antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 18, 2017 Comments are off

Нэрээ дуурсгаж яваа Монголын зэвсэгт хүчнийг дэлхий танина

нийтлэсэн Admin

ХҮННҮ ГҮРНИЙ ХӨХ ЦЭРГЭЭС ХҮН ТӨРӨЛХТӨН МЭДДЭГ БОЛСОН ЧИНГИСИЙН БААТРУУДЫН НЭР ТӨР

Буурал түүх, хувь заяаны эрхээр мандан бадарч, задран бутарч, харийн түрэмгийлэгчид Монгол орныг эзлэн, дарлаж байсан түүхэн үед эх орныхоо тусгаар тогтнолын төлөө яндашгүй гавьяа байгуулсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын баатарлаг эх орончдын дайчин уламжлалыг үргэлжлүүлсэн Их жанжин Дамдины Сүхбаатар тэргүүтэй Ардын журамт цэргийн Алтанбулаг-Шивээ Хиагтад 1921 оны 3 дугаар сарын 18-нд хийсэн түүхэн ялалтын явцад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн бий болж, улс үндэстнээ харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, төр улсаа сэргээн мандуулах үндэсний ардчилсан хувьсгалын эхлэлийг тавьж, өнөөгийн хөгжил дэвшлийн үндэс болсныг хойч үе нь бөхөөлгүй бадрааж, олон улсын Зэвсэгт хүчний жишигт хүргэснийг Монголын ард түмэн, Зэвсэгт хүчний дайчид жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.

        Хүннү гүрнээс эхтэй анхны төрт улсын үеэс “Газар нутаг бол төр, улсын үндэс” хэмээх төрийг төвшитгөх алсын хараатай, онч мэргэн бодлогоор залгамжилсан Монгол төрийн бодлого олон зууны түүхийн хуудсыг өртөөлөн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1939 болон 1945 оны дайн, тулалдаан, хил хязгаараа тохинуулахын төлөөх тэмцэл, тулгарах байлдааны түүхийг үгүйсгэх аргагүй юм.

Монголын Зэвсэгт хүчин ганц дайн тулааны гавьягаараа бус Улсыхаа төр засаг, төрийн болон төрийн бус байгууллагууд, нийт ард  иргэд эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах баатарлаг тэмцлийн дайчин түүхээ улам зузаатгасаар Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 96 жилийнхээ ойтойгоо золгож байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж, ажил хөдөлмөр, амжилт бүтээл, онцлог үйл явдлаар дүүрэн байгааг  “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт нийцүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас санаачлан боловсруулсан “Батлан хамгаалах тухай”, “Зэвсэгт хүчний тухай”, “Цэргийн албаны тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулиудыг Улсын Их хурлаар батлуулан  түүхийн хуудсаа  баяжуулснаар нь дурдахад л хангалттай.    Батлан хамгаалахын багц хуулиар Зэвсэгт хүчин “Хуурай замын цэрэг” болон “Агаарын цэрэг”-ээс бүрдэн, цэргийн захиргааны удирдлагаа хэрэгжүүлдэг бие даасан байгууллага байхаар хуульчилж, “мэргэжлийн цэрэгт суурилсан” байх зарчмыг тунхагласан нь Монгол Улсын төрөөс Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлсний гэрч. Мөн Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллага, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа мөн болохыг баталгаажуулж,  БХЯ, ЗХЖШ төдийгүй төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үүргийг нэмэгдүүлэн хуульчиллаа.  БХЯ, ЗХЖШ-нийхэн одоо “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030” баримт бичгийг төрийн цэргийн байгууллагуудтай хамтран боловсруулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Засгийн газарт өргөн бариад байна.  “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030” баримт бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2016-2020 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ онцолж байна лээ.

