antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2017 Comments are off

Эх орны дайныг ялалтанд хүргэхэд бидний өвөг дээдэс чадах ядахаараа тусалсан

нийтлэсэн Admin
1941 оны зун Герман ЗХУ-руу гэнэт халдан довтолсон дайны эхний өдрөөс л Монголчууд   «Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө» гэсэн уриан дор ажиллаж, Зөвлөлтийн ард түмэнд бололцоотой бүхнээрээ туслах хөдөлгөөн  нийт хүн амынхаа дунд өрнүүлж эхэлсэн юм.  Фронтод туслах мөнгөн хөрөнгө бий болгохын тулд үйлдвэр, албан газрын ажилчин, албан хаагчид өдөр шөнөгүй ажиллаж, амралтын өдрүүдээрээ хүртэл “субботник” хийж, олсон орлогоо Бэлэглэлийн төв комисст шилжүүлж байжээ. Улаан армийн хэрэгцээнд зориулж агт морьд худалдаж, бэлэглэх нь фронтод туслах ажлын онцгой чухал хэсэг байв.  ЗХУ-ын зүгээс улаан армийн хэрэгцээнд зориулж агт худалдаж авах санал тавьсны дагуу МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлөөс 1942 онд сайн дураар агт морьд худалдахыг ард түмэнд уриалжээ. Үүний дагуу малчин ардууд сайн морьдоо улсаас тогтоосон үнээр фронтод худалдах компанит ажлыг өрнүүдж байлаа.
    Энэхүү нөр их ажлын  ажлын үр дүнд Монголын ард түмэн дайны жилүүдэд фронтод зориулан хагас сая шахам морьдоо хямдруулсан үнээр худалдаж, 30 гаруй мянган шилдэг хүлгээ  бэлэглэж байжээ.   Монголын төлөөлөгчид галын фронтод удаа дараа хүрэлцэн очиж, 500 мянган тонн мах, 700 гаруй вагон дулаан хувцас, хүнсний зүйл, хувийн бэлгийг гардуулсны дээр «Хувьсгалт Монгол» танкийн бригад, «Монгол ард нисэх онгоцны эскадрилийг байгуулж улаан армид хүлээлгэн өгч байжээ. Ийнхүү  дайны фронтоос 6-7 мянган км  алслагдсан гүн ар талд  Монголын ард түмэн бүхий л бололцоогоо дайчлан хөдөлмөрлөж, Улаан армид туслах олон хэлбэрийн ажлыг  өрнүүлсний дүнд  тэр үеийн ханшаар  435  сая төгрөгийн үнэ бүхий мал, эд материалын зүйл, 100 мянган ам.доллар, З00 орчим кг алтыг биетээр өгч байжээ. Увс аймгийн Өмнөговь сумын малчин эмэгтэй Бадам өөртөө байсан бүх хөрөнгө  буюу 16 тэмээ,, 93 адуу, 1600 хонь ямаа, 10000 төгрөгөө харамгүй  бэлэглэж байсан учир ард түмний дунд Фронт Бадам нэрээр алдаршсан байдаг. 10 мянган төгрөг гэдэг нь тэр үеийн ханшаар 12500  хонь гэсэн үг.
   Улаан армид очсон монгол морьд дайны хүнд хүчрийг эр цэргийн адил үүрч Берлин орж, их ялалтад хувь нэмрээ оруулсан билээ. Эх орны дайны фронтод монгол морь унаж, олон удаагийн тулалдаанд оролцсон Д.С.Добрушин: “Анхлан монгол морь хүлээн авахад бие жижиг гэж голоод цэргүүд олзны, том биетэй морь авч унах гэж хүсдэг байсан. Марш хийгээд гурав дөрвөн хоног хатирах газар хатирч, шогших газар шогшуулахад германы том морьд 4-5 цаг яваад усан хулгана болтлоо хөлрөөд ирнэ, харин монгол морьд огт зүгээр, маршаар яваагүй юм шиг л харагддаг байсан. Зарим үед гол, горхи, худаг ус дайралдахгүй европ морьд харангадаж ядраад, явдал нь удаашраад ирэхэд монгол моринд тийм юм харагдахгүй огт сааталгүй, нэгэн хэвийн л яваад байна. Манай морьт корпуст монгол морины нэр хүнд хурдан хугацааны дотор мөн ч мундаг дээшилсэн дээ” гэж дурсан бичсэн байдаг. Мөн ЗХУ, БНМАУ-ын баатар, армийн генерал И.А.Плиев: “Монгол нөхдийн гар таталгүй биднийг хангаж байсан номхон сурамгай морьд нь Зөвлөлтийн танктай зуузай холбон давхисаар Берлин хүрсэн юм” гэж монгол морьдыг үнэлсэн байдаг.  Монгол морьдын маань хөшөө дурсгал өнөөдөр Москвад хөшөө дурсгал болон мөнхөрлөө.
