УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ “Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусах шатандаа орж, бид тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Хугацаа шахуу сонгууль болж байгаа нь мэдрэгдэж байна. Энэ удаагийн сонгуулийг өмнөх сонгуулиудтай харьцуулахад хар бараан мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлж байгааг мэдээллийн эхэнд онцолмоор байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч М.Энхболд орон нутагт ажиллаад дууссан. Үлдсэн хугацаанд нийслэлд ажиллана. Бидний зүгээс сонгогч түмэндээ хандаж хэлэхэд М.Энхболдыг сонгон Монголын төрийг бүтэн болгоод өгөөч гэж хүсч байна. Ер нь төрийн тэргүүнийг сонгох нь их хариуцлагатай ажил. М.Энхболдын хувьд хувь хүнийх нь ноён нуруу нь төр түших хэмжээний хүн. Бид 20 гаруй жил хамт ажилласан.
2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар улсын төсвийг хүлээж авахад эдийн засгийн байдал нэг л эвгүй хөдөлбөл ангал руу нисэх нөхцөл байдалтай байсан. Хүнд хэцүү, ард түмэнд таалагдахааргүй олон арга хэмжээг авч ажилласнаар одоо улсын эдийн засаг сайжирч байна. Цаашид эдийн засаг сайжрахад Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, орон нутгийн институцийн нэгдмэл байр суурь чухал нөлөөтэй.
М.Энхболд дарга төрийн ажлыг анхан шатнаас нь эхлэн дээд төвшинд хүртэл тасралтгүй хийсэн цөөхөн улстөрчийн нэг. Хувь хүнийх нь ноён нуруу, хүлээцтэй зан чанар нь төрд хэрэг болно гэж бид нэр дэвшүүлсэн.
Сонгуулийн сурталчилгааны хугацаанд ийм их хар мэдээлэл явж байгаа нь нэр дэвшигчээсээ үүдэлтэй. Жишээлбэл, Ардчилсан намаас Р.Амаржаргал ч юм уу өөр хэн нэгэн Ерөнхийлөгчид нэр дэвшсэн бол арай ч ийм хар бараан мэдээ явж, олон түмнийг сэтгэлгээний хувьд туйлдуулахгүй байсан.
Төмөр замын асуудлаар сонгуулийн сурталчилгааны хугацаанд янз бүрийн юм ярьж байна. Би таван жил гаруй хугацаанд төмөр зам ярьж байна. Идсэн уусан зүйлийг хууль шүүхийн байгууллага тогтоох биз. Гол асуудал нь улс хоорондын асуудлыг тун таагүй болгосон. Учир нь Тавантолгойн асуудлаар “хойд айл”-тай хамтарч төмөр зам барина гэсэн хэлэлцээр ил, далд явагдаад ОХУ-ыг сүүлд нь хуурчихсан. Ийм хэлэлцээрийг “хойд айл”-тай хийж байх явцдаа “урд айл”-тай очоод 1100 км төмөр зам барина гээд санамж бичигт гарын үсэг зурчихсан. Сүүлд нь улсын маш их хөрөнгийг үрэн таран хийчихсэн. Энэ нь Ардчилсан намыг “ком”-д оруулах эхлэл нь болсон. Ер нь М.Энхболд дарга чамгүй самардаг хоёр хүнтэй өрсөлдлөө. Х.Баттулгын ганц бодол нь Тавантолгойг өөрийн болгох юм шүү” гэлээ.
М.Энхцэцэг
Холбоотой мэдээ
Comments are closed.