ДЭЛХИЙД НЭРЭЭ ГАРГАСАН ЭНХИЙГ САХИУЛАГЧДААРАА БАХАРХАНА

    Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг, оролцоо тасралтгүй нэмэгдэж, Монголын цэргийн ажиглагчид, цэргийн багууд, цэргийн эмч, сувилагч нар дэлхий дахинаа энх амгалан байдлыг сахиулах, шинэ тулгар тусгаар улсын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах, тусгаар тогтнол, ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж ирснээр манай Зэвсэгт хүчний нэр хүнд дээшилж, манай улсын дэлхийн тавцанд эзлэх байр суурь баталгаажин бэхжиж, Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохын аюулгүй байдал баттай хангагдах нөхцлийг бүрдүүлж байна.  Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоо нь 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэргийн  ажиглагч 2 офицерыг анх удаа илгээснээс эхэлсэн түүхтэй бөгөөд өнгөрсөн 15 жилийн хугацаанд БНАКУ, Баруун Сахар, Судан, Этиоп, Эритриа, Гүрж, Чад, БНӨСУ, Афганистан зэрэг улсуудад болон Судан Улсын Дарфур муж, хилийн маргаантай бүс нутаг болох Абией мужид явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаа, Ирак, Косово, Афганистан Улсад явагдсан энхийг дэмжих 3 ажиллагаа, нийт 14 ажиллагаанд давхардсан тоогоор нийт 14000 гаруй цэргийн алба хаагч  үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн юм. Өнөөдрийн байдлаар БНАКУ, БНӨСУ, Судан, Баруун Сахар, Абией, Афганистан Улсад явагдаж буй энхийг дэмжих 6 ажиллагаанд 1100 гаруй цэргийн алба хаагчид, цэргийн ажиглагч, зөвлөх, холбогч, штабын офицерууд үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний эзлэх байр суурь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2014-2016 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг дэмжих “UNMISS” ажиллагаанд  бүсийн командлагчаар бригадын генерал Д.Баярсайхан, хурандаа С.Амарсайхан нар үүрэг гүйцэтгэж, ажиллагааны хойд бүсэд НҮБ-д цэрэг хандивлагч 5-6 орны 6-7 мянга гаруй цэргийн алба хаагчдыг удирдан зохион байгуулж, НҮБ-ын дээд штаб, Нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч болон Хүчний командлагчаас “Онц” үнэлгээтэйгээр үүргээ гүйцэтгэснийг тэмдэглэлтэй.  Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид бие бялдар, сэтгэл зүйн хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгал, газар орны аюултай орчин нөхцөлд богино хугацаанд дасан зохицож, цагийн байдлын ямар ч үед өмнөө тавигдсан үүргийг цэргийн мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх чадварыг НҮБ, Олон улсын эвслийн Хүчний штаб, тухайн орны Зэвсэгт хүчнээс өндрөөр үнэлж байдгийг онцлолтой.  Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-ын байнгын цэргийн хүчний тогтолцоонд чухал байр суурийг эзлэн, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дунд 2017 үзүүлэлтээрээ 30 дугаарт жагсаж байгаагаар бахархахгүй бол яах билээ.

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛЫН МЭНДИЙГ УЛАМЖИЛЬЯ 

Энэ өдөр яах аргагүй дэлхийд нэрээ дуурсгаж яваа энхийг сахиулагчид болон цэргийн бүх бие бүрэлдэхүүнийг командлан захирч ява ахүний үгийг сонсохгүй бол болохгүй билээ.Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа ийнхүү мэндчилж байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа!

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагч цэнхэр дуулгатнууд аа!

       Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

      Ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалж, аюулгүй байдлыг бэхжүүлэх, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлст хувь нэмэрээ оруулан, Монгол цэргийн түүхийг бахархам үйлсээрээ баяжуулж буй Та бүхэндээ Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг амь бие үл хайрлан батлан хамгаалагчид, энх цагийн бүтээн байгуулалтад хөдөлмөр бүтээлээ шингээсэн халуун эх орончид, өвөг дээдэс, ахмад үеийн маань байгуулсан гавьяат үйлс, уламжлуулж үлдээсэн үнэт зүйлс нь Зэвсэгт хүчний үе үеийн дайчдын бахархал, хүндэтгэл, үлгэр дуурайлал болсоор ирсэн билээ. Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж, ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр дүүрэн түүхт ойгоо угтаж байна. “Монгол Улсын батлан хамгаалахын бодлогын үндэс” баримт бичигт нийцүүлэн батлан хамгаалах тогтолцоог шинэчилсэн, Зэвсэгт хүчний хууль, эрх зүйн шинэ орчныг бүрдүүлсэн батлан хамгаалахын багц хуулийг Монгол Улсын Их хурлаар хэлэлцүүлэн батлуулсан амжилтаар түүхийн хуудсыг баяжуулан үлдээлээ. Энэхүү шинэчлэн батлагдсан батлан хамгаалахын багц хуулиар Зэвсэгт хүчнийг “Хуурай замын цэрэг” болон “Агаарын цэрэг”-ээс бүрдэхээр хуульчилж, “мэргэжлийн цэрэгт суурилсан” байх зарчмыг тунхагласан нь Монгол Улсын төрөөс Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлж байгаа хэрэг болно. Өнгөрсөн онд энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль, сургалт, дадлагуудыг Монгол Улсад амжилттай зохион байгуулсаны дотор “Хааны эрэлд-2016” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлага нь анх удаа дэлхийн 5 тивийн нийт 46 орны 2000 гаруй цэргийн алба хаагчдыг хамруулсан ач холбогдолтой сургалт, дадлага болсон юм. Түүнчлэн ОХУ, АНУ, БНЭУ, Япон, Катар зэрэг улсуудын Зэвсэгт хүчинтэй хоёр талын хамтарсан хээрийн сургуулиудыг амжилттай зохион байгуулсан нь Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж, талуудын хооронд цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн арга хэмжээ боллоо. Өнөөдөр дэлхийн халуун цэгүүдэд явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд манай цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгаа нь Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргийн дагуу даян дэлхийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд тодорхой үүрэг, хариуцлага хүлээж, өөрийн хувь нэмрээ оруулж байгаагийн илэрхийлэл бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчин нь төрийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж, улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах, эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах, улс төр, эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өөрийн хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсээр байгаагийн тод жишээ болж байна. Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаа Та бүхэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол цэргийн сүлд хийморь, цог золбоо  үеийн үед мандан бадрах болтугай!

Дашрамд дуулгахад ЗХЖШ цэрэг иргэний холбоог нягтруулан ойртуулж, цэрэг эх орны үзэл санааг өргөнөөр сурталчлах зорилгоор дэргэдээ цэргийн сэдвээр олон жил бичиж, уран бүтээлээ байнга эх орон, цэргийн сэдэвтэй холбож явдаг сэтгүүлч, уран бүтээлчдийг нэгтгэсэн “Хар сүлдний хийморь” холбоог байгуулан өдөр тутам дэмжиж байгаа билээ. Үүний тул холбооныхоо хамт олны нэрийн өмнөөс болон тус холбооны тэргүүний хувиар баярлаж байдгаа илэрхийлэн цэргийн баярын мэнийг ч үзэг нэгт, үзэл нэгт нөхөддөө дамжуулья.

БАЙЛДАГЧ ШҮЛГЭЭРЭЭ ЦОРОЙЖ, БАВГАРУУД ГОРОЙСОН НААДАМ…

Өчигдөр ” Эх орны цэрэг-2017″ яруу найргийн наадам офицеруудын ордонд болдгоороо болох нь уу, үгүй юү гэж сонирхох, сонжихын завсар багагүй ” эргэлзээ” нуусаар очлоо хөө.

Сүүлийн үеийн шүлэг найргийн наадмуудад сүжиг жаахан суларснаас ийм эргэлзээ-тээнэгэлзээ сүүдэрлэх болсныг нуух юун билээ!

Уг нь , цэрэг, эх орны найргийн наадам цэх журамтай, байлдааны туганд мөргөж, бараг л андгай өргөх шахам болдог болохоор шударгуу янз донж харагддаг л…гэхдээ бас л бодлого, тушаал хааяа шургах гээд байдаг болсныг ч ярих л!

Найрагч хэмээсээр миний бие ” Болор цом”-д хэдэнтээ шүлгээ сойсон ч наагуур “чөдөрлөгддөг” ч нэг удаа ” Тасархай” шүлгээрээ нэг давж үзсэн, харин Данзанравжаагийн наадмаас үзэгчийн талархал хүлээж явсан, “Эх орны цэрэг” наадмаас тусгай шагнал нэг бус хүртэж, хонины шөлний хишиг амсч, найрагчдын эмхтгэл түүвэрт нь багтаж явсан болохоор энэ яруу найргийн наадмыг тойрох аргагүй болдог.

