Монголын ¹1 банк, “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал Б.Мэдрээтэй ярилцсанаа хүргэе.
Эрс шулуун яриатай, үнэнийг өчих дуртай түүний ярилцлага онц сонирхолтой байна гэдэгт итгэж байна.
-Тантай уулзалгүй тун удсаны хэрээр асуух зүйлүүд ч уртаас урт дараалал үүсгэсэн байна. Нэн түрүүнд шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулаад Монголбанкийг валютын ханшийн өсөлтийг барьж чадсангүй гэж импортлогчид шүүмжилсэн. Эндээс яриагаа эхэлье?
-Аль алиндаа л асуудал байна. Монголбанк мэдээж ханшийн хэлбэлзлийг тогтвортой байлгах ёстой байгууллага атлаа ханшийн хэлбэлзлийг өндөр болгосон. Чадамжгүй, чадваргүй гэдгээ харууллаа шүү дээ.
Нөгөө талаас ажлын хэсэг гарч, нефть импортлогч компаниуд үндэслэлгүйгээр бензиний үнэ нэмжээ гэсэн дүгнэлт гаргасан юм билээ. Би нарийн судлаач биш, ажлын хэсэгт нь орж ажилласан ч биш. Тийм болохоор эдний буруу гээд шууд эрс тэс дуугарах нь зохимжгүй.
Ямар ч байсан зах зээлийн эдийн засгийн нийгэмд амьдарч буй тухайн компани ашиг олохын төлөө явдаг. Алдагдалгүй ажиллах ёстой. Тэгэхдээ хэт өндөр ашиг хийж болохгүй. Нэг зүйлийг бодолцож үзэх ёстой юм.
-Юуг билээ?
-Бид өнөөдрийг хүртэл ОХУ-аас нефть авч байна. Тэдгээр компанид яг ижилхэн үнээр өгч байна уу, эсвэл заримд нь доогуур үнээр өгчихөөд, бусдад нь өндөр үнээр зараад байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Ийм тохиолдолд мэдээж нэг нь алдагдалд орж, нөгөө нь ашигтай ажиллана шүү дээ.
Юм бүхэн учиртай, учир бүхэн утгатай гэдэг. Үүнийг яс судалсны үндсэн дээр нефтийн компаниудад ямар арга хэмжээ авахаа тодорхойлох ёстой.
Тэгээд ч Монгол Улс нефтьтэй улс. Олборлосон нефтиэ боловсруулах үйлдвэрээ нэн даруй барих ёстой байсан юм.
ОХУ-аас 100 хувь хараат гэдгээ мэдсээр байж асуудлаа шийдэж, шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь манай төр засгийн өндөр албан тушаалтнуудын шууд буруу. Арчаагүй байдал нь харагдаж байна.
Бид ярьдаг даа, ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж. Засгийн газар нь ч, Газрын тосны хэрэг эрхлэх газар нь ч энэ асуудлыг шийдэж чадахгүй өнөөдрийг хүрлээ.
Монгол Улсаа бодохгүй байна, Монголын ард иргэдээ хайрлаж, энэрэх сэтгэл дутаж байна.
-Туршлага дутах, хийж чадахгүй гэх айдас төрөх, хөрөнгө мөнгө гачигдах зэрэг олон асуудлаас болоод л нефть боловсруулах үйлдвэрээ барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн юм биш үү?
-Заавал нэг том нефть боловсруулах үйлдвэр барих шаардлагагүй. Хэд хэдэн жижиг үйлдвэр барьчих хэрэгтэй. Тэгж байж энэ асуудлаас гарна.
Дэлхий нийтэд нефть барьдаг жижиг оврын ч үйлдвэр байна, том үйлдвэрүүд ч бий. Мөнгө нь ч гэсэн шалихгүй шүү дээ. Ямар тэрбум доллар нэхээд байгаа биш. Гол нь Монголын нийтлэг язгуур эрх ашиг учраас үүн рүү ёстой мориндоо мордож, сэлмээ эргүүлдэгтэй адилхан шууд л дайрах хэрэгтэй.
