Ноён Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгоход хүргэсэн хүчин зүйлсийн нэг нь “шүүх эрх мэдлийг шинэчлэх” амлалт байсан юм. Монголчууд түүнийг Ерөнхийлөгчөөр сонгочихвол л “шударга шүүх”-тэй болно хэмээн итгэсэн, итгэж байгаа. Тэгвэл “шүүхийг шударга болгох” зорилгоос илүүтэй “эрх мэдэлтэн, олигархи (Тухайлбал, Ерөнхийлөгч, Засаг дарга)-аас хараат бус шүүхтэй байх” явдал чухал юм байна гэх дүгнэлтэнд доор өгүүлэх баримтууд эрхгүй хүргэнэ.Хэрвээ шүүхийн байгууллага хэрэгтэй бол шүү дээ.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Ц.Батболдын нэхэмжлэлтэй шат, шатны шүүхийн шийдвэрүүд миний өмнө байна. Хэргийн материалаас үзвэл түүний 2006 онд худалдан авсан “Эрдэнэ-Хүнс” ХХК-ийн барилгын байрлах 3700 м.кв газрын нэг хэсгийг 2010 оны 7-р сарын 10 (наадам)-ны өдөр хэсэг хүмүүс хашаа татан, барилгын суурь ухаж эхэлжээ. Ингэхдээ Аймгийн Засаг даргын шийдвэртэй гэсэн байна. Иргэн Батболд 15 жилийн хугацаатай худалдаа, үйчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болохоо нотлон, газрыг чөлөөлөх, газар эзэмших гэрчилгээ, гэрээг хүчингүй болгох талаар аймаг, сумын Засаг даргаас ямар нэгэн захирамж, эрх зүйн акт гараагүй болохыг учирласан ч Засаг дарга ам шийдвэр өгсөн гэх хариу сонсчээ. Ингээд шүүхэд хандахаас аргагүй болсон бололтой юм.
БАРИМТ 1. ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2010 оны 07-р сарын 27-ны өдөр.
Шүүх Баруун-Урт сумын 1-р багийн иргэн Ц.Батболдын “Аймгийн Засаг даргын хууль бус ам шийдвэрийг хүчингүй болгох, миний эзэмшлийн газар дээр явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоож, газрыг чөлөөлөхийг даалгах шийдвэр гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагад захиргааны хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч эзэмшил газар дээр нь хэрэм босгож, зам тавьж байгаа үйл ажиллагааг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
ЗАХИРАМЖЛАХ нь:
Ц.Батболдын эзэмшил газар дээр Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн шийдвэрээр хэрэм босгож, зам тавьж байгаа үйл ажиллагааг хэргийг эцэслэн шийдвэрлэтэл түдгэлзүүлсүгэй.
Захиргааны хэргийн шүүхээс ийм шийдвэр гарчээ. Гэвч Засаг дарга “ам” шийдвэрээсээ буцсангүй, “Жавхлант Сүхбаатар” ХХК иргэн Ц.Батболдын газар дээр худалдааны төвийн барилга барьж эхэлжээ.
БАРИМТ 2. ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2010 оны 09-р сарын 02-ны өдөр.
Баруун-Урт сумын 1-р багийн иргэн Ц.Батболдын “Аймгийн Засаг даргын хууль бус ам шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэрэгт Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 07-р сарын 27-ны өдрийн 48 тоот захирамжаар Ц.Батболдын эзэмшил газар дээр Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн шийдвэрээр тоосгон хэрэм босгож, зам талбай засаж, барилга барьж байгаа үйл ажиллагааг түдгэлзүүлэхээр даалгасныг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
ЗАХИРАМЖЛАХ нь:
Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 07-р сарын 27-ны өдрийн 48 тоот шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
Шүүхийн энэхүү албадан гүйцэтгэх захирамж ч хэрэгжсэнгүй.