 Фронтод бэлэг хүргэж ирсэн Монголын төлөөлөгчдөд зориулж 1943 онд Кремлийн ордонд хийсэн дайллага дээр И.Сталин: “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг алдарт үгээ хэлсэн гэдэг. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2014 онд Монгол Улсад айлчлал хийх үеэрээ хэлсэн үгэндээ: “Эх орны дайны жилүүдэд Монгол Улсаас үзүүлсэн тусламжийг бид өндрөөр үнэлдэг” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
    “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэг. 1945 оны 2 сард Ялтад болсон их гүрний удирдагчдын уулзалтын үеэр Сталины шахалтаар  “Гадаад Монголын статус кво”-г хэвээр үлдээхээр АНУ-ын ерөнхийлөгч Рузвельт, Их Британы төрийн тэргүүн Черчилл нар зөвшөөрсөн нь Монголчууд бидний хувьд маш том үйл явдал болсон юм. Зөвлөлтийн удирдагч Генералиссимус Сталин бол Монголчууд бидний тусгаар тогтнолын төлөө асар их хүчин зүтгэл гаргасан хүн. Иймээс ч Цэдэнбал дарга тухайн үед Хрушевын дарамт шахалтын эсрэг тууштай зогсож, Сталины хөшөөг буулгаагүй билээ.
  Үүнээс дутахааргүй нэгэн баримтыг дурьдахгүй өнгөрч болмооргүй санагдана. Агуа их эх орныг ялалтанд хүргэсэн Зөвлөлтийн цэргийн шилдэг жанжнууд “хөдөлмөрийн гараагаа” Монголоос эхэлж байсан нь их сонин.  ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, БНМАУ -ын Баатар, эх орны дайны цуут жанжин, ЗХУ-ын маршал Георгий Константинович Жуков (1896 – 1974) гуайг “Ялалтын бэлэгдэл маршал” гэж дэлхий даяар үнэлдэг. Дайны хатуу ширүүн  үед төрсөн Зөвлөлтийн олон  жанжны дотроос маршал Жуков гуайг хамгийн гарамгай нь байсан гэж би хувьдаа боддог. Түүний бичсэн “Дурдатгал Бодрол” номыг  орос хэл дээр оюутан байх үедээ уншдаг байлаа. Ядуу тариачин гэр бүлээс гарч, жагсаалын цэргээс маршал болтлоо түмэн бэрхшээлт, мянган адармаат замыг туулсан тэрээр ард түмэн цэрэг армийн дотор алдартай нэгэн байсан гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.
     Халхын голын байлдааны эхэн үе буюу 1939 оны 7-р сард Сталин Жуковыг командлагчаар томилсон ба  тэрээр нэмэлт хүчийг ар талаас яаралтай татах арга хэмжээнүүдийг шууд авч эхэлжээ. Энэ үед одоогийн Эрээнцав-Баянтүмэнгийн хооронд цэргийн зориулалттай төмөр зам асар богино хугацаанд баригдсан  ба энэ төмөр замаар зэвсэг техникээ зөөвөрлөсөн нь Халх голын байлдааны үйл ажиллагаанд стратегийн чухал үүрэг гүйцэтгэсэн юм
  Японы цэргүүд Халх голыг гатлан Баянцагааныг эзлэн аюултай байдал үүсгэсэн энэ үед Жуков эрс шийдэмгий арга хэмжээ авч, хамгаалах биш харин Японы цэргийн түшиц газар руу давших тактик хэрэглэн  Япончуудыг буудаж бөмбөгдөх тушаал өгсөн байна. Энэ эрс шийдвэрийн ачаар япончуудыг Баянцагаанд бут цохин тэд нарыг дахин Халхын голыг гатлах боломжгүй болгосон билээ.
 Жуков үүний дараа Ленинградын бүслэлтийг сэтлэх, Курскийн тулалдаан, Днепр мөрнийг гатлах, Украйн, Беларусс, Болгар, Варшавыг чөлөөлөх, Берлиныг эзлэх үедээ дайснаас түрүүлж давшилт хийх энэ аргаа амжилттай хэрэгжүүлж чадсан байдаг. Жуков нь холбоотнууд болох АНУ, Англи, Францын төлөөлөгч нарын хамт фашистын германы бууж өгөх актанд Берлин хотноо гарын үсэг зурсан гавъяатан бөгөөд 1945 онд Москва хотод болсон Ялалтын парадыг хүлээж авч байлаа.