Мэдээж ОХУ-аас хараат байхад түр зуурын гачигдлууд гарч л таарна. Өнгөрсөн тав, зургаадугаар сард яалаа даа, оросууд нефтиэ өгөхгүй гэж бойкотолсон биз дээ. Тэгэхээр хараат байдлаас гарна гэдгээ яагаад бид ухамсарлаж чаддаггүй юм бэ. Ажил хийж байгаа улсууд нь яагаад энэ асуудалд санаа зовдоггүй юм. Яагаад ийм зүйлд УИХ-ын гишүүд нь хяналтаа тавьж, шахаж шаарддаггүй юм бэ.
Аль аль талдаа л зуун задгай, жаран хагархайн үлгэр гэгчээр байна. Нөгөөтэйгүүр ганц орноос нефть импортлодгийн хар гай.
-Нээрээ яагаад ганц ОХУ-аас хараат явж ирсэн юм бол оо. Бодох л асуудал?
-Нефть боловсруулах үйлдвэр барьтлаа Хятадаас бензин авч болох байлаа. Саяхан, хэд хоногийн өмнө л Г.Занданшатар сайд нефть импортлох талаар гэрээ хийж ирлээ. Ямар сүүлд хийдэг юм бэ. Үндэсний аюулгүй байдал, хар хайрцагны бодлого, алтан аргамжийн бодлого хайчсан юм бэ. Үйлдвэр барих хүртлээ хоёр талаас нефтиэ нийлүүлдэг болчихвол ийм дарамтад орохгүй байсан юм.
-Санал нэг байна. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр асуудалд дандаа сүүлд нь хандах юм даа?
-Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч гэж томилоод, өнөөх нь удирддаг, зохион байгуулдаг, хянадаг, шахдаг, шаарддаг байх зэргээр онцгой анхаарал тавьж болох байлаа. Асуудалд ач холбогдолд өгдөггүйн хар гай бас энд гарч ирж байна.
-Бензиний үнэ нэмэгдсэнээс болоод гадуур янз бүрийн хардалт явагдлаа. Хоёр нам сонгуулийн өмнөх мөнгөө хийлээ, шоугаа эхлүүллээ гээд л?
-Ард түмний амьжиргаа, халаастай шууд холбоотой зүйл болохоор их олон өнцгөөс асуудал дэвшүүлж болно. Уулын мод урттай, богинотой шүү дээ. Энэ нь ч байх ёстой зүйл.
-Монголбанкийг ч гэсэн нэлээд хэсэг нь шүүмжилж байна лээ. Тэр бүрт эргүүлж мэдэгдэл хийгээд л. Шүүмжлүүлж сураагүй юм шиг санагдсан?
-Ер нь Монголбанк шүүмжлүүлэх нь битгий хэл өөртөө хир халдаах дургүй. Улс орны эдийн засгийн хөгжил, бусад бүх юмны зангилаа дээр сууж байгаа мөртлөө өөрсдийгөө үргэлж өмгөөлдөг.
Мөнгө зээлийн бодлого гэдэг чинь улс орны бодит эдийн засгийг хөгжүүлэх асуудалд чухал нөлөө үзүүлдэг зүйл шүү дээ. Энэ бүх байдалд нөлөөлөөд, гацаадаг атлаа юм хэлэхээр ерөөсөө л эрхийн тэнэгүүдийн цуглуулга юм шиг аашилцгаадаг. Сайд дарга нарын дутуу хагас боловсорсон, практик амьдрал мэддэггүй хүмүүсээр дүүрчихсэн мэт, юм л бол өөрийгөө өмөөрч өрвөлздөг байгууллага бол Монголбанк.
-Та ч угаасаа Монголбанкныхныг ил тод шүүмжилсээр ирсэн л дээ?
-Ганц би биш. Сүүлийн нэг, хоёр жилийг харахад хүн бүр л Монголбанк болохгүй байна гэж шүүмжилдэг. Тэр бүрт дандаа өөрийгөө хамгаалсан байдал үзүүлдэг. Буруу, буруу, бусдын буруу гэдэг байдлаар асуудалд ханддаг болохоос биш манайх ийм алдаа хийчихэж, үүнд л бэрхшээл байна гэхчлэнгээр нийгэмтэйгээ амьд харьцаж чаддаггүй.
