Төрийн соёрхолт Д.Сосорбарамтай удахгүй болох гэж байгаа “Монгол-Язгуур” тоглолтын талаар ярилцлаа. Уг тоглолтыг тэрээр анх санаачлан, найруулж байгаа юм.
-Та сайхан өвөлжиж байна уу?
-Сайхан өвөлжиж байна. Монголчуудын хамгийн их ээл, буян, ашид мөнхийг хүсэж байдаг баяр болох гээд хүмүүс ажил ихтэй байх шиг байна.
-Та Монгол-Язгуур тоглолтынхоо талаар яривал?
-Би энэ Алтан ураг, Арга билэг, Жонон, Хөсөгтөн, Домог гэсэн таван хамтлагийн өөр өөрийн арга барил араншингаар тоглодог. Монголын үндэснийхээ язгуур эгшиглэнг жаз, рок, баллад маягийн янз бүрийн дэлхийн урлагийн хүн төрөлхтний бий болгосон урлагийн төрөл жанруудтай сүлж уран бүтээлээ туурвидаг. Монгол үндэстнээ монгол хүний авьяас чадварыг, ур ухааны сэтгэлгээний мэдрэмжийн хурдыг дэлхийн олон оронд түгээж байгаа залуусыг би бишрэн хүндэтгэж явдаг. Эдгээр хамтлагуудын энэ тэнд болдог тоглолтыг нь үздэг. Жишээлбэл Бодровын “Монгол” кино бол холливудын Оскарт нэр дэвшиж байсан бүтээл шүү дээ. Түүний хөгжмийг манай Алтан ургийхан ямар сайхан тоглов. Хөсөгтөн хамтлагийхан английн театрт ямар сайхан тоглолт хийв. Домог хамтлагийхан баруун Германд тоглолт хийлээ. За тэгээд Арга билгийнхэн, Жононгийхон гээд мэргэжлийн өндөр түвшинд уран бүтээлээ хийж байна. Таван хамтлаг нэг доор, нэг тайзан дээр тоглоно тэгэхдээ тоглолтын хувьд таван өөр байх болно. МҮЭСТӨ-нд 18,19-нд 18 цагаас тоглох гэж байна. Тоглодгийн учир нь туулай жил буцаж луу жил айсуй монголчуудын их холч бодитой байдаг энэ цагаан сарын баяраар энэ хамтлагуудын тоглолтыг хийе гэж бодсон. Монгол ёсонд таван мэдэрхүй, таван өнгө, таван тансаг гээд тавын тооны билэгдлийг бодож энэ таван хамтлагт урилга өгсөн. Залуучууд маань ч сайхан хүлээж авсан. Нөгөө талаар өөрсдийнхөө бор зүрхээр явж байгаа хүмүүс, боломж байвал уран бүтээлээ хийдэг хүмүүст дэм өгөх санаатай. Орчин үеийн бүтэээл хийх боломжийн тоног төхөөрөмж байдаг. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газарт хандсан. Тамгын газарт хандсан ерөнхийлөгч сайхан хүлээж авч дэмжье. Засгийн ачаанаас хөнгөлөөд өөрсдийнхөө бор зүрхээрээ явж байгаа хүмүүсийг нэг удаа ч гэсэн дэмжье гэсэн.
-Уг тоглолтыг зохион байгуулах санаа хэрхэн төрөв?
-Домог хамтлагийн тоглолт драмын театрт өнгөрсөн өвөл болсон. Тэр тоглолтон дээр хамтлагийн хүүхдүүд намайг урьж санаа оноо байвал хэлээд, хөтлөгч хийгээд өгөөч гэсэн. Би бол дуртай зөвшөөрсөн. Урьд өмнө нь тайзны бүтээл хөтөлдөг аргаас арай ондоо дунд нь Чингис хааны хэлсэн үг, Чойномын бардамнал зэрэгийг уншсан. Домгийн тоглолтонд оролцсоноос хойш энэ залуучуудтай нэг тоглолт хийе гэсэн бодол төрсөн л дөө.
-Цаашдаа хүрээгээ тэлэх боломж байгаа юу?
-Тэр боломжийг олж хараад шавыг нь тавьж байна. Жишээлбэл саяхан өнгөрдөг өвөл болсон тэрэлжид азийн хөгжлийн банкны арга хэмжээ болсон. Тэрэн дээр би Домог, Арга билэг хамтлагийг аваачсан, дээд Монголоос дуучид, хөгжим судлаач ирээд Ерөнхийлөгчтэй уулзаад явсан. Үнэхээр гайхалтай хүлээж авсан. Цаашдаа илүү өргөн хүрээ хамраад тоглох боломжтой. Дээрээс нь Чибулаг, Цагаан зам, Тувагийн хөөмийчид ирэг, ингээд Монгол туургатнууд оюун санааны нэгтгэх хэрэгтэй. Хоёр сая хэдүүлээ байж жалга, довны нутгархах үзэл бүр намчирхах үзэл энэ бүгдийг таягдан хаях болжээ. Бидний оюун санаа харалган болсон байна.
