-Ажилдаа эргэж орохыг чинь харна аа-
Ажлаасаа халагдах ямар олигтой байх вэ дээ. Ар гэрээ тэжээж, амьжиргаагаа залгуулдаг эх үүсвэрээсээ сална гэсэн үг. Тийм болохоор ажлаасаа халагдана гэдэг нэг ёсондоо эмгэнэл юм. Хүмүүс янз бүрийн учир шалтгаанаар ажлаасаа халагддаг. Халах шийдвэрийг хуулийн дагуу эрх бүхий нөхөр гаргадаг. Байдлаас үзвэл, ажлаасаа халагдсан нөхдийн олонх нь “намайг хууль бусаар ажлаас халлаа” гэх үндэслэлээр шүүхэд ханддаг аж. Төрийн албан хаагчид шүүхээс гадна Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргадаг байна. Сүүлийн үед ийм тохиолдол олонтаа гарах болжээ. Цөмийн энергийн газрын дарга, доктор С.Энхбатыг Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
Хэдэн сарын өмнө Монголд цөмийн хаягдал булшлах гэж байгаа тухай хэвлэл мэдээллээр баахан шуугьсан юм л даа. Бүр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байденыг манай оронд айлчлахад цөмийн хаягдлаа булшлах талаар гэрээ хэлэлцээ хийхээр ирлээ энэ тэр гэж хардаж байсан билээ. Чухам тэр үед Цөмийн энергийн газрын даргын тайланг Засгийн газрын хуралдаанаар сонсохоор шийдэж. Гэтэл С.Энхбат дарга байдаггүй. Ерөнхий сайд тэр үед Засгийн газрын хуралдаанд ажлаа тайлагнах ёстой байсан ч ирээгүй учир хатуу хариуцлага тооцох ёстой гэж сануулж байв. С.Энхбат дарга том толгой гаргаж, Засгийн газрын хуралдаанд ирээгүй юм биш аж. Хуралдааны хүлээлгийн өрөөнд байхад бие нь гэнэт муудаад эмнэлэгт хүргүүлжээ. Эмч даралтыг нь үзтэл 220:120 байж. Ийм өндөр даралттай хүн хуралд тайлан тавих нь байтугай үхэхэд ойрхон хэрэг шүү дээ. С.Энхбат дарга Солонгост эмчлүүлж ирээд өөрийг нь хууль бусаар ажлаас халж, Хөдөлмөрийн тухай хууль болон Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр Засгийн газрыг шүүхэд өгсөн байна. Шүүх гомдлыг нь хүлээн аваад түүнийг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлсэн байна. Нэгэнт шүүхийн эцсийн шийдвэр гараагүй учраас С.Энхбат дарга одоо ажлаа хийж байна.
Дээрх дуулианы үеэр Цөмийн энергийн газрын дэд дарга Ц.Дамдинсүрэн, төрийн өмчит “Мон атом” компанийн гүйцэтгэх захирал Р.Бадамдамдин хоёрыг ажлаас нь чөлөөлсөн тухай сүр дуулиантайхан мэдээлж байлаа. Гэтэл Ц.Дамдинсүрэн дарга одоо ажлаа хийж байгаа аж. Учир гэвэл, өнөөх сүр дуулиан болгоод байсан ажлаас халах тухай тогтоолоо Засгийн газар өдий болтол гаргаагүй гэнэ. Харин Р.Бадамдамдин захирлыг тэр дор нь чөлөөлчихсөн бололтой. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийнх доргино гэгчээр энэ мэт хэрэг явдлаас болоод С.Энхбат хоёр ажилтнаа ажлаас нь халжээ. Өнөөх хоёр ч бас л баахан шуугиулсан. Магадгүй, шүүхэд өргөдлөө өгсөн байж ч мэдэх. С.Энхбат даргын хэлэхээр бол тэд ажлаа муу хийж, ҮАБЗ-д худал мэдээлэл өгчээ.
