antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2017 Comments are off

Дам тамхидалт буюу далд “аллага”

нийтлэсэн Admin

Эвлэрч болохгүй “эрх”

Улаанбаатар хотын авто замаар өдөр бүр 200 мянга гаруй авто машин зорчиж, бидний амьсгалдаг агаарт нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид, бензопирен, диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодисыг ялгаруулж байдаг.

Хэдхэн өдрийн өмнө Улаанбаатарт автомашингүй өдөр боллоо. Машин, утаа хоёр чихцэлдэж байдаг авто замууд цэлийтэл нээгдэж, тэнд хүүхэд багачууд, залуучууд унадаг дугуйгаар чөлөөтэй давхиж, хөгшин хөвөөгүй алхаж зугаалж, бас олон улсын марафон гүйлт боллоо. Жил бүрийн тавдугаар сарын нэг өдрийг нийслэлчүүд ийнхүү автомашины түгжрэлд уураа барахгүй, машины яндангаас гарах хүнд металд хордож, дуу чимээнд дөжрөхгүйгээр амар тайван, баяр хөөртэй өнгөрүүлдэг болоод нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Улаанбаатар хотын авто замаар өдөр бүр 200 мянга гаруй авто машин зорчиж, бидний амьсгалдаг агаарт нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид, бензопирен, диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодисыг ялгаруулж байдаг. Энэ бүх хорт бодисоор нэг өдөр ч болтугай амьсгалахгүй байна гэдэг эрүүл мэнддээ оруулж буй том хөрөнгө оруулалт. 

Авто машины утаанаас ийнхүү нэг өдөр уушгаа чөлөөлсөн шигээ дахиад нэг өдөр эрүүл агаар амьсгалах боломж бидэнд олддог. Энэ бол тамхины эсрэг дэлхийн өдөр буюу тавдугаар сарын 31. Дэлхий нийтээр тамхины эсрэг өдрийг 30 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачлан анх 1988 онд тамхигүй өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш жил бүр тодорхой сэдвийг онцолж иржээ. Энэ жил “Дам тамхидалтаас урьдчилан сэргийлье” гэсэн уриан дор тамхины эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дам тамхидалтыг ингэж онцолсон ч учиртай. Учир нь дам тамхидалтаас болж амьсгалын замын болон зүрх судасны өвчин, хорт хавдар тусч байгаа хүний тоо дэлхий даяар жилээс жилд нэмэгдэх болжээ. Тамхинаас болж дэлхий даяар жил бүр зургаан сая хүн амь насаа алддаг. Тэдний 600 мянга нь дам тамхидалтын улмаас хорвоог орхидог байна. Хэрвээ тамхидалтын хүрээ энэ хэвээр нэмэгдсээр байх юм бол дам тамхидалт ч мөн өснө. Орчин тойронд чинь тамхи татдаг хүн байгаа л бол та огт тамхи татдаггүй байлаа ч тамхинд агуулагддаг хорт бодисын улмаас хорт хавдар тусах магадлал 30 хувиар нэмэгддэг байна. Хамт ажилладаг найз нөхөд, эсвэл хөрш айлын чинь хүн тамхи татдаг бол та өөрийгөө дам тамхичин гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ та ажлын байран дээрээ болон орон гэртээ, олон нийтийн газарт тамхичидтай эвлэрсээр байгаа бол нэг л өдөр тамхинаас болж жил бүр хорвоог орхиж байгаа 600 мянган хүний нэг болно гэдгээ ухаараарай. Олон нийтийн газар, орон байрны орцонд тамхи татаж зогсоо хэн нэгэнд шаардлага тавьж үзсэн үү. Мэдээж тэд хүний эрх гэдэг үгээр ам таглах гэж мэднэ. Харамсалтай нь тамхи татах нь хүний эрх биш. Харин эрүүл, аюулгүй орчноор хангуулах нь хүний эрх. Тэгэхээр тамхи татна гэдэг бол эвлэрч болохгүй “эрх” юм. Хэрвээ та тамхи татдаг бол, нэгэнт энэ буруу зуршлаа хаяж чадахгүй байгаа бол хамгийн түрүүнд бусдыг хордуулахгүй байх хэрэгтэй.

