Энэтхэг рүү эрдэмд шамдахаар явсан ч Балбын нийслэл Катманду жотын шоронд гурван cap хоригдсон Дорнод нутгийн хүү Б.Буяндэлгэрийн талаарх мэдээлэл ойрын үед төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж түүний тухай янз бүрийн өнцгөөс бичиж, ярьж байна. Манай сонины хувьд болсон үйл явдлын талаар илүу дэлгэрэнгүй, үнэн зөв мэдээллийг өгөх үүднээс түүнийг төрсөн нутагтаа ирээд удаагүй байхад нь уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө эх орон, ээж аав, элгэн садандаа эсэн мэнд эргэн ирсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Эх орондоо тэр дундаа төрсөн нутаг, аав ээждээ ирсэндээ туйлын их баяртай байна.
-Буяндэлгэр ээ, яг хэдэн онд ямар шугамаар Энэтхэг явсан талаараа эхлээд дэлгэрэнгүй яриач?
-Би 2007 оны 6 дугаар сарын 12 нд 5 жилийн хугацаатай Энэтхэгийн Сиражидацанд бурханы ном сурахаар очсон. Миний энд шавилан сууж байсан хийдэд надад тусгайлан урилга ирж, тэгээд визэнд орж Энэтхэгт явсан. Өмнө нь манай хийдээс тэнд сурч байгаад ирсэн хоёр лам намайг Энэтхэгт хүргэж өгөөд буцсан.
-Бурханы ном сурахаар Энэтхэг явсан хүн яаж яваад Балбын шоронд хоригдчихдог билээ?
-2011 оны 4 сард Балбаар дамжиж Монголдоо ирэх зорилгоор Балбад очсон. Тэгээд л ийм явдал болчихсон.
-Уг нь Энэтхэгт урилгаар сурахаар 5 жилийн хугацаатай явсан гэсэн. Хугацаа чинь дуусаагүй байсан юм биш үү?
-Тэнд байх хугацаанд миний бие өвдөж яг юу өвдөөд байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд ер нь гэртээ харья л гэж бодсон.
-Шууд Энэтхэгээсээ ирэх боломж байгаагүй юм уу. Яагаад заавал Балбаар дамжих болсон юм бэ?
-Заавал Балбаар дамжих шаардлага байхгүй л дээ. Уул нь Энэтхэгээсээ шууд ирэх ёстой. Тэнд байх хугацаандаа нэг жил болоод цагдаагийн газарт бүртгүүлдэг юм. Энэтхэгээс гарахад нисэх онгоцны буудал дээр тэр бүртгэл хийлгэсэн эсэхийг шалгаад хийлгээгүй тохиолдолд шоронд хорьдог. Миний хувьд 3 жил болохдоо нэг ч удаа бүртгэл хийлгэж чадаагүй.
-Яагаад?
-Нэг удаа бүртгүүлэхэд 250 доллар байдаг. Уул нь энэ бүртгэл төлбөр төлөөсгүй хийгдэх ёстой ч цагдаа нь энэ мөнгийг хахууль маягаар авдаг юм билээ. Мөнгөгүйн улмаас энэ бүртгэлээ хийлгэж чадаагүй хэрэг. Бид тэнд номоо л сурахаас биш ажил хийж мөнгө олох боломжгүй шүү дээ. Тийм болохоор бүртгэлээ хийлгээгүй тохиолдолд нутаг руугаа буцах ямар арга зам байна гэдгийг хайсан л даа. Тэгээд тэнд байдаг Монголчуудаасаа асуусан чинь чи Балбаар дамжаад яв. Газраар явбал ямар нэгэн шалгалт байхгүй гэсэн. Тэгээд л Балбаар дамжиж Монголдоо ирэх гэж яваад л тэр…
-Энэтхэгт чиний сурч байсан сургуульд хэр олон монгол хүүхэд байдаг юм бэ?
-Яг миний сурч байсан сургуульд 70 гаруй монгол хүүхэд байгаа.
-Тэдэн дунд бүртгэлээ хийлгээгүй хүүхдүүд бас байгаа л байх?