-Цаг хугацааны хувьд яагаад сар шинийн үед зохион байгуулж байна вэ?
-Энэ бол тодорхой. Монголчуудын амар мэнд асуудаг, ах захаа мэддэг дээрээс нь хоорондоо зөрчилдөж ам мурийж байсан бол эвлэрдэг. Дандаа цагааны билэгдлийг дээдэлдэг энэ баяраар өөрийнхөө үндэстнээр бахархах сэтгэгдлийг төрүүлэх. Үндэстэн байхгүй бол тэр улс мөхдөг жамтай. Монгол улс чинь ийм заншилтай ёс дэгтэй улс гэдгээрээ бахархаг гэж бодлоо.
-Найруулагчийн хувьд таны хэд дэх бүтээл вэ?
-Би нэлээн хэдэн төрийн нэртэй тоглолт, найруулан тавьж байсан. Ялангуяа өөрийнхөө хувийн театрын найруулга хийдэг. Бас хоёр, гурван жүжиг найруулсан байдаг. Тоог хэлж мэдэхгүй байна. Барагцаагаар арав гарсан байх.
-Тоглолтын үнэ хэд байгаа вэ?
-25 мянга байгаа. Нэг хамтлагийн үнэ цэнийг 5000 мянгаар үнэлээд, нөгөө тавын билэгдэл бас байна.Тоглолт 1цаг 30 минут үргэлжлнэ.
-Яагаад МҮЭСТӨ-г сонгох болов?
-Өнөөдөр монголд мэргэжлийн тайз гэвэл энэ л байна. Түүнээс биш дэлхийн стандартад бол хүрэхгүй шүү дээ.
-Та арын албаа танилцуулаач?
-Тавиад хүн ажиллаж байгаа. Аюушжав марктинг, Батхишиг менежрээр ажиллаж байгаа. Анх удаа энэ хоёр залуустай ажиллаж байна. Энхгэрэл бүжиг дэглээч надтай хамтарч ажиллаж байгаа бид хоёр хэд хэдэн уран бүтээл дээр хамтарч ажиллаж байсан. Бие биенийхээ арга барилыг авалцсан хоёр. Тайзны зураачаар Аюушжав гээд залуу уран бүтээлч байгаа. Зарим тайзны дизайн дээр Найдандорж ажиллаж байна. Ер дандаа залуучуудтай ажиллаж байна. Сэтгэлээг ч залуу болох юм. Хүнийхээ хувьд ч залуусын гэнэн үйлдэлтэй хамт байх сайхан байдаг. Залуусдаа урам өги гэж бодсон. Өөрийнхөө боломжоор дэмжье л гэсэн юм
-Тоглолтын дэмжиж ямар албан байгуулагууд ажиллаж байна вэ?
-МҮОНТ, UBS, NTV, SBN гэсэн телевизүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Ялангуяа мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр UBS телевиз ажиллаж байгаа. FM-ын хувьд 107.5 ганцхан ажиллаж байгаа. Миний дүү нар тэнд ажилладаг учраас би сонгосон. Хэвлэлийн хувьд Мөнхийн үсэг компани палкад, билетийг өндөр түвшинд манай нутгийн дүү нар хийж өгч байгаа. Ерөнхийлөгч хүүхдүүдэд минь их дэмжлэг өгч байна. Ер боломж гарвал хүнд гай болохгүй харин нэмэр болох гээд байгаа хүмүүс юм. Эрх чөлөөг хамгаална, үнэ цэнийг нь хамгаалах гэсэн үүднээс манай хамтлагийнханд их дэмжлэг өгч байгаа. МСS, Мобиком, Худалдаа хөгжлийн банк, Макс групп, Хас банк гээд бизнесийн байгууллагууд дэмжиж байгаад баяртай байна.
-Алтайн магтаал клипын ажил хэр явагдаж байгаа вэ?
-Зураг авалт бол дууссан байгаа. Монголын шинжлэхүй ухааны баримтат киноны нэгдэл гэж байгаа. Тэдний хамт олон ажиллаж байна. Мөн Алтайн магтаалын клипыг хийж, мөн DVD болгох гэж ажиллаж байна. Уг магтаалыг үндсэн түвшинд нь таван хамтлаг алтайн магтаалыг таван өөрөөр хайлдаг, таван өөр ариншингаар хайлаад төгсгөлдөө нэгдэж хайлах маягаар явна. Үндсэндээ гурван хэсгээс клип бүрдэж байгаа.
-Та Алтайн магтаалын түүхээс яривал?
-Алтайн магтаал бол их онцлогтой. Монгол Алтайн 13 оргил байдаг юм байна. Тэр 13 оргилоо аргадаж тахидаг лусын эзэн нь “Алиа хонгор” гэдэг нэртэй тийм лус савдаг байдаг. Тэрийг аргадаж ариутгадаг магтаал нь Алтайн магтаал. Алтайн магтаал бол монгол хүний зан үйл, ёс жаягийг нэгтгэсэн ийм зүйл. Тэгээд 12 жилтэй уялддаг. Монгол хүний оюуны соёл Чойдог гуайн алдартай нэг уран бүтээлийг нэг доор хамтдаа тоглоно.Тэгээд өөр өөрсдийнхөө тус тусын бүтээлийг тоглоно. Хоорондоо хөгжмөөрөө бие сэтгэлээрээ тэр хөгжимд тоглож байгаа. Нотоороо хоорондоо бие биенийгээ мэдэрч дотоод сэтгэлээрээ нөөж тоглох ийм бодолтой байгаа.