 “Усан бассейнд бие зассаар л байх уу?”

Энэ бол ОХУ-д цацагдсан тамхины эсрэг телевизийн сурталчилгааны үг. Дам тамхидалтын хор хөнөөлийг хурцаар илэрхийлсэн хэрэг. Үнэхээр усан бассейнд сэлж байгаад өтгөн, шингэн алинаар нь ч бай мөр харж орхих юм бол яах нь тодорхой. Дам тамхидалт гэдэг яг үүн шиг. Яагаад гэвэл бид нэг л агаараар амьсгалдаг. Таны татсан тамхины утаа ойр орчмын чинь бүх хүнийг хордуулж, тэдний амьсгалах агаарт хорт бодисууд нь тархадгаараа усан бассейнд бие засахтай адил. Дам тамхидалтыг үүнээс өөрөөр яаж илэрхийлэх билээ.

ОХУ-ын Төрийн ДУМ-ын Эрүүл мэндийн байнгын хорооны дэргэдэх шинжээчдийн зөвлөлийн гишүүн А.Шабашов, “Тамхигүй хүүхдүүд” олон улсын байгууллагын Евро-Азийн бүсийн төслийн менежер А.Скатова нар өнгөрсөн долоо хоногт Монголд ирж ажилласан юм. Тэд энэ үеэрээ тамхидалт болон дам тамхидалттай хийж буй дэлхий нийтийн тэмцэл, өнөөгийн байдлын талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн билээ. Эдгээр мэргэжилтнүүд манай Эрүүл мэндийн яам болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаа, өөрсдийн ажиглалт  тандалт зэрэгт үндэслэн Монголд дам тамхидалт их байгааг онцолж байв. Тамхидалт,  тэр тусмаа дам тамхидалтыг таслан зогсоох чиглэлээр олон улсад болон хойт хөрш ОХУ-д авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, алхмуудад монголчууд бидэнд сургамжтай, бас санаа авууштай зүйл их байдаг ажээ.

УИХ Олон улсын конвенцийг зөрчжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан Тамхины хяналтын суурь конвенц гэж бий. Энэхүү конвенцид Монгол Улс 2003 онд нэгдэн орсон байна. Ингээд 2005 онд УИХ Тамхины хяналтын тухай хуулийг баталсан ажээ. Уг хуулийг 2012 онд шинэчлэн найруулсан. Тамхины хяналтын тухай хуулийн энэхүү шинэчилсэн найруулга маш сайн хууль болсон гэдгийг олон улсын шинжээчид, ДЭМБ-ынхан хүлээн зөвшөөрдөг байна. Харамсалтай нь 2015 онд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж тамхи татах цэг байгуулахыг зөвшөөрсөн нь Тамхины хяналтын суурь конвенцийг зөрчсөн алхам болжээ. Өөрөөр хэлбэл манай УИХ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцийг зөрчсөн гэсэн үг. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр мөрдөгдөх ёстой бөгөөд түүнийг дордуулсан заалт бүхий хууль баталж болохгүй гэдэг зарчмыг хууль тогтоогчид маань ийн умартжээ. Ингэснээр албан байгууллага, олон нийтийн газар тамхи татах цэгүүд байгуулагдаж, дам тамхидалт даамжирсаар л байгаа билээ.

Уг нь ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн гуравдугаар хэсгийн наймдугаар зүйлд “Тамхины утаанд нэрвэгдэх явдлаас хамгаалах” гэсэн бүхэл бүтэн бүлэг заалт бий бөгөөд “…тамхины хэрэглээний түвшин, тамхины утаанд нэрвэгдэх явдлыг тасралтгүй бөгөөд үлэмж хэмжээгээр бууруулах”-ыг уриалсан байдаг. УИХ-аас 2013 онд баталсан Тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөрт Тамхины хяналтын суурь конвенцийг хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан бүлэг бий. Гэвч Тамхины хяналтын тухай хуульд 2015 онд оруулсан өөрчлөлтөөс болж олон улсын конвенц болон үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ноцтой зөрчигджээ.