2010 оны 10-р сарын 08-нд Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн шүүхээс иргэн Ц.Батболдын нэхэмжлэлийг хангаж, газрыг чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Харамсалтай нь шүүхийн шийдвэрийг Засаг дарга үл тоосон байна. Иргэн Ц.Батболд Монгол Улсын Дээд Шүүхэд ханджээ.
БАРИМТ 3. МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2010 оны 12-р сарын 06-ны өдөр.
ХЯНАВАЛ:
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын 2006 оны 11-р сарын 16-ны өдрийн “Эзэмшил газар олгох тухай” 184 дүгээр захирамжаар тус сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ хүнс трейд” ХХК-ийн эзэмшилд байсан 3700 м.кв газрыг иргэн Ц.Батболдод шилжүүлэн эзэмшүүлж гэрээ байгуулан, эзэмших эрхийн 0028790 дүгээр гэрчилгээ олгосон байна.
Дээрх газар Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь авто зогсоол болон “Жавхлант” худалдааны төвийн барилга барихыг зөвшөөрөн амаар гаргасан шийдвэр Газрын тухай хуулийн 27-р зүйлийн 27.1-д заасан “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төрөөс байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасныг тус тус зөрчсөний зэрэгцээ нэхэмжлэгч Ц.Батболдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ.
ТОГТООХ нь:
Сүхбаатар аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10-р сарын 08-ны өдрийн 19-р шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
БАРИМТ 4. ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2011 оны 06-р сарын 09-ний өдөр.
ЗАХИРАМЖЛАХ нь:
Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10-р сарын 08-ны өдрийн 19 тоот шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 12-р сарын 06-ны өдрийн 290 тоот тогтоолуудыг энэ захирамж гарсан өдрөөс албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
Ийнхүү Монгол Улс дахь бүх шатны шүүх Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн нэг иргэнийхээ эзэмшил газрыг нөгөө иргэнд “өгсөн” шийдвэр буруу болохыг тогтоосон ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан шүүхийн шийдвэрийг биелүүлж чадалгүй жил,хагасын нүүр үзэж байна. Иргэн Ц.Батболдын газрыг чөлөөлөх, албадан чөлөөлөх захирамжийг шүүх дөрөв таван удаа гаргаад хүчирсэнгүй.
Дээд шүүхийн шийдвэрийн хариуд Засаг дарга Ж.Батсуурь “Ерөнхийлөгчтэй ярина”, “Ерөнхий Прокурортой уулзана” гэжээ.
Энэ хариулт юу өгүүлнэ вэ?
Шүүхийн шийдвэр шударга, шударга бусын тухайд хэлэлцэх юм үгүй. Иргэн Ц.Батболд “Эрдэнэ-Хүнс” ХХК-ийн барилгыг худалдан авсан нь үнэн. Тэрхүү барилгын байрлах 3700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийн 0028790 дугаартай гэрчилгээтэй нь ч үнэн. Гэтэл тэрхүү газрын нь хэсгийг Засаг дарга “ам” шийдвэрээр бусдад өгчээ. Ингэхдээ “Жавхлант Сүхбаатар” ХХК-иас авлига авсан гэх хардлага ч байна. Учир нь тэр орчмын (Баруун-Урт сумын А зэрэглэлд багтана) газрууд дуудлага худалдаагаар 40-50 сая төгрөгөөр зарагддаг атал Засаг дарга Ж.Батсуурь “зүгээр” өгсөн гэх нь үнэмшил муутай сонсогдоно.(Энэ тухай жич өгүүлнэ.)
Нэг иргэний газрыг булаан авч нөгөөд нь “өгчихөөд”, шүүхийн шийдвэрийг үл тоон суух Засаг даргын цаана Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий Прокурор Д.Дорлигжав нар байна уу, эсвэл эрх мэдлээ хэтрүүлэн хууль зөрчигч (энэ нь авлигын хэрэг) Засаг дарга Улсынхаа Ерөнхийлөгчийн нэрийг өмнөө барьж сууна уу?
эх сурвалж: Авилгалын Мэдээ сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.