-Клип хэзээ цацагдах вэ?
-15-наас хойш цацагдана эхнийх нь. Дараа нь бас байгаа. Үндсэндээ гурван хэсгээс бүрдэж байна. Сар шинийн дараа бас цацна.
-Таны дараагийн уран бүтээл?
-Миний хэлсэн бодол бол миний толгой дотор тээж яваа бодол. 18,19 нд бодит үйл хэрэг болгох түүний дараа DVD болгох хэвлүүлэх үйл ажиллагаанд орно. Хэвлүүлсний дараа хамгийн эхэнд эзэн Чингис хааны талбайг ашиглаж тайз хийгээд тоглолт хийх бодол байна. Техник технологийн хувьд өндөр хүчин чадалтай нэг ланжгар тоглолт хийх бодол байна. Нэгэн цагт Яаний грек гаралтай хөгжмийн зохиолч тэр хятадын талбай дээр тоглосон, өөрийнхөө нутагт тоглосон. Залуучуудтайгаа нэг удаагийн хуваарь гаргаж байгаад дэлхийн том театруудаар тоглолт хийх юмсан гэж санаж байна. Энэ төслийг хийхэд цаг хугацаа орно ирэх жил, тэрний дараагийн жилээс яригдах асуудал. Тийм мөрөөдөл миний бодол тархинд ургаж байна. Хонхны дуу манай ардчилалын Цогтсайханы бүтээлүүдээр сүлж мюзикл энийг дууссаны дараа болно. Ромео, жулетад урьж байна. Би бодъё гэлээ. Энэ мэт төлөвлөсөн ажлууд нэлээдгүй байна.
– DVD хэзээ үзэгчдийн гарт очих вэ?
– DVD гэсэнээс энэ тоглотыг үзсэн үзэгчид энэ DVD-нд орж өөрсдийгөө мөнхөлнө. Одоогоор DVD тэдийд гэж цаг товломооргүй байна. Миний хамгийн эхний ажил бол 18-19-ны тоглолтыг амжилттай хийж дуусгах. Дууссаны дараа зөндөө боломжууд гарна. -Уг тоглолтыг Ерөнхийлөгч хэзээ ирж үзэх вэ?
– 19-ны орой ирж үзнэ гэсэн.
-Цагаан сард хэр бэлдэж байна?
– Сар шинийхээ буузыг манайхаан хийсэн байгаа байх. Би ч тэгээд л гал тогоо руу орох доо тааруухандуу. Миний тусалдаг юм гэвэл хэдэн төгрөг өгнө шүү дээ.Тэрийг эхнэр зохицуулаад хүний гар цайлгах юм бэлдэнэ. Ээж, аав хоёртоо очиж золгоно. Настай хүмүүст хүндэтгэл илэрхийлнэ.
-Хэр сайн өвөө вэ?
-Миний том ач одоо зургаан нас хүрч байна. Бага нь гурван нас зээ хүү маань хоёр ой хүрэх гэж байнадаа. Мэдээж ач нартаа цаг гаргадаг.
-Эцэст нь залуустаа хандаж юу гэж захих вэ?
-Энэ авьяас нь өсөж өндийж байгаа залуучууддаа ялангуяа маний үеийн уран бүтээлчид маш их дэм өгч байх хэрэгтэй. Тэгэхгүй басаад л манай зарим уран бүтээлчдээс тийм юм анзаарагддаг. Залуучуудтай ажиллах сайхан байна. Тэгж л хүн чинь бие биендээ урам өгч байх хэрэгтэй.Бие биенийхээ хийж байгаа зүйлд гай болж хориг болж явах нь одоо цагт 21-р зуунд хэнд ч зохихгүй. Манай залуус үнэхээр мундаг байна. Саяхан би нэг номны нээлтэнд очиход манай залуус англиар ус, цас шиг ярьж алтан ургийн хаадыг гацахгүй хэлээд л ингээд үүх түүхээ мэдээд эхэлж байна шүү дээ. Манай улс чинь 1206-1367 онуудад дэлхийн хуурай газрыг эзэлж байсан улс. Тийм улс өмнө нь ч байхгүй хойшдоо ч гарахгүй. Ийм үндэстний удам угсаа тэгэхээр залуучууд бодитой түүхээ мэдээд авбал аштай юу. Солонгосыг хар л даа тэдэнд тийм түүх байхгүй шүү дээ. Монгол минь өөрөө 2220 жилийн түүхт төртэй тэгэхээр монголын түүхийг үнэнд нийцүүлж залуучуудад үлдээх хэрэгтэй гэж хэлье.
Б.Доржпагам

Холбоотой мэдээ
Comments are closed.