-Надаас өмнө байсан юм шиг байна лээ. Гэхдээ тэд газраар дамжаад гарчихсан. Одоо ихэвчлэн бичиг баримтын зөрчилгүй хүүхдүүд үлдсэн байх.
-Сурч байсан сургуульдаа би Монгол руугаа буцлаа гэдгээ хэлсэн үү?
-Хувираа явж байгаа учир хэлж яриагүй ээ.
-Сургуулийнхаа байранд байсан биз дээ. Байраа хүлээлгэж өгөхөөс эхлээд анзаарч асууж тодруулсан хүн үгүй гэж үү?
-Байраа сургуульдаа хүлээлгэж өгөөгүй ээ дэргэдэх лам нартаа нутаг буцлаа гэж хэлээд байр хэрэгтэй бол аваарай гээд л орхисон.
-Урилгаар очсон та нарыг яг хариуцаж,яаж ийж байна гээд асууж санаа тавьдаг хүн үгүй юм байна л даа. Бие чинь өвдөөд, бүртгэлээ ч хийлгэж чадахгүй байсан болохоор Балбаар дамжиж Монголдоо ирэх санаа шулуудаж, тийм үү?
-Тиймээ. Гэрээсээ ирсэн мөнгөө аваад, нэг Түвд ламаар хэлмэрч хийлгээд Балбад очсон. Балбад очоод тэр хүүхдээс салсан. Тэгээд 4 сарын 12 нд Бээжин явах онгоцны тийз авсан. Нисэх хугацаагаа хүлээж байхдаа нэг монгол хүнтэй танилцсан юм. Тэр ах Балбад анагаах ухааны эрдэм сурахаар ирсэн гэж өөрийгөө танилцуулж байсан, бид хоёр хэд хоног нэг газар цуг амьдарсан. Гэтэл тэр хүн миний мөнгийг хулгайлаад алга болсон. Нисэх өдрөө онгоцны буудал дээр очсон чинь авсан билетийг хуурамч байна гээд нисэж чадаагүй. Тэгээд мөнгө ч үгүй юу ч үгүй болсон болохоор Балбын Элчин сайдын Яаманд хоёр ч удаа хандаж тусламж хүсэхэд Элчин сайдын Яаманд нь монгол хүн байхгүй, туслах боломжгүй гэсэн. Мөнгөгүй байна утсаар яриулаач гэхэд мөн л боломжгүй гэсэн хариу сонссон.
-Хүний нутагт ёстой л тэнгэр хол, газар хатуу гэгч болж дээ. Ингэхэд ер нь ямар үндэслэлээр чамайг шоронд хорьсон юм бэ?
-Нутагтаа ирэх мөнгө олох гэж ажил хийсэн юм. Тэгэж байтал Балбад байх визний хугацаа ч дууссан. Тэгээд нэг өдөр гадуур явж байтал гурван цагдаа гүйгээд ирсэн. Тэд миний паспортыг үзээд визний хугацаа чинь дууссан юм байна гээд Элчин сайдын Яамандаа хүргэж өгсөн. Хамгийн гол нь визний хугацаа хэтрүүлсэн, торгуулийн мөнгө 700 доллараа төлж чадахгүй учраас мөнгөө төлж дуустал шоронд суух ёстой гээд л хоригдсон.
-Тэгээд яаж Монгол руу холбоо барьж, учир байдлаа ойлгуулж чадав даа?
-Намайг Непалын еайдьтн Язман дээр байхад Дэнгээ гэдэг түвд лам ирж уулзсан. Тэр хүн монголд сурч байсан болохоор монголоор чөлөөтэй ярьдаг юм билээ. Тэгээд би бүх учраа хэлсэн л дээ. Тэгсэн нь тэр лам чи санаа битгий зов, удахгүй монголоос хүмүүс ирнэ. Тэгэхээр нь би чиний тухай тэдэнд хэлнэ ярина гэсэн. Гэхдээ хэзээ ирнэ гэдгийг хэлээгүй. Тэгээд маргааш нь би шорон руу шилжсэн.