Тэгээд их муухай зүйлүүдийг хуулиндаа хийчихсэн. Төрийн албан хаагч ч биш, компани ч биш статустай. Цалинг болохоор бусдаас өндөр авчихаад хариуцлага хүлээнэ гэдэг нэг ч ухагдахуун Монголбанкныханд байдаггүй. Хариуцлага хүлээхгүй болохоор ажилчид нь танхай, балмад байдлаар ажилдаа ханддаг болчихсон.
Ээжгүй охины бөгс том, эцэггүй хүүхдийн толгой том гэдэгтэй адил хариуцлага хүлээдэггүй газар чинь даварчихсан байгууллага л болж таарна биз дээ. Уг нь Монголбанк их тунгалаг, ил тод байх ёстой газар.
-Та арай л хэтрүүлж хэлээд байх шиг. Хүн доромжилсон хам хэрэгт орчих вий дээ, хоёулаа?
-Үнэн зүйлийг нуух аргагүй. Нэгдүгээр хүн буюу Ерөнхийлөгчөөсөө авахуулаад өөгүй, өндөг шиг цагаан, их мундаг ажилладаг хүн болж харагдахыг хичээдэг. Гэтэл нийгэм Монголбанкны болохгүй, бүтэхгүй байгаа талаар ярьсаар байна. УИХ, Засгийн газар, нэр дэвшүүлсэн нам нь ч хамгаалдаг болсон. Үүнийг би хэнээс ч эмээлгүй хэлнэ.
-Монголбанк арилжааны 16 банканд хяналт тавидаг, шахаж шаарддаг статустай учраас та дургүйлхээд байгаа юм биш биз дээ. Дарга нарт дуртай хүн байдаггүйтэй адил?
-Надад тийм араншин байхгүй. Үнэнийг л хэлчихдэг муу талтай хүн.
-Бас Монголын банкуудын холбоо гэж Төвбанкийг төвөггүйхэн шүүмжилдэг нэг байгууллага байна. Шүүмжлэлийг нь сонсож байхад үнэний хувьтай зүйл их байдаг юм билээ?
-Монголбанкнаас арилжааны банкуудад мөрдүүлэх заавар, журамд янз бүрийн алдаа, дутагдал байхын зэрэгцээ гаргасан хууль, дүрэмд нь арилжааны банкуудад сөргөөр нөлөөлөх зүйл байвал засч, залруулаач ээ гэх мэтээр байр сууриа илэрхийлдэг байгууллага юм.
Гэвч санал, хүсэлтээ илэрхийлэхэд нь Монголбанк авч хэлэлцэх нь битгий хэл салаавч үзүүлдэг. Дээрэнгүй зан гаргасаар өнөөх нь сүүлдээ зөрчил болж хувирдаг. Зөрчил нь яваандаа шүүмжлэл болдог л доо.
-Ямар харамсалтай хэрэг вэ. Төвбанк ажлаа чадварлаг хийдэг гэвэл үгүй. Хоёр ч банкийг харж байгаад дампууруулсан биз дээ?
-Тийм. “Анод”, “Зоос” банкууд яагаад, юунаас болж дампуурав гэдэг тайланг УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ард иргэдэд заавал тавих ёстой. Тэгж байж бид ухаарна, сэнхэрнэ. Харин өнөөдрийг хүртэл энэ асуудлыг гаргаж тавихгүй нуун дарагдуулж байгаа нь цаанаа нэг л учиртай, “но”-той. Тэгэхээр үүнийг УИХ Монголбанкаас нэхэх ёстой. 2008 оноос хойш дөрөв дэх жилдээ орох гэж байна. Тайлан тавих хугацаа хангалттай болчихлоо.
Хариуцлагын тогтолцоо гэдэг чинь тайлагнахаас эхэлнэ.
-Дампууралд хүргэх гол шалтгаан нь найдваргүй зээлдэгч биз дээ?
-Зээлдэгч бол нэг л талын асуудал. Гол асуудал нь менежментээс шалтгаална.
