antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2017 Comments are off

Туул голын “амийг залгигч”

нийтлэсэн Admin

Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг шинэчлэхээр хотын төсөвт 8.1 тэрбум төгрөг суулгасан. Гэсэн ч цэвэршүүлж буй бохир усны технологи сайжраагүй хэвээр байна.

Өнгөрсөн жил Төв цэвэрлэх байгууламжийн асуудал хүчтэй яригдаж хотоос 8.1 тэрбум төгрөг төсөвлөж, урсгал засвар хийхээр болсон. Энэ хүрээнд Төв цэвэрлэх байгууламжид 25 ажил хийх санал оруулжээ. Эдгээрийн 15-ыг нь бүрэн хийж, долоогийнх нь гүйцэтгэл дутуу, дөрвийг нь гэрээлэх шатандаа явж байгаа гэдгийг албаны хүн хэлж байна. Тэгвэл урин дулаан цаг ирж, Туул гол хайлж байгаа энэ үед урсгал засвар хийснээр технологийн ямар дэвшил гарсан, бохирдолтын хэмжээ хэрхэн буурсныг сурвалжлахаар Төв цэвэрлэх байгууламжийг зорилоо.

Биднийг Төв цэвэрлэх байгууламжийн үүдэнд очиход хотын зарим газарт үе үе “сэнгэнэдэг” байсан өмхий үнэр хамар цоргиж, дотор муухайртал ханхалж байв. Салхитай өдөр байсан учир улам их үнэртэнэ. Орох байх газраа олж зогстол тус байгууламжийн ахлах инженер Ц.Болд ирж, цэвэрлэх байгууламжийн шат дамжлага болон урсгал засвар хийсэн газруудыг бидэнд танилцуулахаар болов.

ХОЁР ТӨХӨӨРӨМЖ ШИНЭЧИЛЖЭЭ

Тэрбээр анхны мэдэгдэхүүн өгөх зорилгоор оффисын гадна байрлах том самбарыг заан, цэвэрлэх байгууламжийн шат дамжлага хэрхэн явдагийг товчхон тайлбарлав. Улаанбаатар хотоос гарч буй ахуйн болон үйлдвэрийн бүхий л бохир усыг нэгдсэн хоёр шугамаар дамжуулан авч, Төв цэвэрлэх байгууламжид цэвэршүүлдэг. Ингэж усаа цэвэршүүлэхийн тулд нэлээд хэдэн дамжлагатай. Хамгийн эхнийх нь бохирын механик хог хаягдлыг ялгах насос станц. Станцын гүйцэтгэх үүрэг нь бохир устай хамт урсаж ирсэн чулуу, даавуу гэх мэт хатуу хог хаягдлыг ялгах. Дараа нь цаас, шороо гэх мэт жижиг ширхэгтэй хогийг дахин шүүснээр цэвэршүүлэх анхны дамжлагад орно.

Стандартад зааснаар умбуур бодис 20 мг литрээс бага байх ёстой

Ерөнхийдөө Төв цэвэрлэх байгууламжийн усыг цэвэршүүлэхэд хоёр шүүлтүүр чухал үүрэгтэй. Энэ нь анхдагч тунгаагуураар буюу эхний цэвэрлэгээ. Тэнд бохир усанд байгаа түүхий лагийг шүүдэг. Лагийг шүүсний дараа аэротенк буюу биологийн цэвэрлэгээг хийх ёстой. Энэ нь яг л загасны аквариум шиг доороос нь агаар өгч, бичил биетүүдийн амьдрах орчныг бүрдүүлдэг усан сан юм. Тэдгээр бичил биетүүд усан дахь элдэв янзын химийн болон ахуйн бохирыг идэж цэвэрлэх үүрэгтэй. Ингэж биологийн цэвэрлэгээ хийсний дараа хоёрдугаар тунгаагуур буюу бөөрөнхий тавцан бүхий таван цэвэрлэх байгууламж руу бохир усаа дамжуулна. Эцэст нь, усыг хэт ягаан туяагаар шарж, халдваргүйжүүлэн Туул гол руу цутгадаг юм байна.

