587be148eef797cfaf95a3f2ccbfaeb257bfbbc7УИХ-ын Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийг бүхэлд нь батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь дэмжиж ийн баталсан байна.

Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэн хамаарах юм. Харин ерөнхий боловсролын сургууль, их сургуүль, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй юм байна.

Мөн малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өөр ажил эрхэлсэн хугацаа малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацаанд хамаарахгүй аж.

Өөрөөр хэлбэл, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, 12 жил зургаан сараас доошгүй жил малчнаар ажилласан шимтгэлээ төлсөн 50 настай эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх нээгдлээ. Энэхүү хуулийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж, эхэлнэ.