Монгол хүүхдүүдийн 42-54 хувь нь дам тамхидалтад өртөж байна

Дам тамхидалт буюу далд “аллага”

Дэлхий дахины залуучуудын тамхины хэрэглээний судалгаа төслийн хүрээнд манай улсын ерөнхий боловсролын сургуулиудын 13-15 насны сурагчдын дунд судалгаа явуулахад тэдний 42.4 хувь нь гэртээ, 49.8 хувь нь хаалттай орчин болон олон нийтийн газарт дам тамхидалтад өртөж байгаа нь тогтоогджээ.

Монгол Улс дахь дам  тамхидалтын гол хохирогчид нь хүүхэд, өсвөр насныхан болж байна. Энэ бол томчууд бид үр хүүхдээ, ирээдүй хойчийн залуусаа тамхины утаагаар хордуулж, эрүүл мэндийг нь хөнөөж байна гэсэн үг. Баримт түшье. Дэлхий дахины залуучуудын тамхины хэрэглээний судалгаа төслийн хүрээнд манай улсын ерөнхий боловсролын сургуулиудын 13-15 насны сурагчдын дунд судалгаа явуулахад тэдний 42.4 хувь нь гэртээ, 49.8 хувь нь хаалттай орчин болон олон нийтийн газарт дам тамхидалтад өртөж байгаа нь тогтоогджээ. Судалгаанд хамрагдсан сурагчдын эцэг эхийнх нь нэг эсвэл хоёулаа тамхи татдаг гэж 54.5 хувь нь хариулсан байна. 

Энэ бол сэтгэл эмзэглүүлсэн тоо. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын 40-50 хувь нь тамхины хамааралтай орчинд өсч өндийж байгаа нь ирээдүйд тэдний эрүүл мэндэд амьсгалын замын болон зүрх судасны өвчлөл, хорт хавдар зэрэг эрсдлүүдийг хэд дахин нэмэгдүүлж байгаа хэрэг юм. Учир нь дам тамхидалтад өртсөн хүний уушиг өдөрт 10 янжуур татсан хүнийхтэй адил хорддог байна. Нөхөр нь тамхи татдаг бол эхнэр нь тамхи татдаггүй байлаа ч уушигны хорт хавдрын магадлал мөн 30 хувь нэмэгддэг байна. Тамхи татдаггүй хүмүүс өдөрт гурван цаг тамхины утаанд өртсөнөөр улаан хоолойн хорт хавдар үүсэх магадлал гурав дахин, бусад төрлийн хорт хавдар үүсэх магадлал хоёр дахин нэмэгддэг гэдгийг эмч мэргэжилтнүүд судалгааны үндсэн дээр тогтоожээ. Ер нь дам тамхидалтад өртсөн хүмүүсийн хувьд юуны түрүүнд уушигны хорт хавдраар өвчлөх магадлал өндөрсдөг байна. Яагаад гэвэл тэд өөрсдөө тамхи татахгүй байлаа ч тамхины утаа, хорт бодис бүхий агаараар амьсгалж байгаа болохоор тэр. Дам тамхидалтын нэг жишээ бол ОХУ-ын нэгэн рестораны зөөгч эмэгтэй өөрөө тамхи татдаггүй атлаа уушигны хорт хавдраар нас барсан явдал. Тэрээр хорт хавдартай гэдгээ мэдсэнийхээ дараа дам тамхидалтын эсрэг эрчимтэй  тэмцэж, тамхины эсрэг сурталчилгааны нүүр царай болж байжээ. Хөөрхий эмэгтэй тамхидалттай орчинд олон жил ажилласнаас болж ийнхүү амь насаа алдсан байна.