Ийм нөхдийг халахаас яахав. Хэдхэн хоногийн өмнө шатахуун импортлогч компаниуд ганцхан шөнийн дотор бензиний үнээ 260 хүртэл төгрөгөөр нэмчихэв. Ард олны бухимдал дээд цэгтээ хүрэв. Дээр доргүй буруутны эрэлд мордов. Газрын тосны газрынхан валютын ханш өссөнөөс шатахууны үнэ өслөө гэж Монголбанкныхныг буруутгаад цаадуул нь шатахууны үнийн өсөлт валютын ханшаас болоогүй гэж өөрийгөө өмөөрөв. Засгийн газар энэ асуудлыг хэлэлцээд Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, дэд дарга Ц.Амараа, Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах, орлогч дарга Ц.Доржпалам нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Гэтэл Д.Амарсайхан, Ц.Амараа нар өөрсдийг нь хууль бусаар халсан гэж Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ. Төрийн албаны зөвлөл тэдний гомдлыг хянан хэлэлцээд ямар шийдвэр гаргахыг урьдчилан хэлэх аргагүй. Хуульд заасан хугацаанд нь асуудлыг нухацтай авч үзээд албан ёсны шийдвэрээ гаргах ёстой.
Адилхан үндэслэлээр буруутгагдан хариуцлага хүлээсэн Д.Мандах, Ц.Доржпалам хоёр ч энэ жишгийг дагаж, Төрийн албаны зөвлөл юмуу шүүхэд хандахыг үгүйсгэхгүй шүү дээ. Өмнө нь Д.Мандах даргыг төмөр замын зарим төрлийн ачааны тарифыг дур мэдэн нэмж, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр гурван сарын цалинг нь 20 хувиар хасах шийдвэрийг тус байгууллагыг харьяалдаг Тэргүүн шадар сайд гаргажээ. Гэтэл Д.Мандах энэ шийдвэрийг хууль бус гэж шүүхэд гомдол гаргасан ч шүүх үүнийг хянан үзээд Тэргүүн шадар сайдын шийдвэрийг зөв хэмээж байжээ. Төгсгөл нь III нүүрт Түрүүч нь II нүүрт Орхон аймгийн ИТХ хэд хоногийн өмнө хуралдаж, Засаг дарга Д.Оюунбатыг огцруулсан билээ. Ерөнхий сайд энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. ИТХ дараагийн Засаг даргын асуудлыг хэлэлцэж, тус аймгийн Гаалийн газрын дарга М.Винтовыг санал болгосон боловч МАН-ын удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн асан, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирлаар ажиллаж байсан Ё.Баярсайханыг санал болгосон байна.
Ийн байтал Д.Оюунбат дарга өөрийгөө хууль бусаар халагдлаа хэмээн шүүхэд хандаад байна. Ингээд асуудал мухардаж, Орхон аймаг Засаг даргагүй болов. Жил гаруй удирдлагагүй байсан АТГ-ын даргаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгосноор цагдаагийн хурандаа Н.Ганболд, дэд даргаар нь тагнуулын ажилтан, хүн хулгайлсан хэргээр Англид баривчлагдаж, Германы шоронд сууж байгаад чөлөөлөгдсөн Б.Хурцыг томилсон билээ. Тэд ажлаа авангуут цөөнгүй ажилтныг ажлаас нь халсан юм. Тэдний дотор жолооч, бие хамгаалагч, мөрдөн байцаагч, хэлтсийн дарга нар байжээ. Тэднийг тушаал гаргаж ажлаас халахдаа хуулийн дагуу гурван сарын цалинтай тэнцэх нөхөн олговор олгосон байна. Гэвч халагдсан нэр бүхий найман ажилтан Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ. Төрийн албаны зөвлөл үүнийг хянан үзээд мөрдөн байцаагч Н.Батзогсох, Г.Одхүү, Г.Батбаатар, А.Цэдэн-Иш, Ж.Халиун нарыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байна.