-Банкны салбарын хууль их учир дутагдалтай талаар мэргэжилтнүүд ярих юм билээ. Танд ч ярих зүйл их бий биз?
-Манай банкны салбарт үйлчилж буй зарим хууль зээлээ аваад төлдөггүй луйварчдыг хэт дэмжээд байна. Зээл авсан хүн төлөх нь гарцаагүй. Зээлээ эргүүлж төлөх нь шударга ёсны асуудал мөн. Гэтэл манай хууль зээл авсан хүндээ ээлтэй, зээлдүүлсэн банкандаа ээлгүй байдаг.
-Яаж тэр вэ?
-Зээлээ төлдөггүй улсуудтай эхлээд шүүхээр явж гурав, дөрвөн жил алддаг. Дараа нь шүүхийн шийдвэр гарсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очоод гурав, дөрвөн жил алддаг.
Нэг чанаргүй зээлийг эргэн төлүүлэхийн тулд 3-8 жил дунджаар зарцуулдаг гэсэн үг л дээ. Тэгтэл зээл авсан нөгөө хүний хүү нь зогсчихсон учраас луйвар хийгээд, цаг хожоод явдаг. Өөрөөр хэлбэл луйварчдыг дэмжиж, тэтгэсэн хуулийг төр засгаас хэрэгжүүлсээр байна. Зах зээлийн нийгэмд шилжээд 22, 23 дахь жилдээ яваа атлаа засч, залруулах тэнхээ ХЗДХЯ, УИХ, Засгийн газар, Төвбанканд алга.
Дэлхий нийтийн банкууд дунд зээлдэгч, зээлдүүлэгчийн судалгаа жил бүр хийгддэг юм. Энэ судалгаанд зээлдүүлэгчид ээлтэй, нэн ээлтэй гэж хэсэг орон бий. Зээлдэгчдэд ээлтэй, нэн ээлтэй гэсэн бүлэг улс ч байдаг. Харин хөгжилд хүрсэн ихэнх орнууд зээлдүүлэгч буюу банкандаа ээлтэй хууль эрхзүйн орчинг бүрдүүлсэн байдаг.
-Манай улс аль хэсэг нь багтдаг юм бэ?
-Зээл авагчдаа ээлтэй орны тоонд манай улс орчихсон яваа. Зээлээ аваад төлөхгүй бай, тэгвэл сайн гэсэн сэтгэл зүйг төр засаг бий болгоод байна.
Өнөөдөр банк барьцаанд байгаа хөрөнгөө зарж чадахгүй л байна шүү дээ. Шүүхийн шийдвэр дээр үнийн маргаан үүсгэчихдэг юм.
Уг нь банк, зээлдэгч гэсэн хоёрын дунд гуравдагч этгээд буюу Шүүхийн шийдвэрийнхэн илүү л байхгүй юу. Энэ завхарсан алдааг нэн түрүүнд засах хэрэгтэй.
Ингэсэн тохиолдолд эргээд Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй. Шүүх дээр түгжигдсэн тэр мөнгийг эргэлдүүлж, юм хийе, бүтээе гэсэн хөдөлмөрч улсад нь өгөх хэрэгтэй байна.
-Зээлдэгч нарт ээлтэй хууль хэрэгсээр ирсэн нь ойлгомжтой байна. Бүхэл бүтэн банк дампууруулсан нөхөд эрх чөлөөтэй, бизнесээ хийсээр яваа нь үүнийг гэрчилнэ?
-Тийм жишээ олныг дурдаж болно.
-Ингэхэд Монгол Улсын гадаад их өр нэлээн өсчихөөд байгаа юм биш үү. Та үүнийг анзаарсан уу?
-Гадаад их өрийн асуудал бүгд Сангийн яаманд бүртгэлтэй явдаг юм. Мэдээж Монголын 2.7 хүн амтай шууд холбоотой асуудал учраас тухай бүрт нь мэдээлж, Грек, Португаль, Испани, Итали шиг өрийн дарамтад орохгүйн төлөө ажиллах хэрэгтэй.
