг. Түүний үйл хэргийг мэргэжил нэгт нөхөд нь үргэлжлүүлж байгаа ч Лхагвасүмбэрэл агсныг хамгийн их дурсан санаж байгаа нь магадгүй “цоохор дээл”-т болов уу. Талийгаач “найз”-ынхаа гол идэш болсон харангадсан янгир ямааг услахын тулд Тостын нуруу өөд 50 литрийн савтай ус үүрч, зөөж байсан гэдэг. Таны унших дараагийн өгүүлбэр сайхан санагдахгүй байх. Гэхдээ л хуулийн байгууллага гадны нөлөөгүй гэж мэдээлсэн талийгаачийн үхэл хүртэл “үнэ цэнэтэй” байж чадсан. Ниргэсэн хойно нь хашхирна гэгчээр ард түмэн талийгаачийн үхлийн дараа Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газар болон цоохор ирвэст анхаарлаа хандуулж эхэлсэн.
Ийн ард түмэн нэгдэн нийлж, анхаарал хандуулсны хүчинд өнгөрсөн оны гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар цоохор “дээл”-т түүний идэш тэжээлийн гэр орон болсон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743.058.00 га-гаар баталсан. Үүнтэй холбогдуулан тухайн газарт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшигчтэй нь хэлэлцэн тохиролцож цуцлах арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгасан юм. Талийгаач амьд ахуйдаа төрөөс энэ шийдвэрийг гаргуулахын төлөө нөхөдтэйгөө хамт тэмцэж байсан. Учир нь уг шийдвэр гарснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь хэмжээ 0.4 хувиар нэмэгдсэн. Тухайн газарт уул уурхайн тээвэрлэлт хийсний улмаас олон салаа зам үүсч, тоос шороо дэгдэн, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдан, зэрлэг ан амьтан дайжих нь ихэссэн.
Мөн хайгуулын өрөм тавьж, дээж авах зорилгоор ухсан цооногт зэрлэг ан амьтан, мал унадаг, усны нөөц багасч, булаг шанд ширгэн, ундны усны чанар, аюулгүй байдал алдагдан, айл, өрхийн ундалдаг худгийн усны хэмжээ эрс багассан байдаг. Уул уурхайн нөлөөллөөс болж Тост, Тосон бумбын нурууны экосистемийн хэв шинж аюулд орсон бөгөөд ус, бэлчээр, ан амьтан, биологийн олон янз байдал, тэдгээрийн амьдрах орчинд өөрчлөлт гарах эрсдэл үүссэн юм. Одоо хүмүүс төдийлөн Т.Лхагвасүмбэрэл агсныг дурсахаа больсон нь түүний үйл хэрэг, богинохон амьдрал өдөр бүр иргэдийн тархинд очиж буй элдэв мэдээлэл, хов живийн доор дарагдсан байх.
Нэгдсэн судалгаа, тоон мэдээллээр цоохор ирвэс нутагладаг 12 орны аль алинд нь тоо толгой нь цөөрсөөр байна. Сүүлийн 20 жилийн дотор нийт тоо нь 20 гаруй хувиар буурчээ. Байгалийн өвөрмөц гоо үзэсгэлэн болсон уг сүрлэг амьтан устах аюул ойрхон байна. Олон улсын байгаль хамгаалагчид болон судлаачид “Цоохор дээл”-тийг хамгаалснаар 12 оронд хамаарагдах олон янзын зүй тогтол агуулдаг, өвөрмөц, гайхамшигт бүс нутаг болох Төв Азийн өндөр уулсын олон зүйлийн амьтан, ургамлыг давхар хамгаалдаг билээ.
Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сангаас олон улсын хүрээнд “Цоохор ирвэс хүмүүн биднээс тусламж хүсч байна” хандивыг цахимаар цуглуулж байгаа аж. Уг сан дэлхийн өөр өөр улсын иргэдээс өгсөн хандивыг автомат камер байршуулах, сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүх, амьтдын тоо толгойг хянах, тавьсан хавхыг илрүүлж аюулгүй болгох, хулгайн анчдад хараа хяналт тавих ажлын санхүүжилт болон байгаль хамгаалах байгууллагын ажилтны эргүүлийн зардал зэрэг олон ажил, төсөл хөтөлбөрт зарцуулах юм. ДБХС-гаас дэлхийн нийт иргэдийг цоохор ирвэс хамгаалах үйлсэд нэгдэхийг уриалж байна. (Дэлхийн байгаль хамгаалах сангийн цахим хандив цуглуулж буй монгол хэл дээрх линк http://mongolia.panda.org/snow_leopard_sos_mn/). Уулын эзэн “цоохор дээл”-т улам олуулаа болоосой.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car