Tитаник хөлгийн аймшигт түүхтэй төстэй явдал манайд, тэр дундаа хуурай газар дээр болох вий гэх айдас “Сандэй” худалдааны төвийн гадна байдлаас илт үзэгдэнэ. Өнгөрсөн намрын газар хөдлөлтөөр “Сандэй” плазагийн барилгад цууралт өгч, тэр нь тодоос тод харагдаж байлаа. Гэтэл энэ барилга баригдаад ердөө гуравхан жилийн цас, бороо, салхи шуургатай нүүр тулсан. Ийм богино хугацаанд ингэж цууралт өгснийг харахад барилгын нас бараг тодорхойлогдож байх шиг. Барилгын чанар жилээс жилд муудаж, энд тэндгүй барилгууд нурж, дотроосоо мөөгөнцөртөж, борооны ус нэвтэрч, хананаасаа салхи нь нэвт үлээсээр байгаагийн тод жишээ болсон “Эко” констракшны барьсан “Golden park” хотхоны хөгийн жишээг бид өмнөх дугаартаа нийтэлж байсан. Тэгвэл түүний бас нэгэн жишээ болсон Сандэй плазагийн барилга “Титаник” хөлөг шиг хуваагдах вий дээ гэсэн айдас дотор хирдхийлгэлээ. Үүдээр нь орлоо. Жавар тачигнаж, дах, дэгтий өмсөх нь холгүй болсон худалдаачид бүгд л гартаа уур савссан цай барих төдийхнөөр дулаацах аядна. Нэг давхартаа л ийм хүйтэн байдаг байх хэмээн бодсоор дээш 4, 6 давхар хүртэл гарлаа. Ялгарах юм алга. Угтаа эл худалдааны төв 2008 оны арванхоёрдугаар сард “Нарантуул” төвийн наймаачдыг уйлж, уярам гэрээгээр өөртөө татан оруулсан газар. Олон жил өвлийн хүйтэнд бээрч суусан худалдаа эрхлэгчид дулаан газар орохыг бодолгүй ч яахав. Гэтэл “Барын амнаас чонын аманд” гэгчээр худалдааны төв доторх хүйтнийг гадаахтай зүйрлэх аргагүй ч тохилог дулаан хэмээн рекламдсан газрын түрээсийн мөнгө тэнгэрт хаджээ. Түрээсийн орлогоор мөнгийг хүссэнээрээ хүүлж буй тус төвд кондейшн ч үл харагдана. Худалдаачдаас энэ талаар тодруулахад “Энэ байгууллагын эзэд чинь жинхэнэ луйварчид байгаа юм. Кондейшн байтугай энгийн агааржуулагч ч байхгүй. Зундаа “саун”, өвөлдөө мөсөн хонгил болчихоод л уур мана савсана шүү дээ. Одоо бүр “00” орж ч болохоо байсан. Нэг удаа бие засахад 200 төгрөг, энэ хүйтэнд дулаацахын тулд байнга шахуу ус буцалгаж ууна. Тэгээд тэр уусан усаа 20 минут тутамд “00”-д орж гаргана. Тэгээд болоогүй ээ, нэг ус буцалгагчаар ус авахад 50 төгрөг, шал угаах хувин ус 100 төгрөг байдаг. Энэ мэтчилэнгийн хүний эрх хэтэрхий зөрчигдсөн хэцүү зүйл зөндөө” хэмээж байлаа. Тэрчлэн лангуу, павильоны бизнес энд бараг л луйврын хэлбэрт шилжсэн байх аж. Өнөөх Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газар энэ тэрийн хяналт, анхаарал энд туйлаас хэрэгтэй болсон байна. Луйвардуулж, хулхидуулах шахсан худалдаачид ажлын байр, амин зуулгаа алдахгүйн тулд аманд орсноор нь тоолж, хэлэх авиагаар нь бөхөлзөх нь хөөрхийлөлттэй. Хувийн хэвшлийнхний Үйлдвэрчний эвлэл гэж байдаг дуулдсан. Тэдний анхаарал энд үнэхээр хэрэгтэй байгааг хэлэхсэн. Хүний эрх хэрээс хэтэрсэн зөрчилтэй энэ газрын зохион байгуулагч ажилтай н.Отгонцэцэг гэгч эмэгтэйтэй уулзахаар тус төвийн долдугаар давхарт байрлах ажлын байранд нь очсон ч гадуур ажилтай, эзгүй гэнэ. Энд гурван эмэгтэй нэг эрэгтэй байх ч ажил алба, албан тушаалаа нууцлаад жигтэйхэн. Уг нь Сандэй плазагийн зохион байгуулагч, менежерүүд л энд суудаг юм гэсэн. Тагнуулчдаас ч нууцлаг тэдний өрөөнөөс гарч лангуу түрээслэгчидтэй дахин уулзахад мөн л мянган зовлон тоочиж байна. Тэдний хэлж буйгаар худалдааны төвийн бүх павильон эзэнтэй. Эзэд нь бүгд бусдад түрээслэсэн байдаг байна. Өнөөх түрээслэгч дахиад цааш нь түрээсэлсэн байх аж. Энэ мэтчилэнгээр Сандэйгийн павильон бүхэн 2-3 эзэн, хариуцагчтай хэрнээ хууль, хариуцлага ярих гэхээр ямар ч эзэн олдохгүйн зовлонтой. Тэгсэн хэрнээ түрээс авах болохоор түм түмэн эзэн гарч түрээсийн төлбөрөөс гадна лангууны баталгаанд дор хаяж долоон саяас эхлэх “шовгор” заавал авна. Энэ нь тухайн байгууллагын дотоод дахь тусгай “хууль”. Тэгэхээр уншигч авхай та эл газарт ажлын байр хайвал лангууны сарын түрээс 1.5-3.0 сая хүртэлх төгрөг, дээр нь барьцааны 3.5 сая, үүн дээрээ дээр дурьдсан “шовгор” нэмнэ. Ингэж гэмээнэ энд наймаа эрхлэх эрх олно гэсэн үг. Ийм олон татаасын ард гарч буй ширхэг барааг тэгэхээр бид хэдий хэмжээний нэмэгдэлтэйгээр худалдан авдаг болж таарахав, бодох л асуудал. Худалдаачид болоод худалдан авагчдын эрх ашгийн төлөө бид эл төвийн эрх мэдэлтнүүдийг эргэн сурвалжлах болно.
nud.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.