Утааг сааруулахад агааржуулалтын систем үр дүнгүй

ОХУ-ын Төрийн ДУМ-ын Эрүүл мэндийн байнгын хорооны дэргэдэх шинжээчдийн зөвлөлийн гишүүн А.Шабашовын онцолсон зүйл бол дотоод орчинд тамхи татахад бүгд нэг агаараар амьсгалж байгаа учир ямар нэг хэмжээгээр бусад хүн хорддог бөгөөд тамхины утааны хорыг саармагжуулахад агааржуулалтын систем ямар ч үр дүнгүй гэдэг санаа. Энэ бол зөвхөн түүний санаа төдий биш олон удаагийн туршилт, баримт жишээгээр нотлогдсон зүйл ажээ. Бид орон сууцны айлууд болон албан өрөөнд агааржуулалтын систем хийснээр дотор орчны тамхины утаанаас өөрсдийгөө бүрэн хамгаалчихлаа гэж боддог. Тэгж боддог тул ажлын байрныхаа аль нэг өрөө, буланд тамхи татах цэг байгуулахыг хүлээн зөвшөөрдөг. Хуульд ч ийм зохицуулалт хийчихсэн хойно энэ бол байх ёстой зүйл болж таарч байна. Гэтэл олон улсад өөр ажээ. Ажлын байр, дотоод орчинд тамхи татахыг бүрмөсөн хориглох хэрэгтэй хэмээн ноён А.Шабашов байр сууриа илэрхийлсэн.

Дам тамхидалт буюу далд “аллага”

Яагаад агааржуулалтын систем үр дүнгүй вэ. Үүнд өгөх хариулт бэлэн. АНУ-ын нэгэн төрийн бус байгууллага дам тамхидалтыг зогсоомоор байвал ажлын байрны тамхидалтыг бүрэн хориглох ёстой гэсэн уриалга гаргажээ. Тэд судалгаа хийсний үр дүнд аливаа барилга, орон сууцны агааржуулалтын систем тамхины утааг саармагжуулж гадагшлуулдаггүй, харин ч иргэд агааржуулалтын системээр дамжин хурдан хорддог гэдгийг тогтоосон юм байна. Тамхины утаа агаараар дамжин маш хурдан шилжиж тархдаг. Бид тамхины утаа, үнэрээс цэрвэдэг боловч огт үнэртдэггүй боловч хувцас, хивс, модон эдлэл зэрэгт наалдаж үлддэг үнэр, амтгүй хорт бодисуудыг огт тоодоггүй байна. Гэтэл тэрхүү үл үзэгдэгч, үл үнэртэгч бодисууд хамгийн хортой бөгөөд хүний уушгинд орвол эргэж гардаггүй, алга болдоггүй юм байна. Эндээс л уушгины хорт хавдрын эх суурь тавигддаг ажээ. Тэгэхээр агааржуулалтын хоолойгоор тамхины утаа сарниж алга болсон төдийг бид хоргүй боллоо гэж ойлгож огт болохгүй нь.

Тамхины утааг арилгахад агааржуулалтын систем үр дүнгүй гэдгийн нэг тод жишээ байдаг аж. “Бритиш Американ табак” компанийн ажилтнууд шүүхэд хүргэсэн нотолгоондоо агааржуулалтын аргаар тамхины эсрэг тэмцэх нь үр дүнгүй гэдгийг тогтоосон баримтыг нуун дарагдуулсан нь илэрч байжээ. Тиймээс хөгжингүй орнуудад бол агааржуулалтын систем гэдэг үлгэрт хууртдаггүй байна. Аливаа улсын хүн амын 70-80 хувь нь дотоод орчинд тамхи татахыг эсэргүүцдэг гэдэг статистик ч бий. Гэвч үүний эсрэг дотоод орчин дахь тамхидалтыг дэмжсэн худал мэдээллийг тамхи үйлдвэрлэгчид тараадаг гэдгийг “Тамхигүй хүүхдүүд” олон улсын байгууллагын Евро-Азийн бүсийн төслийн менежер А.Скатова хэлж байв.