Хоёр сарын дараа эргэлт ирсэн. Тэгсэн NTV-гийн Буянбадрах ах, Дэнгээ лам гээд гурван хүн ирсэн. Тэд эргэлтийн цагаас хоцорч ирсэн болохоор 5, 10 минутын хугацаа л өгсөн. Буянбадрах ахад бүх учраа хэлсэн. Тэгээд л Буянбадрах ах миний талаар телевиз, вэб сайтаар дамжуулж мэдээлэл цацсан юм билээ. Харин Дорнод нутаг клубын ах эгч нар тэр мэдээллийн дагуу ар гэрийнхнийг минь эрж хайж, намайг тэндээс авчрах ямар арга чарга байгаа талаар судалж, хандив цуглуулан торгуулийн мөнгө, онгоцны зардал гээд бүх зардлыг дааж намайг тэр газраас эх нутагт минь авчирсан.
-Балбад амьдрах нөхцөл хэр вэ?
-Бараг л байхгүй дээ. Балбын дэргэд манай Монгол Америк л гэсэн үг.
-Тэнд визийн зөрчилтэй монгол хүмүүс хэр байх юм?
-Балбад би бараг монгол хүнтэй таараагүй. Монгол хүн ер нь байдаг юм уу, үгүй юм уу гэж бодож явсан. Ганц монгол хүнтэй таарсан нь гайгаар мөнгийг минь аваад зугтчихсан.
-Энэтхэгт байх хугацаандаа бурханы номд хэр шамдав? Манай монгол лам нар ном эрдэмдээ хэр вэ?
-Харийн оронд нэгэнт л ном сурах гэж очсон болохооо өөрийгөө дайчилж, хэр хэмжээндээ хичээж сурсан. Гойд сайн сурсан гэдгээ хэлж мэдэхгүй юм. Өөрөө өөртөө яаж үнэлэлт өгөх үү. Тэнд сурч байгаа манай Монгол лам нар бусад лам нараас номондоо үнэхээр гаргууд сайн.
-Ямартай ч элэг нэгт ахан дүүсийнхээ буянаар төрсөн нутагтаа эсэн мэнд эргэн ирлээ. Цаашдаа яах бодолтой байна?
-Тиймээ үнэхээр элэг нэгт ахан дүүсийнхээ буянаар эх орондоо эргэн ирлээ. Отгонбаатар ах, “нутгийн зон олны чинь хандив, сэтгэлийн дэмээр чамайг тэндээс авчирсан шүү” гэж хэлсэн. Отгонбаатар ах, Буянбадрах ах, Дэнгээ лам, нутгийн олон гээд талархлаа хэлэх хүн зөндөө байна. Цаашдаа үргэлжлүүлэн номоо сурна. Нутгийн олныхоо итгэлийг хүлээсэн сайн лам болно. Би чинь удмын лам хүн, 11 жил бурханы номын мөр хөөж явна.
-За баярлалаа.
Буяндэлгэр хүү бид хоёр ийн хөөрөлдсөн. Түүнтэй адил ийм гацаанд орсон хичнээн Монгол хүн харийн оронд зовж тарчилж явааг хэлж мэдэхгүй. Өнөөдөр 1 тн нүүрс 80 долларын үнэтэй болчихоод байхад, Монголын төр нэг иргэнээ 21 мянган төгрөгөөр “үнэлж”, хүн хэмээх баялагаа хайрлаж шүтэж чадахгүй, газрын баялагийг шүтэж байгаа хойно гадны улс бидэнд яаж хандах нь ойлгомжтой биш үү.
Харин Дорнод нутаг клуб, NTV телевизийнхэн Монгол хүний үнэ цэнийг мэдэрч, харийн оронд мэдлэг, мэдээллийн дутмагаас болж гацаанд орсон мянга, мянган Монгол хүний төлөөллийн нэгийг эх оронд нь эсзн авч ирж чаджээ. Үүний цаана хичнээн ийм хүн байгааг эргэн харж, газрын баялагийг бус Монгол хүнээ шүтэж амьдрахсан.
Б.Туяамаа
Эх сурвалж: “Дорнод”
Холбоотой мэдээ
Comments are closed.