antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2012 Comments are off

Хүрээ соёл хаачив

нийтлэсэн Admin

Одоогоос зуун жилийн өмнө буюу 1912 оны хоёрдугаар сарын 9-нд Богд Жибзундамба лүндэн буулгаж Монгол Улс нийслэлтэй болсныг зарлан Нийслэл хүрээ хэмээн нэрлэж хотол олноороо өдөржин наадаж байсан гэдэг. Хүрээ гэх энэ нэршлийг өмнө нь ч хэрэглэж ирсэн бөгөөд “Олон гэр цагираг мэт тойрон талд буудалласныг хүрээ гэдэг байсан юм…”, “Эрт үед ямар нэгэн аймаг аль нэгэн газар цагираг мэт тойрон буудаллаж, түүний дунд ахлагчийн гэр байдаг байсан, түүнийг хүрээ гэж нэрлэж байжээ” гэж 13 дугаар зууны үед түүхч Рашид-эд-Дин бичиж байснаас харж болох юм.

Тухайн үеийн хүрээнийхнийг “Харчуудын хорооныхон” ч гэцгээж байсан бөгөөд тухайн үеийн Монголын соёлыг гадаад дотоодынхонд таниул­даг тийм л хүмүүс байж. Үүнийг эдүгээчилбэл хотын соёл гэж юу боло­хыг харуулах үлгэр жишээ элитүүд байжээ гэж болох юм. Тэдний аж амьдрал, ахуй соёл, боловсролын ихээхэн өвөрмөц ялга ийн ялгаруулж байсан бөгөөд үнэндээ байх ёстой зүйлийг л хийж байсан нь тухайн үедээ онцгой мэт харагдуулдаг байсан гэнэ. Лүндэн бууснаас хойш зуун жил өнгөрчээ. Нийслэл хүрээ нэрээ өөрчилж Улаанбаатар болжээ. Мөн “хүрээ соёл” нь “хотын соёл” хэмээгдэн орчин цагийн хотын иргэд ямар байх ёстойг харуулах хэв маяг болжээ. Зуун жилийн өмнөхөөс ялгаатай нь хүрээ соёлжсон хэсэг нь өвөрмөц харагдаж байсан бол өнөөдөр хотын соёлжоогүй хэсэг нь өвөрмөц харагдах учиртай.

1961 онд Улаанбаатар хотноо болсон нэгэн хуралд Вьетнамын төлөөлөгч нийслэлийг маань “Азийн цагаан дагина” гэж нэрлэсэн гэдэг. Гэвч өнөөдөр хэн ч “Азийн цагаан дагина” гэж нэрлэж түвдэхгүй. Хотын утаанаас илүү өнгө дарах зүйлс олон байгаа болоод тэр. Түүний нэгийг л хэлье. Энэ бол цонхыг хогийн сав гэж харах сэтгэлгээ.

Байрныхаа гадаа машинаа хонуу­лаад өглөө гарж ирэхэд машин дээр минь дүүрэн будаатай хуурга. Бор шувууд ч тоохгүй байгааг нь бодвол шинэхэн зоог биш бололтой. За яах вэ, цайны дээжний цацал бол ойлгомжтой юундаа бухимдах билээ. Харин будаа­тай хуургийг юу гэж ойлгох нь тодорхой. Өөрийнхөө л нүдэнд харагдуулахгүй байхын тулд хогийг цонхоороо шидэж орхидог хүмүүсийг гэртээ цэвэрлэгээ хийсэн гэх үү, эсвэл орчноо бохирдуулсан гэх үү. Цонхон доогуур нь яваа гэм зэмгүй жаалууд оногдож гэмтвэл яана гэж ухаарахгүй байгаа нь даанч харамсалтай. Ганган сайхан машинтай байж болно, хацар нь улаан биш булбарай байж болно. Гэвч самрын яс, тамхины ишийг машиныхаа цонхоор хаяж буй бол тэр хотжино гэдгийг ойлгоход балчир байна л гэсэн үг.  Сайхан, муухай машин унасан нь огт хамаагүй, зүгээр л дөрвөлжин төмөр хайрцаганд явж байж хогоо хогийн саванд хийх боломж байхгүй гэж үү. Жуулчдад орчуулагч хийдэг дүүгийн минь яриа:

Нэг удаа жолооч нь хээр цэвэр усныхаа савыг нь цонхоороо шидчихэж гэнэ. Хүүе гэж ч завдаагүй болохоор нь “Та хог хаялаа” гээд л нэг хэлсэн болж, гэтэл хойноос нэг жуулчин нь “Зогсоорой би бие засмаар байна” гэж буугаад буцаад л гүйчихжээ. Эргээд ирэхдээ жолоочийн шидсэн савыг бариад инээчихсэн “Ийм сайхан байгальд үүнийг үлдээж чадсангүй ээ” гэж гэнэ.

Надад бол энэ талаар сонсоод ичих сэтгэл төрсөн юм чинь дүү маань тухайн үед яаж улайж байсан нь ойлгомжтой. Миний нутгийг гадны хүн хүндэлж байхад бид яагаад чадахгүй гэж. Хүрээ соёл, хотын соёл гэсэн ч яах вэ. Хүрээ, хот, хөдөө гэлтгүй. Хамгийн гол нь бид соёлжих л учиртай сан. Ядаж хогоо цонхоор хаяхаа больё, тэгэх үү, хүрээнийхээн.

А.ШАРХҮҮ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car