Хэрэв тэгвэл улс дампуурна гэж юу байх вэ. Тэгэхдээ улс орны эдийн засаг, амьжиргаа доройтно. Иймээс Сангийн яам тухай бүрт нь тайлагнаж, хэрэгтэй, хэрэггүй зээл авч байгаа эсэх, өмнөх өрөө төлж байна уу гэдгийг тайлагнаж байх шаардлагатай.
Хэрэгтэй, хэрэггүй гадаад, дотоод томилолтод төр засгийнхан явж болохгүй. Хэтэрхий тансаглаж болохгүй. Дэндүү үнэтэй машин унаж болохгүй. Бүх юм хэмнэлттэй, хэмжээтэй, хязгаартай байх ёстой. Үгүй бол нэг л мэдэхэд Грекийн байдалд хүрэхийг хэн байг гэх билээ /түй түй, муу ёр/.
-Ер нь манай төр засагт ард түмнээсээ нууж хаах зүйл их л байдаг шиг байна лээ. Тэгсэн хэрнээ үсрэнгүй хөгжилд хүрэх гольдролдоо орчихлоо гээд л өөрсдөдөө цаасан малгай өмсгөхдөө их гаргуун?
-Таивань гэж улс 23 сая хүн амтай. 23 сая хүн амын 40 хувь нь баян, нэн баян, 60 хувь нь дундаж давхарга. Ядуу, нэн ядуу гэсэн давхарга байхгүй. Тэгсэн хэрнээ Таивань улс арлын орон. Хүн амаараа манайхаас 8,5 дахин илүү. Байгалийн баялаг гээд байх юм бараг л байдаггүй. Аялал жуулчлал, далайн тээвэр зэргээр л улс орноо авч явдаг. Гэсэн ч хөгжиж чадсан байна шүү дээ.
Хүн амаа бүгдийг нь сайхан, аз жаргалтай амьдруулж чадаж байгаа энэ улсыг л үсрэнгүй хөгжилд хүрлээ гэж хэлэх байх. Энэ бүхэн цэвэр улстөрчдийн ухаан, нийгмийн соёл, ухамсар, сэтгэлгээний асуудал юм.
-Манай улс үсрэнгүй хөгжилд хүрэх нь битгий хэл халамжийг л хавтгайруулаад байх юм?
-Зүүн тийшээ явна гэхэд дэндүү хавтгайруулж байна. Бүх юман дээр халамж. Зүгээр таалагдахын тулд халамжийг хайр найргүй тарааж байна.
Загас аманд нь битгий хийж сурга, барихыг нь зааж өг гэдэг орос үг байдагтай адил ажил хийхийг, компани байгуулахыг, үйлдвэр барихыг зааж өгөх хэрэгтэй. Бэлэн мөнгө тараагаад байвал залхуу, хойрго, архичин хүмүүс л Монголоор дүүрнэ.
21 мянган төгрөг буусан өдөр захын хороолол, жижиг сум, сууринд архидалт болдог гэж байна лээ. Нэг хэсгийнх нь амьжиргаанд тус дэм болдог л байх.
-Гэхдээ 21 мянган төгрөг өнөөдрийн нийгэмд юу ч биш биз дээ?
-Юу ч биш нь юу ч биш л байх. Мэдээж төрөөс ард түмнээ халамжлах явдал байлгүй яах вэ. Тэгэхдээ хүүхдийн мөнгө гэж өгдгөөрөө дуусгах ёстой байсан юм.
Сая оюутны мөнгө гэж өглөө. Үүн шиг утгагүй юм алга. Англи, Америк, Япон улсад оюутанд мөнгө өгдөг тогтолцоо байдаггүй. Ингээд л халамжийг хавтгайруулах зүүний бодлого газар авч, ерөөсөө дэндлээ.
-Энэ байдлаараа улам дампууралд хүрэхээс өөр дэвшилд хүрэхгүй байх?
-Тийм. Дампууралд хүрнэ.
-Та түрүүн Таиванийн жишээг авлаа. Монгол Улсын хувьд ядуу, нэн ядуу гэсэн давхарга байхгүй болох хүртэл хэр хугацаа шаардлагатай вэ?