Ийнхүү товч танилцуулсны дараа бид бохирын хог хаягдлыг ялгах станцад оров. Байшингийн доод хэсэгт бохир ус ундарч байгаа харагдана. Усны дээгүүр тээрэм шиг сараалж бүхий төхөөрөмж бүтэн эргэж, усан доторх элдэв янзын хог хаягдлыг шүүн авч байлаа. Энэ дамжлагыг гүйцэтгэхэд хамгийн чухал төхөөрөмж болох хоёр сараалжийг хотын төсөвт суулгасан 8.1 тэрбум төгрөгийн хүрээнд шинэчилжээ. Өмнө ажиллаж байсан сараалжууд хэдийнэ гурван жил болж, мараалын элэгдэлд орсон учир ийн солиход хүрсэн байна. Харин урд хөршид үйлдвэрлэсэн шинэ сараалж чанартай учир 5-6 жил ашиглана гэдгийг инженер Ц.Болд хэлэв.

3-5 жилийн хугацаанд байгалийн аргаар буюу хатаасан лагийг овоолго руу зөөж байгаа нь.

ЛАГИЙГ БОЛОВСРУУЛАХ ЗАЙЛШГҮЙ ШАЛТГААН

Лаг буюу бохир устай хамт цэвэрлэх байгууламжид ирдэг нийслэлчүүдийн өтгөнийг хэрхэн цэвэрлэдгийг нүдээр үзэж, дэргэдээс нь үнэрлээд өөрийн эрхгүй гутарлаа. Метрополис хотын иргэд гэгддэг улаанбаатарчууд бид баасан дотроо 50 гаруй жил аж төрж байна гэхэд хилсдэхгүй нь. Уг нь анх Төв цэвэрлэх байгууламжийг барьж байхдаа лаг боловсруулах технологийн дамжлагыг давхар барьсан ч оросууд дуусгаж чадалгүй явсан нь өнөөдрийн байдалд хүргээд байна. Ийм лаг боловсруулах дамжлага барихад хамгийн багадаа 40-50 сая ам.доллар шаардлагатай бөгөөд бүтэн боловсруулах үйлдвэр нь хэдэн зуун сая ам, долларыг шаарддаг гэнэ.

Бохир уснаас шүүсэн лагийг Төв цэвэрлэх байгууламжийн өмнө талд байрлах 15 га газарт хатаадаг юм байна. Энэ 15 га газрыг 44 хэсэгчилсэн талбайд хуваажээ. Нэг талбайн хэмжээ 50Х50 метр хэмжээтэй бөгөөд гурван метр орчим гүнзгий аж. Хоногт 1000 шоо метр түүхий лагийг эдгээр талбайд шахдаг бөгөөд 3-5 жилийн хугацаанд байгалийн аргаар буюу өөрөөр нь хатааж, хатсаных нь дараа талбайгаас ухаж, урд талд байрлах овоолго руу зөөдөг. Хотоос төсөвлөсөн мөнгөний хүрээнд лаг шахдаг таван насосны хоёр нь эвдэрсэнийг шинээр авч тавьжээ.

Ингэснээр лагийг хурдан хугацаанд шахаж, хатаах нөхцөл бүрдсэн аж. Хотын зарим газарт өмхий үнэртэж, салхитай үед хотын төв хэсэг рүү тархдаг байсан үнэр энэ лаг буюу бааснаас гарч байгаа. Байгаль дээр ил задгай хатааж байгаа учраас арга ч үгүй биз. Уг нь өнгөрсөн жил үнэрийг нь дарахын тулд гадна, дотнын үйлдвэрийн 10 гаруй төрлийн химийн бодисыг туршиж үзсэн ч нэг ч бодис үр дүнгээ олоогүй байна.

