Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зарлиг гаргуулахыг хүсч, хүсэлт илгээж буйгаа мэдэгдлээ. Ерөнхийлөгчид хаягласан хүсэлтдээ тэрбээр “Миний бие Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд өөрийн тойргийн иргэд энэ аймшигтай хэрэгт холбогдон, ял шийтгэл авч урт удаан хугацаанд хоригдохоор болж байгаад гүнээ харамсаж байна. Шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг гэх үүднээс нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг шүүх эрх надад байхгүй билээ. Гэвч өнөөг хүртэл иргэд сонгогчдоос уг хэрэгтэй холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтүүдийг ирүүлсээр байгаа болно.Эдгээрийг тоймлон авч үзвэл: Шүүх хурал хаалттай хийж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан аливаа иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэсэн эрхийг бүрэн эдэлсэн гэдэгт эргэлзэж байгаа тухай,Шүүгдэгч нар нь захиалгат аллага үйлдсэн гэх боловч захиалагч өнөөг хүртэл хэн болох нь тодорхойгүй байгаа тухай, Тухайн хэргийн амьд гэрч гэгдэх Д.Булганы өгсөн мэдүүлэг нь шүүгдэгчийн нөхцөл байдлыг дээрдүүлсэн, эсвэл дордуулсан талаар мэдэхийг хүсч байгаа тухай, Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь онц ноцтой гэмт хэргийг бүрэн нотлож байгаа эсэх зэрэг эргэлзээг тодорхой болгох, мэдээллээр хангах тухай надаас хүссэн байна.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч та бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, тусгаарласан хэргийн мөрдөн байцаалтад саад болохооргүй, хуулиар шууд хориглосон онц нууцын зэрэгтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан ажлын хэсэг байгуулах зарлиг гаргаж өгнө үү.
Энэхүү ажлын хэсгийн дүгнэлтээр дамжуулан иргэд хаалттай шүүх хуралдаанд хийгдсэн аливаа үйл ажиллагааг ил тод болгох боломжтой бөгөөд олон нийтийн дунд үүссэн эргэлзээнд бага ч болов хариулт өгч чадах байх гэдэгт гүнээ итгэж байна” гэжээ.
Тэрбээр энэ хүсэлтийнхээ хувийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, ТЕГ-ын дарга Б.Хурц нарт илгээсэн юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.