-Бодлого, хууль, бүтэц нь зөв байвал богино хугацаанд үүнийг засч чадна. Шүд өвдөхөд эмчлүүлчихвэл тэр дороо гайгүй болдог шиг бодлогоо зөв тодорхойлж, нийгмээ эмчилж чадвал тун удахгүй сэргэнэ.
Ер нь хүн цалингаараа боломжийн амьдрах орчинг бий болгох хэрэгтэй. Зах зээл өндөр хөгжсөн орнууд чинь цалингаараа л сайхан амьдардаг. Цалингаараа орон сууцны зээлээ төлж, автомашин, телевизор, хөргөгчөө зээлээр авчихаж байна.
Барууныхан үүнийг хийж чадаад байна. Манайх ч гэсэн удахгүй хийж чадна.
-Монгол хүний цалингийн дундаж хэд байж байж өнөөдрийн нөхцөлд сайхан амьдрах бололцоотой гэж та боддог вэ?
-Чи сард 5000 долларын цалин авдаг бол хангалттай юу.
-Хангалттай.
-5000 долларыг 1350-иар үржүүлэхэд 6 750 000 төгрөг болно. Монгол хүний дундаж цалин ийм байхад хангалттай.
АНУ-д word protsessor гээд мэдээлэл шивдэг банкны ажилтан 3000 долларын цалин авдаг юм билээ. Албан тушаалын хувьд бага мөртлөө сард 4 000 000 төгрөгийн цалин авч байна гэсэн үг.
-Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Таны үг үйл хэрэг болж биелэх болтугай. Мөн Монгол Улс руу уул уурхайгаар дамжаад маш их мөнгө цутгаж байна л гээд байх юм. Гэтэл бодитоор мэдрэгдсэн зүйл иргэдэд ажиглагдахгүй байна. Манай улс мөнгөөр тэгж их хахаж, цацаад байгаа юм уу?
-Гадны валютын урсгал нэмэгдэж байгаа нь үнэн. Гэхдээ эхний ээлжинд дандаа бүтээн байгуулалтад тэдгээр мөнгө зарцуулагдаж байна. Байшин барилга барих, тоног төхөөрөмжөө худалдаж авах, геологи хайгуулынхаа ажлыг иж бүрэн хийж дуусгах зэргээр ихэвчлэн зардал талдаа энэ мөнгө зарцуулагдаж байгаа. Нөгөө талдаа жолооч, тоног төхөөрөмжийг суурилуулж буй инженер техникийн ажилтан, геологичдын орлого нэмэгдэж байгаа болов уу.
Тэгэхдээ эдний цалин ямар хэмжээгээр нэмэгдэж байна вэ гэдэг сонин. Монгол хүн гэдгээрээ бага цалин хүртэж байна уу, эсвэл гадныхны адил тав, зургаан мянган долларын цалин авч байна уу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Мэдээж шингэц, үлдэж бий. Хэзээ өгөөжөө өгч эхлэх вэ гэхээр бүтээгдэхүүн гаргасныгаа борлуулж, орлого орж ирсэн нөхцөлд.
Оюу толгойн үйлдвэр лав 2013 онд ашиглалтад орох юм билээ.
-Наад зах нь 2013 оноос бид мөнгөний үнэр авч болох нь ээ?
-Болж эхэлнэ байх. Гэхдээ хуваарилалт нь хэрхэн хийгдэхээс бүх зүйл шалтгаална. Хэдхэн хүн их орлого олж баяжаад байх нь уу, нийтэд нь зөв хүртээх үү гэдгийг зөв шийдэх ёстой.
-Ер нь монгол хүний үнэлэмж бага болчихоод байна уу гэж бодогддог болсон шүү?
-Манай Монголд ч тэр, Монголд ирж буй гадныханд ч олон улсын стандартыг нэвтрүүл гэдэг.