Дэлхийн хэмжээнд тамхидалттай эрчимтэй тэмцэж байгаа ч энэ тэмцэл олон эсэргүүцэл, бэрхшээл саадтай тулгардаг байна. Мэдээж тамхи үйлдвэрлэгчдийн эсэргүүцэл хамгийн хүчтэй. Учир нь тэд мөнгөтэй. Тиймээс орлогоо бууруулахгүйн тулд тамхидалтын эсрэг аливаа кампанит ажилд таагүй ханддаг байна. Түүгээр зогсохгүй тамхидалтыг хөхиүлэн дэмжих, иргэдэд зориудаар буруу ташаа мэдээлэл өгөх явдал ч гадаадын улс орнуудад цөөнгүй гардаг гэнэ.

Зоогийн газруудаас зоригтой эхэлье   

Дам тамхидалт гэдэг байж болохгүй зүйл. Үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй. Яагаад гэвэл аливаа хүн тамхи татах эсэх нь өөрийнх нь сонголтын хэрэг. Харин тэр хүн энэ сонголтыг хийхдээ бусдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх ёсгүй. Тамхи татахыг цээрлэдэг атлаа өөрөө ч мэдэлгүйгээр уг хорт зуршлын нөлөө хамааралд автан, эрүүл мэндээрээ хохирно гэдэг нэг үгээр хэлбэл чимээгүй аллагыг хүлээн зөвшөөрч, үхлийн тунг хүлцэнгүйгээр залгилж байгаагаас өөрцгүй.

Тиймээс дэлхий нийтээр дам тамхидалтыг таслан зогсоохын төлөө хүчтэй тэмцэж байгаа ажээ. Ингэхийн тулд  юуны өмнө олон нийтийн газар, ресторанууд тамхи татахыг хориглох хэрэгтэй гэж үздэг байна. Үдийн хоолоо идэхээр ресторанд ороод идсэн хоолныхоо илчлэгээс ч илүү хэмжээтэй тамхины хор, никотин болон бусад бодисоор амьсгалаад гарах нь байж болох, тэвчиж болох зүйл үү. Үгүй. Тиймээс нийтийн хоолны газарт тамхи татахыг бүрэн хориглох ёстой гэж ДЭМБ болон тамхины эсрэг  тэмцдэг олон улсын байгууллагууд уриалдаг байна. Ийнхүү нийтийн хоолны газар, ресторануудад тамхи татахыг бүрэн хориглосноор тэдний орлого нь буурч эдийн засгийн хувьд эрсдэлд орно гэдэг мэдээлэл гардаг. Энэ бол худлаа гэдгийг ч олон улсын шинжээчид хэлж байна. Үйлчилгээний газруудад тамхидалтыг бүрэн хориглоно гэдэг бол тамхи татах цэг байгуулахгүй байна гэсэн үг. Яагаад гэвэл дотоод орчинд тамхидалтыг хэсэгчлэн хориглох нь үр дүнгүй гэдэг нь тогтоогдсон. Тамхийг бүрэн хориглосон орчин, хязгаарлалтай хориглосон газар хоёрыг харьцуулахад хязгаарлалттай буюу тамхи татах цэг бүхий орчны хорт бодис 35 дахин их байдаг нь тогтоогджээ. Түүнчлэн тамхи татах цэгтэй рестораны агаар дахь никотины хэмжээ жирийн рестораныхаас 56 дахин их байсан аж.

Олон улсад дам тамхидалттай тэмцэж байгаа жишээнээс дурдвал Шотландад дотоод орчинд, олон нийтийн газар тамхи татахыг бүрэн хориглосон юм байна. Ингээд судалгаа хийхэд нэг жилийн дараа хүүхдийн астма өвчин, уушигны өвчлөл хоёр дахин буурсан байжээ. Тэгвэл АНУ-д мөн ингэж хорьсноор амьсгалын замын болон зүрх судасны өвчлөл 13-33 хувиар буурсан байна.

