Хорвоо ертөнцөөс 300 жил тасарч хөмөрсөн тогоон дотор сууж байсан Монгол 1921 онд “Ардын хувьсгал ялснаар…” хэмээн манай нэн шинэ түүх эхэлдэг.
Харин Улаанбаатар буюу “Өргөө” Монголоос өөр цадиг намтартай. Халхчууд 300 жил “тогоон дотор” байсан бол эдгээр жилүүдэд одоогийн Улаанбаатар ид суурьшин төвхнөж Хан-Уул, Хатан Туулын хөвөөг сонгож тэр үедээ л шинэ үзэгдэл болсон юм. Нүүдэлчид эртний Хар Хорумаас хойш ийм томоохон сууринг нутаг дэвсгэр дээрээ байгуулаагүй байсан. Монголчуудыг бөөгнөрөхөөрөө эвгүй гэж хөрш үндэстнүүд нь үздэг. Нэг аманд гурваас дээш айл шавахаараа багтахаа байж хэрүүл хийдэг нүүдэлчид Туулын хар шугуйд 300 жилийн турш сэм алгуур цугларч чадсан байгаа юм. 1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гарч тэр дороо тусгаар тогтнолоо эргүүлээд авсан нь хүрээ хоттой болчихсоны ач гавьяа.
Ер нь манай энэ хот нь тунхгийн хувьд дэлхийн алдартай хотуудтай олон зүйлээр чацуурхдаг. Улс орнууд төр засаглал, хаан эзнээ амьдарч байгаа газраа нийслэл гэж байя гэдэг болсноос төдийлөн удаагүй байхад “Урге” нь Монголын хаант улсын нийслэлээр тунхагласан байдаг. Тэр үед лав л Москва, Берлин, Бээжин улсынхаа нийслэл байгаагүй. 1911 оны хоёрдугаар сарын эхээр хааны зарлиг гарч “Нийслэл” гэсэн хэргэмээ албан ёсоор авсан, мөн үүнээс яг арван жилийн дараа мөн энэ өдөр Барон Унгерн нийслэл хүрээг гамингаас чөлөөлсөн зэрэг түүхэн үйл явдлууд болсныг ноднин Баабар сануулж би түүнийг нь бичиж байсан юм. Ноднингийн хувьд яг тэр өдөр нь Цагаан сарын шинийн нэгэнтэй давхардчихсан юм. Шинийн нэгний өдөр нь бүр хоёр ч хоног дараалла уу яалаа.
1911 оны Богдын лүндэн нь зөвхөн дээдсийн хүрээнд яригдаж баримт бичиглэж тамга дарагдаад өнгөрсөн бол 1921 оны Хүрээг гамингаас чөлөвлсөн өдөр нь харин ихээхэн баяр ёслол болсон гэж түүхэнд тэмдэглэжээ. Тэртээх өвлийн тэр хүйтэн өдөр баяраа тэмдэглэж бөх барилдуулсан гэдэг. Бодвол гадаа дээлтэйгээ барилд сан байх.
Улаанбаатарын төрсөн өдөр нь бусад байгууллага, аймаг сум анх хэзээ байгуулагдсанаас шал өөр он цагтайгаараа өвөрмөц. Одоогийн манай улсын нутаг дэвсгэр дээрх хамгийн эртний бөгөөд цагийн шалгууруудыг давж гарсан ёстой баатар хот гэж боддог. Нийслэл гэгдээд зуун жил болж буй буурал хотын хуучин уламжлалыг хэрэв сэргээе гэвэл сонирхолтой юм их бий. Хүрээ гоёл, хүрээний сайхан хүүхэн гэж байсан бол цаг цагтаа тохирсон зөвхөн энэ хотод болдог олон үйл явдлын зарим нь мартагдаж зарим нь нийтийн хүртээл болоод замхарчээ. Харин нийгмийн бүх үед зангаа хаяагүй содон үзэгдэл бол хотынхны тэмцэгч чанар гэж болно. Сүүлийн зуун жилд болсон магадгүй тэрнээс өмнө ч Монголд болсон тэмцэл бослогыг энэ хотын унаган хүүхдүүд санаачилж оройлсон нь анхаарал татахуйц.
Энд ирээд хөлд хэлд орсон VIII Богдоос эхлээд Д.Сүхбаатар, Э.Бат-Үүл гээд яс үнэндээ дандаа л хотын “хулигаанууд”. Дашрамд дурдахад хамгийн цуутай боксчин зөвхөн Улаанбаатарынх байх нь бур “Бандизоо” зодооны үеэс уламжлалтай. Өнөөдөр Монголын тамирчдын нүүр царайг бөхөөсөө илүү боксчид олимп дэлхийд мандуулж яваа. Их Хүрээнийхний дараагийн бахархал бол урлаг соёл, утга зохиол дээр үнэхээр тасархай. Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчийн нэг Д.Нацагдорж чинь одоогоор бол Багануур дүүрэгт төрж Улаанбаатарт ясаа тавьсан гэдэгтэй хэн маргахав. Энэ мэтчилэн Монголын бараг бүх алдар суутан нэг бол Улаанбаатарт төрсөн эсвэл өөд болсон байдаг. Монгол хүний буян заяа мөн утаа хурсан газар гэж байдаг бол тэр нь лав энэ дөрвөн уулын дундах хонхордог оо.
Өнөөдөр Улаанбаатар маань улсын нийслэл болсны зуу дахь жил нь. Зуун жил болсон сум байтугай аймаг ч байхгүй. Өглөө бүр төрийн дуулал нүргэлэн “Улаанбаатараас ярьж байна…” хэмээн Монголын нэгэн өдөр эхлэх нь нэн яруу. Төрийн тэр дууллын аяыг Богд хааны хүү Мөрдорж гуай бичсэн юм шүү дээ. Бас хотын хүүхэд.
Ж.ГАНГАА
Холбоотой мэдээ
Comments are closed.