Тухайлбал, банкны бүртгэл, гүйлгээ хийдэг нягтлан бодох бүртгэл нь олон улсын стандартаар явах ёстой. Түүнийг ажиллуулдаг программ хагамж буюу IT нь олон улсын стандарт байх ёстой. Зээл олгох журам нь олон улсын стандарт байх ёстой гэсэн шаардлагуудыг тавьдагтай адил цалин дээр ч гэсэн олон улсын стандартыг барих хэрэгтэй. Хоёр нүүр гаргаж болохгүй шүү дээ. Тэгэхдээ тухайн байгууллагын хөдөлмөрийн бүтээмжтэй заавал уялдаатай байх ёстой.
-Та тэгвэл банкныхаа гадаад, дотоод ажилчдад ижилхэн шалгуур, ижилхэн шаардлага, ижилхэн үнэлэмж тавьдаг хэрэг үү?
-Манайх 1000 гаруй ажилтантай. Эднээс гадны ганцхан л хүн ажилладаг. Р.Коппа гээд манай банкны ерөнхийлөгч бий. Р.Коппад банканд мөрдөгддөг дүрмийн дагуу ижилхэн цалин олгодог.
-Таны ажилтан болсон залуус азтай юм. Ер нь та Монголын ард түмний амьдралыг гудамжаар явахдаа хардаг л байх. Юу бодогддог вэ?
-Би их эмзэглэдэг. Ядуу, нэн ядуу давхарга 2011 онд 40 хувь, 2010 онд 39 хувь, 2009 онд 38 хувь, 2008 онд 37 хувь байсан юм билээ. Жилээс жилд ядуус нэмэгдсэн байгаа биз. Энэ чинь л өөрөө нийгмийн асуудал болж хувираад байна. Үүний нэг тод илрэл нь Англид ажиллаж байсан залуу Налайх дүүргийн банкийг дээрэмдэхийн тулд гэгээн цагаан өдөр хүн буудаж аллаа шүү дээ. Бүх л хүн аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Харин ядуугаасаа болж тэр залуу ийм байдалд хүрлээ.
Үүнд монгол төрийг удирдаж яваа дарга нар анхаарлаа хандуулж, яаж Монгол Улс маань баян чинээлэг байх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй болжээ.
-Төр засгийг шүүмжилж буй шалтгааныг тань ойлгож байна. Гэтэл эх орон, ард түмнээ ядуу, дорой амьдруулах үйлсэд танай намынхан ч үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Та АН-ын ҮЗХ-ны гишүүн, ардчиллын анхны хэдийн нэг шүү дээ?
-Би нэгдүгээр сарын 11-нд болсон ҮЗХ-ны хуралд үг хэлсэн.
Манай намын дарга Засгийн газарт орж ажилласан зургаан сайд, дэд сайд нараа ийм ч юм бүтээлээ, тийм ч юм хийлээ, баяр хүргэе гээд л заалаар нэг алга ташуулаад байсан. Харин би өөрийн үгэндээ “Үүнтэй би санал нийлэхгүй байна. Манай сайд нар болон Ардчилсан намын 27 гишүүн зүүний бодлого явуулчихаад, тэр тусмаа халамжийг хавтгайруулчихаад баярлаж, хөөрцөглөөд алга ташуулаад байгаагийн эсрэг саналтай байна” гэдгээ илэрхийлсэн.
Би Монгол Улсыг зах зээлийн эдийн засагтай, хувийн өмчтэй, үр ашигтай ажилладаг байгаасай гэдэг үзэл бодолтой явж ирсэн болохоос хүн арддаа бэлэн мөнгө өгөөсэй гэдгийн төлөө яваагүй.
Надад аль нам нь гарч ирэх нь хамаа алга. Бүгдээрээ л Монгол Улсын хөгжлийн төлөө явах ёстой. Тэгэхдээ барууны үзэл баримтлалаар явах нь зүйтэй.
Миний багтдаг фракци бол Р.Амаржаргал гишүүн тэргүүтэй МҮДН. Бид барууны үзэл баримтлалыг илүүд үздэгийг та бүхэн мэдэх байх.
-Х.Баттулга сайд тэргүүтэй Н.Алтанхуягийнхны эсрэг хөдөлсөн нөхдийн нэг нь та байж. Сайндаа ч биш банкны эзэн сайдаа дэмжээд тийм үг хэлжээ гэж ойлголоо?