Дотор орчинд, ялангуяа нийтийн хоолны газар, ресторанд тамхи татахыг хориглох нь эдийн засагт сөрөг нөлөөтэй гэдэг худлаа. Харин ч тамхи татах нь ажлын байранд хэвийн үйл ажиллагаа явуулахад сөрөг нөлөөтэй. Мөн бүтээмжийг бууруулдаг. ОХУ-д дам тамхидалтын эсрэг томоохон кампанит ажил өрнөжээ. Үүнээс болж Ресторануудын холбооны тэргүүн Ч.Букарев тамхи үйлдвэрлэгчдийн нөлөөнд орж баруунд тамхийг хориглосноор ресторануудын орлого 20-30 хувиар буурч, дампуурсан гэдэг худал мэдээллийг хэвлэл мэдээллээр тараасан ажээ. Тэрээр энэ асуудлаар В.Путинд хүртэл өргөх бичиг барьж байжээ. Харин эцэстээ түүний тараасан дээрх мэдээлэл худлаа гэдэг нь  илэрсэн байна. Тухайлбал баруунд Ирландын айриш пабуудад тамхигүй орчин бий болгосон ч орлого нь буураагүй. ОХУ-д ч гэсэн тамхийг бүрэн хориглосноор ресторан, хоолны газруудын орлого буураагүй байна. Тиймээс тамхийг хориглосон нь эдийн засгийн сөрөг нөлөөгүй гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Нийтийн хоол, рестораны үйлчилгээ эрхэлдэг хүн бүр тамхийг бүрэн хориглох шийдвэрийг эсэргүүцээгүй. Жишээ нь Ирландын айриш пабуудын холбооны тэргүүн Аркадий Новиков тамхи татахгүй бол пабуудын орлого нэмэгдэнэ. Хүмүүс тамхи татах гэж цаг үрэхгүй тул гүйлгээ хурдасна гэж мэдэгдэж байв.

Тамхидалт дэлхийд

Өнөөдөр дэлхий дээр 1.3 тэрбум хүн тамхи татаж байна. Энэ нь дэлхийн хүн амын 18.5 хувь. Гэвч дэлхийн хүн амын 60 хувь, хөгжиж буй улс орнуудын хүн амын 80 хувь нь тамхины хамааралтай байна. Өөрөөр хэлбэл тамхи татдаг нэг хүнээс болж гурван хүн дам тамхидалтад өртөж байгаа гэсэн үг. Тамхины үйлдвэрлэл, хэрэглээ хөгжиж буй орнуудад өндөр байгаа нь ч анхаарал татах үзүүлэлт юм. Энэ нь хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн сул дорой байдал, хүмүүсийн амьжиргааны түвшин, орлого, ухамсар зэргээс шалтгаалдаг байна. Тамхинаас болж XXI зуунд нэг тэрбум хүн амь насаа алдах магадлалтай гэсэн ДЭМБ-ын судалгаа ч бий аж.

Тамхидалт Монголд

Монгол Улсад амьсгалын замын эрхтэн тогтолцооны болон зүрх судасны өвчин хамгийн их байдаг. Түүнчлэн нас баралтын гол шалтгаанд зүрх судасны өвчин, хорт хавдар давамгайлж байгаа нь тамхидалттай шууд холбоотой. Монголчуудын 45-аас дээш насныхны бараг 50 хувь нь тамхинаас шалтгаалан эрүүл мэндийн хувьд гурваас дээш эрсдэлтэй болдог гэдгийг ч судлаачид тогтоожээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн тэргүүлэх судлаач, доктор П.Энхтуяагийн мэдээлснээр манай улсын хэмжээнд жил бүр 2000-3000  хүн тамхинаас  шалтгаалсан өвчний улмаас нас барж байгаа ажээ.

Ардын эрх сонин 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car