Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон нийслэлийн Hүнс хөдөө аж ахуйн газар хамтран “Органик хүнсний тухай хуулийг” дагалдан гарах журам, аргачлалын төслийн цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгийн хүрээнд органик газар тариалангийн, мал аж ахуйн, органик хүнсийг боловсруулахад баримлах зарчим зэрэг найман журмыг хэлэлцэх юм.
Органик хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих эрхзүйн таатай орчин бүрдүүлснээр үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа органик зарчимд нийцүүлэн сайжруулж болох юм. Мөн орон нутгийн болон экспортын зах зээлд бүтээхдэхүүнээрээ өрсөлдөх, орлогоо нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагатай бизнес эрхлэх зэрэг олон боломж нээгдэнэ. Түүнчлэн хэрэглэгчид баталгаажсан жинхэнэ органик хүнсний бүтээхдэхүнийг хэрэглэх боломж ч бүрдэх юм.
НХХААГ-ын хэлтсийн дарга А.Цэцгээ “Нийслэлийн Засаг дарга 2016-2020 онд органик газар тариалан, мал аж ахуй, органик болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний үйлдвэрлэлийг дэмжих талаар нэлээд олон том зорилтуудыг тавин ажиллаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас энэ онд Органик хүнсний тухай хуулийг баталсан. Үүнтэй холбогдуулж органик хүнсний тухай журам, түүнтэй уялдуулсан хэлэлцүүлгийг явуулж байна” хэмээлээ.
АНУ-д органик хүнсний үйлдвэр жил дундажаар 10 хувиар өсч байгаа юм. Мөн хэрэглэгчид жилд 43 тэрбум долларыг органик хүнс худалдан авахад зарцуулж байгаа аж. Органик үйлдвэрлэлд шилжсэн өрхүүдийн ядруулын индекс 1.35 хувиар буурсан үзүүлэлт байна. Тиймээс манай улс органик үйлдвэрлэлд шилжих нь эдийн засгийн хямралыг даван туулахад чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.