УМБУУР БОДИС ТУУЛ ГОЛ РУУ ЦУТГАСААР

Улаанбаатар хотоос хоногт 150 мянган шоо метр буюу 150 сая литр бохир ус гардаг байна. Энэ нь Туул голд хоногт цутгаж байгаа бохир усны хэмжээ. Хамгийн гол нь Төв цэвэрлэх байгууламжийг анхнаас нь 500 мянган хүн амын ахуйн зориулалттай бохирыг цэвэрлэхээр тооцож барьсан. Гэтэл мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, хүнс гээд томоохон үйлдвэрүүдийн химийн найрлагатай бохир ус ахуйн бохиртой холилдон, Төв цэвэрлэх байгууламж руу шууд ирж байгаа учир технологийн горим зөрчигдөж, хүчин чадлаа дийлэхгүйд хүрээд байгаа аж. Уг нь цэвэрлэх байгууламж дангаар ирэх ахуйн зориулалттай бохирыг 90 хувь цэвэршүүлэх хүчин чадалтай ч үйлдвэрүүдийн бохиртой холилдсоноор 60-70 хувьтай цэвэрлэж байна.

Бохироос шүүсэн лаг буюу өтгөнийг 15 га газарт “хадгалж” байна

Инженер Ц.Болд “Ирж байгаа бохироос хамаарч цэвэрлэх хувь хэмжээ харилцан адилгүй байдаг. Уг нь ахуйн бохирыг үйлдвэрийнхээс ялгачихвал асуудал үүсэхгүй. Өнгөрсөн лхагва гарагт авсан шинжилгээгээр бохир усыг 80 хувьтай цэвэрлэсэн байсан. Бохирдол өндөр байх тусам цэвэрлэх хувь багасдаг. Хамгийн багадаа 64 хувьтай цэвэрлэж байлаа.

Мэдээж 64 хувь цэвэрлэсэн бохир ус ямар байх нь ойлгомжтой” гэв. Хамгийн гол нь цэвэрлэгээний үед наалдаж үлдэх ёстой умбуур бодис Туул гол руу орж байгаа нь том асуудал болж байна. Туул голын усанд умбуур бодис орсноор бусад нянтай холилдон, исэлдэж өмхий үнэр гаргах эрсдэлтэй болж байна гэсэн үг. Стандартад зааснаар бохир усанд умбуур бодис 20 мг литрээс бага байх ёстой ч өнөөдрийн нөхцөлд 70-90 мг литр гарч байгаа аж. Уг нь 2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг баталсан. Гэсэн хэдий ч үүнийг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн журам батлах ёстой. Гэтэл одоогоор тэдгээр журмыг батлаагүй учраас хууль хэрэгжих нөхцөл бүрдэхгүй байгаа нь тулгамдсан асуудлын нэг болоод байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Хотоос төсөвлөсөн 8.1 тэрбум төгрөгөөр энэ хоёр сараалжин төхөөрөмжийг шинэчилжээ.Биднийг очих үед хоёрдугаар тунгаагуурын хэсэгт хоёр барилга барьж байгаатай таарлаа. БХБЯ-ны санхүүжилтээр 2013 онд ажил нь эхэлсэн хэдий ч жилийн жилд төсөв нь тавигдахгүй байсаар өдийг хүрчээ. Ямартай ч энэ жил эдгээр хоёр байгууламжийг барьж дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Ингэснээр Туул гол руу нийлүүлж буй умбуур бодисын хэмжээ багасах сайн талтай. Ерөнхийдөө таван тунгаагч долоо болсноор цэвэршүүлэлт илүү сайжирна гэж ойлгож болох юм байна.

Эндээс харахад тоног төхөөрөмжийн шинэчлэл, засварын ажил хийж эхэлсэн нь Төв цэвэрлэх байгууламжийг хэвийн горимд ажиллах нөхцөлийг бүрдүүлж буй сайн талтай ч бохир усыг цэвэршүүлэх горим, технологид нөлөөлөхгүй байгаа нь асуудлын гол болж байна. Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийг дэмжих Засгийн газрын бодлогын хүрээнд ирэх жилүүдэд дотоодын үйлдвэрүүд үүдээ нээнэ. Энэ цаг үед ахуйн бохирыг үйлдвэрийн бохироос ангилж чадахгүй хэвээр байвал эцэстээ хатан Туул маань өмхийрч, урсах гол ундаалах усгүй үлдэнэ. Тиймээс шинэ цэвэрлэх байгууламжийг даруй ашиглалтад оруулж, үйлдвэрийн бохирыг ангилах шаардлага тулгарч байгааг дахин сануулъя.

Б.Бямбасүрэн

Засгийн газрын мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car