  Маршал Жуковын гэр музейг Бал даргын хичээл зүтгэлээр 1974 онд Монголд байгуулсан юм.    Халхын голын байлдаанд ялалт байгуулсныхаа төлөө тэрбээр анх удаагаа ЗХУ-ын Баатар цолоор шагнуулсан  тэрээр эмх журам сахиулах үүднээс тушаал биелүүлээгүй цэргүүдийг жагсаалын өмнө буудан хороох арга хэмжээ авч эхэлсэн ба цэрэг эрсээ алдахаас огтхон ч эмээдэггүй нэгэн байжээ. “Цэрэг эрсийг хайрлах хэрэг юун. Эмс хүүхнүүд ахиад л төрүүлчихнэ” гэж хэлж байсан нь хэдийгээр харгис хэрцгий ч гэсэн цэрэг дайны хатуу ширүүн үед стратегийн хувьд тухайн үедээ голоо олсон арга хэмжээ гэх юм билээ.
    Тэрээр “Ялъя гэвэл давш, эхэлж цохь, өөрийн болоод өрөөлийн хэн бугайг ч бүү өрөвд!” гэсэн зарчимтай нэгэн байж. 1945 оны 4 сард Берлинийг эзлэх тулалдаанд л гэхэд 500 000 гаруй орос цэрэг амь эрсэдсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.  1945 онд маршал Эйзенхауэртэй уулзахдаа “Минажүүлсэн талбайд эхлээд торгуулийн батальоны цэргүүдийг оруулж, минүүдийг нь дэлбэлсний дараа танкнуудаа оруулдаг” гэсэнд нөгөөх нь машид их гайхаж байсан гэдэг.  Зэвсэгт Хүчний Дээд Ерөнхий командлагч И.В.Сталины тушаалаар Г.К.Жуков Сталинградын дэргэд Германы цэргийг бут цохих, 1943 онд Ленинградын бүслэлтийг сэтлэх, Курсийн тулалдаанд Зөвлөлтийн цэргийн давшилтыг зохион байгуулах үйл ажиллагааг удирдан зохицуулж байв.
     ЗХУ-ын Маршал Рокоссовский 1945 онд Москвад болсон ялалтын парадыг удирдах эрх гавьяагаар нь түүнийг их ялалтыг авчирсан Жуковын дараа орох хүн гэж зүй ёсоор тооцдог. Тэрээр  Монголд 1921 оны үед 35 дугаар морьт хороог командалж, Зэлтэр, Булганы урьд талаар байлдаж, барон Унгернийг баривчилж явсан нэгэн бөгөөд Монгол улсад ирж, гурван жил гаруй дивизийн зөвлөхөөр ажиллаж, Егүзэрийн хийдэд лам нарын бослогыг даралцаж байжээ. Зөвлөлт Холбоот Улсын Маршал  К.Ворошилов ч Монголд ирж цэрэг армийн хатуужилд суралцсан байдаг. “Хүрэн морьтой Ворошилов, хүрээд ирдэг Ворошилов” гэдэг дуу хүртэл байдаг биз дээ. ЗХУ-ын СнЗ-ын дарга, ЗХУ-ын Дээд Зөвлөлийн дарга агсан К.Ворошилов 1957 онд БНМАУ-ын баатар цол хүртэж, Сүхбаатарын одонгоор 2 удаа, байлдааны гавьяаны одонгоор 3 удаа шагнагдаж байсан хүндтэй нэгэн.
  Мөн маршал И.С.Конев, Р.Я.Малиновский, А.М.Василевский, армийн генерал И.А.Плиев, И.И.Федюнинский, М.С.Малинин, маршал В.А.Судец, А.И.Данилов зэрэг Зөвлөлтийн гарамгай жанжин, цэргийн зөвлөгч нар Монголд ирж, дайсны эсрэг хамтын тулалдаанд оролцож, тус орны батлан хамгаалах хүчнийг зузаатгах, манай эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах үйлсэд тусалж байжээ. Монгол нутгийн хөрс шороо ийнхүү эдгээр эрхмүүдийг чангаруулж хатуужуулж байсан нь хөдөлшгүй баримт. Тэдний нэрийг Монголын ард түмэн үеийн үед мартах ёсгүй юм.
    Ш.Пүрэвсүрэн        2017-05-09

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car