-Наадах чинь хов жив. Х.Баттулга сайд энэ банкнаас нэг ч ширхэг хувьцаа эзэмшдэггүй.
-Байхгүй гэж үү?
-Байхгүй. Үүнийг Монголбанк шалгаад нотолчихсон. Хоёрдугаарт, Х.Баттулга сайдыг дэмжсэндээ биш өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн.
Би Х.Баттулга сайдыг бодвол 1990 оны партизан, ардчиллын МҮДН-ын гишүүн байсан хүн. Улстөрийг би Х.Баттулгаар заалгахгүйгээр, өөрийн үзэл бодлоор туушдаа туулж чадна. Харин тодорхой асуудал дээр үзэл бодол нийлж болно.
-Тэгэхээр тун удахгүй сонгууль болох гэж байна. Та өнгөрсөн хугацаанд улстөр хийхээсээ илүү банк руугаа хамаг анхаарлаа тавьж иржээ. Одоо улстөр рүү түлхүү орохгүй юм уу?
-Тийм ээ. Миний үндсэн ажил бол “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлын албан тушаал. Би өчнөөн зуун мянган харилцагч, мянга гаруй ажилтны өмнө өндөр хариуцлага хүлээсэн хүн. Философи утгаараа банк гэдэг нь итгэлцлийн байгууллага. Тэгэхээр нэн түрүүнд банкаа хөгжүүлэх, банкныхаа үйл ажиллагааг сайжруулахад ихэнх цагаа зарцуулдаг.
Улстөрийн хувьд идэвхтэй гишүүн биш. Хурал цуглаанд нь оролцоод үзэл бодлоо илэрхийлээд явдаг. Тэгээд ч банкир хүн хэт улстөржих нь утгагүй. Хувь хүнийхээ хувьд өөрийн гэсэн үзэл бодол байлгүй л яах вэ.
-Нэр дэвших бодол байхгүй гэж үү?
-Олон л санаа бодол байна. Мэдээж эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь бий. Насаа бодсон ч УИХ-д ороод олон зүйл хийж чадахгүй ч гэсэн банкныхаа секторын хууль эрх зүйн орчинг сайжруулах юмсан гэдэг бодол бий.
Нөгөө талдаа энэ сайхан хамт олноо орхихоос сэтгэл зовнидог. Намайг явчихвал мэдээж дараагийн үе нь удирдаад явж болох ч гэлээ банк маань ийм, тийм болчих вий гэж санаа зовох нь их.
Тэгэхдээ би тийм их мөнгө, төгрөгтэй хүн биш. Мажоритари давамгайлсан тогтолцоогоор явбал хөрөнгө мөнгө их зарцуулдаг учраас оролцож чадахгүй байх. Пропорционалиар оръё гэхээр Сонгуулийн хууль маань шударга биш байна. Нэр дэвшээд гарч ирж чадаагүй ч гэсэн 28 хувь авсан нь пропорционалиар жагссан хүмүүсээ дээрээс нь дараад ороод ирвэл яах билээ. Өөрөөр хэлбэл пропорционалийнхаа эхний хэдэд л жагсахгүй арагшаа жагсвал дарагдаад явчихна.
Шийдэж чадахгүй, толгой эргэчихээд л явж байна даа.
-Энэ 76 дахин сонгогдох хууль батлагдсан гэдэг үнэн байх?
-Өөрсдөдөө ашигтай хууль баталсан.
-Ирэх сонгуулийг та хэрхэн төсөөлж байна?
-Би зөв, шударга, ёс зүйтэй, чадварлаг хүмүүс гараасай гэж бодож байна. Шуналтай, хувиа боддог, ёс суртахуун муутай улс бүү гараасай. Зөнч, төлөгч биш болохоор ирээдүйг хэлж мэдэхгүй юм.
Хамгийн гол нь шударга сонгууль болоосой. Ер нь суманд багийн Засаг дарга нар, хотод хорооны Засаг дарга нь л булхайг хийдэг шүү дээ. Энэ тогтолцооноос гарч чадахгүй бол шударга сонгууль болохгүй гэдгийг баттай хэлж чадах байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.