Энэ тухай албан бичгийг АТГ-т хүргүүлсэн бөгөөд тус газрын удирдлага ямар шийдвэр гаргах нь одоогоор тодорхойгүй. Мэдээж гаргасан шийдвэрээ л хамгаалахыг оролдоно биз дээ. Нэгэнт л үндэслэлгүйгээр ажлаас халсан бол ажилд нь эргүүлж авах ёстой. Үгүй бол өөр хувилбар олж хуульд нийцүүлэх учиртай. Гэхдээ манайханд нэг муухай зуршил бий. Хууль бусаар ажлаас халагдсаныг нь шүүх, Төрийн албаны зөвлөл зэрэг эрх бүхий байгууллага тогтоож, ажилд нь эргүүлж авах тухай шийдвэр гаргаад байхад түүнийг огтхон ч тоодоггүй явдал гэм биш зан болчихсон гэхэд хилсдэхгүй. Хэдэн жилийн өмнө ГЕГ-ын дэд дарга Ш.Цогтоог ажлаас нь халав. Ш.Цогтоо шүүхэд хандаж, бүх шатны шүүх түүнийг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсныг нотолж, өмнө нь эрхэлж байсан албан тушаалд нь тавихыг үүрэг болгосон боловч ГЕГ-ыг харьяалдаг Санхүү, эдийн засгийн сайд татгалзсаар хэдэн оныг үдсэн билээ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон Ш.Цогтоо арга буюу МУИС-ийн Хууль зүйн сургуульд мэргэжлийнхээ дагуу ажиллахаар болсон юм. АН-ын дарга Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайд болонгуутаа өөрийн эрхлэх ажлын хүрээнд байдаг Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн дарга Д.Гантөмөрийг элдвээр өөнтөглөсөөр эцэст нь ажлаас халсан юм. Д.Гантөмөр энэ талаар шүүхэд гомдол гаргасныг бүх шатны шүүх хянан хэлэлцээд түүнийг хууль бусаар халсан болохыг тогтоож, албан тушаалд нь буцаан томилох нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Харамсалтай нь, шүүхийн энэ шийдвэр одоо болтол хэрэгжээгүй. Учир гэвэл, Н.Алтанхуяг өөрийн намын гишүүн, өөртэй нь хамт 2008 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдсөн “Дөрвөн бэрх”-ийн нэг Г.Энхтайванд албан тушаал олж өгөхийн тулд Д.Гантөмөрийг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан нь энэ аж. Стандартчилал, хэмжил зүйн төвийнхний хэлснээр бол Г.Энхтайван нь Н.Алтанхуягийн нэг намын нөхөр төдийгүй түрүүчийн эхнэрийнх нь дүү болж таарав. Тэрээр экс хүргэн ахынхаа ачаар тус төвийн даргын суудалд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр заларсныхаа дараа баахан хүмүүсийг ажлаас халж, хамаатан садан, найз нөхдөө оронд нь ажилд авчээ. Халагдсан хүмүүсийн зарим нь шүүхэд хандсан маргаан одоо ч үргэлжилж байгаа дуулдав. Харин Г.Энхтайван хууль бус үйлдлийнхээ улмаас АТГ-т шалгагдаж байгаа гэнэ.
Энэ мэт жишээ цөөнгүй бий. Хариуцлага алдсан, хууль зөрчсөн хэнийг ч болов ажлаас халах нь зүй. Ингэхдээ бүх зүйл хуулийн дагуу л байх учиртай. Хууль бусаар ажлаас халсныг эрх бүхий байгууллага тогтоож, ажилд нь эргүүлж авах тухай шийдвэр гаргасан л бол түүнийг үг дуугүй гүйцэлдүүлэх ёстой. Эрх зүйт төрийн мөн чанар, хууль дээдлэх ёс, хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтын амин сүнс чухам үүнд л орших учиртай. Үүнийг амьдралд хэрэгжүүлж чадвал халагдсан болгон “Чи намайг ажлаас хална гэнэ ээ, шүүх дээр уулзана аа” гэж заналхийлэхгүй, халсан нь ч “Чамайг ажилдаа эргэж орохыг харна аа” гэх даажигнал эгнэгт эцэс болох юм.
Б.Билгээ

Холбоотой мэдээ
Comments are closed.