Уг нь, энэхүү наадмыг ” Болор цом”-оос дутахгүй хийх сэдлээр 1989 онд анх МЗЭ-ийн хорооны Яруу найргийн зөвлөлийг эрхэлж байсан Д.Цоодол, БХЯ-ны утга зохиолын салбарыг эрхэлж байсан Төрийн шагналт С.Дашдооров нарын санаачлагаар зохион байгуулж байснаас хойш 25 дахь жилдээ хийж буйгаараа углуургатай наадам билээ.

” Эх орны цэрэг” яруу найргийн наадамд ” Болор цом”-ын эзэд ч шургуу оролцон ган сэлэмний төлөө үзэлцдэг болсон!

Тийнхүү үзгээ сэлэм болгох хүсэл найрагч бүхэнд төрж ” Болор цом”-ын эзэн Д.Цоодол, Б.Лхагвасүрэн, П.Бадарч, Т.Галсан нар сэлэм зүүж, улмаар ” Болор цом”-оос дутахгүй болдог болсон.

Далайцтай сайхан энэ наадамд жил бүр 50-70 найрагч уралдаж, манай цэргийнхний тоолсноор 25 жилд 1700 гаруй найрагч давхардсан тоогоор ” сэлэмдэж” , ” цавчилдаж” ирсэн байна. Дандаа л бавгарууд, овгорууд түрүүлж, үзүүрлэж ирсэн!
Байлдагч цэргүүд бол нэгийн даваанд ч үзэгддэггүй байв.
Гэтэл энэ жил цэргийн 17 байгууллагаас ахмад дайчин, хурандаагаас байлдагч хүртэл оролцож яруу найрагч бавгаруудыг
арагш түлхсэнээрээ сонин, содон боллоо.

Шүүгчдийн суудлыг ойртон шинжвээс Ардын уран зохиолч Т.Галсан, МУСГЗ Б.Хүрэлбаатар, БХ-ын сайдын хэвлэлийн төлөөлөгч Б.Батцэцэг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Гүнтэвсүрэн, ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа Төмөрхуяг, ЦДБЭЧ-ийн дарга, хурандаа Золзаяа нар шүүж буй янзтай.
Ерөнхийлөн шүүгч Т.Галсан ” манай баг нударгаар бус шударгаар шүүлээ. Феодализм, социализм, капитализм нийлээд БХЯ, ЗХЖШ тэр чигээрээ сууж шүүсэн” гэж ёгтлонгуу хэлэх нь донжтой!
Мөн ардын хувьсгалын их баяр наадамд цэргээс ирж барилдан шууд түрүүлж аварга цол хүртэж байсан Түвдэндорж, Цэрэн нар шиг яруу найргийн их наадамд анх удаа түрүүлсэн байлдагч нь Г.Ган-Эрдэнэ боллоо!

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч шавилхан хүү Галбадрахын Ган-Эрдэнэ гэгч цэрэг ган пойз, алд өргөмжлөлөө дааж ядан тэргүүн байр эзлэв!
Энэ хүү ” Их засаг” их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн, Дорноговийн Равжаа хутагтын нутгийн угшилтай аж. Бас нэгэн сонин нь Хөвсгөлийн Ханхаас ирж шүлгээ уншаад шууд тусгай шагнал шүүрсэн, монгол бүсгүйн гоо хувцсаар гангалсан бүсгүй Л.Туяа гэгч бас дорноговийнх бөгөөд түрүүлэгч хүү Г.Ган-Эрдэнэтэй ах дүүсийн холбоотой байсан нь сонин.

Энэ хоёрын дундуур буурь зааж хоёр, гуравдугаар байрыг МЗЭ-ийн шагналт М.Амархүү, П.Батнайрамдал нар хүртлээ!

Байлдагч Г.Ган-Эрдэнийг 326 дугаар ангийн соёл хүмүүжлийн ажил хариуцсан ахмад Н.Наранхүү сойж энэ амжилтад хүргэснийг дуулгалтай!
Байлдагч түрүүлсэн яруу найргийн наадмыг сайхан гэхгүй бол юуг сайхан гэх вэ?

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, БХЯ-ны “Ээлтэй сэтгүүлч” шагналт, Хар сүлдний хийморь холбооны тэргүүн, бэлтгэл дэслэгч  Ж.Батсайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car