Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болсон пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцож, аваргын алтан медаль хүртсэн Гавьяат тамирчин Э.Содномпилжээ өнөөдөр /2017.03.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр тус тэмцээний талаар мэдээлэл өглөө.
Э.СОДНОМПИЛЖЭЭ ЦААШИД ЖИН ӨГСӨН ӨРСӨЛДӨНӨ
Пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээн чансаа өндөртэй тэмцээний нэг юм. Тус тэмцээнд 35 орны 300 гаруй пара тамирчид оролцлоо. Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хувьд “Рио”-гийн наадмаас хойш оролцож буй анхны олон улсын тэмцээн юм. Тэрбээр энэ удаа жин өгсөн 97 кг-д өрсөлдөж, 220 кг-ыг шахан аваргын алтан медалийг хүртсэн бол мөнгөн медаль авсан Энэтхэгийн тамирчин 200 кг-ыг өргөжээ. Түүний жинд 12 орны 16 тамирчин өрсөлджээ. Өмнө нь “Дэлхийн цом”-ын тэмцээнээс хошой мөнгөн медаль хүртээд Э.Содномпилжээ энэ удаа алтан медаль хүртсэнээр жин өгсөн ч хүчтэй өрсөлдөгчийн нэг гэдгээ батлан харуулсан юм. Тэрбээр “Рио 2016” паралимпид 88 кг-д өрсөлдөхдөө 210 кг-ыг шахаж, хүрэл медаль хүртсэн.
Түүний дасгалжуулагчаар ОУХМ Ш.Энхсайхан ажилладаг бөгөөд энэ удаа ганцаараа АНЭУ-ыг зорьсон юм. Энэ удаагийн замын зардлыг Монголын пауэлифтингийн холбооноос гаргасан байна. Тэрбээр “Өнгөрсөн оноос хойш жин өгсөж, бэлтгэлээ хийсэн. Гэхдээ багшийнхаа зааварчилгаагаар бэлтгэлээ сайн хийсний дүнд аваргын алтан медалийг хүртлээ. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, Банк, санхүүгийн нэгдэл, “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэрийн 439-р анги, “Монгол шуудан” компани болон байнга дэмжиж байдаг та бүхэндээ талархаж байна. Олны дэмжлэгээр амжилтаа ахиулж ирсэндээ баяртай байна” гэв.
ДАШТ-Д ГОЛ АНХААРЛАА ХАНДУУЛНА
Пара пауэрлифтингийн дараагийн Дэлхийн цомын тэмцээн ирэх тавдугаар сард Унгарт болно. Мөн энэ оны гол тэмцээн болох пара ДАШТ ирэх наймдугаар сард Мексик улсад болох юм байна. Тус тэмцээнд манай тамирчин амжилттай оролцохоо амалсан. Түүний багш Ш.Энхсайхан дараагийн тэмцээний талаар ингэж хэлсэн юм. Тэрбээр “Энэ онд бид хоёр олон тэмцээн оролцоно. Энэ удаа Дэлхийн цомын аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа. Одоо Дэлхийн цом, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гээд гол тэмцээнүүд хүлээж байна. Цаашид жин өгсөж явах болно. Магадгүй 100 кг руу ч орж магадгүй. Гол нь бэлтгэл чухал байдаг. Бид бэлтгэлээ сайн хийж, та бүхнийхээ итгэлийг алдахгүй байхыг хичээж байгаа. Энэ оны хамгийн чухал тэмцээн бол ДАШТ. Хоёр жил тутамд болдог учраас ДАШТ маш их өрсөлдөөнийг харуулдаг. Бид улам сайн хичээж, ДАШТ, “Токио 2020” паралимпийн наадамд төрийнхөө далбааг мандуулах зорилготой ажиллаж байна. Энэ бол бид хоёрын хүсэл тэмүүлэл юм.” гэсэн юм.
“Рио 2016” паралимпийн хүрэл медальт, Дэлхийн цомын аварга Э.Содномпилжээ ирэх лхагва гаригаас эхлэн бэлтгэлдээ орох ажээ. Түүний хувьд жин өгсөн ч дэлхийн шилдэг өрсөлдөгчдийн нэг гэдгээ энэ оны анхны Дэлхийн цомын тэмцээнээс харууллаа.
Эх сурвалж: Times.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.