Пан хэмээх үг нийт, бүгд гэсэн утгатай Грекээс гаралтай ухагдахуун. Пан Монголизм гэвэл Бүгд Монгол, Нийт Монгол, Хамуг Монгол гэсэн үг. Түүнээс биш бусад үндэстнийг ялгаварлах, гадуурхах, устгах гэсэн утгатай үг биш. Пан Монголизм гэдэг үгийг сонсоод л Монгол хүний айдас хүрнэ, өнгөрсөн түүхийн алдаа гэж харамсана. Яагаад Монголчууд бид энэ үгнээс тэгтлээ их айдаг болоо вэ?
Ардчилал болон Пан Монголизм хоёр үнэндээ ижилхэн ойлголтууд. Өнөөдөр бид Пан Монголизмыг босгоно гэвэл тэр нь ардчилалыг Монголд босгоно гэсэнтэй л утга адил. Ардчилалын үнэтүүд болох чөлөөт, зөв, тэнцүү, шударга ёсыг Монголд тогтооно гэсэн үг. Пан Монголизм бол өнөөгийн ойлголтоор Монголчууд “чөлөөтэй”, “зөвийг барьсан”, “шударгаар шийддэг”, бүгд л тэнцүүхэн амьдрах гэсэн улс төрийн хүсэл мөрөөдөл юм. Монгол орондоо Монгол хүн доромжлуулалгүй, гадуурхагдалгүй, чөлөөтэй, амгалан, хангалуун амьдрах гэсэн тэр л тэмүүлэл. Хэрвээ Монголчууд бид хүн шиг сайн сайхан амьдрахыг хүсэж байгаа л бол Пан Монголизмоос айх биш харин дэмжих хэрэгтэй. Монгол ардчилсан орон гэвэл Пан Монголизм үүнтэй салшгүй холбоотой. Өнөөдөр Монголд хөгжил дэвшлийг, сэргэн мандлыг, соён гэгээрлийг тунхаглаж зарлахгүй байгаа нь Пан Монголизмыг ойлгохгүй, мэдэхгүй байгаатай холбоотой.
Пан Монголизм нь Монгол хүнийг сайн сайхан, аз жаргалтай, нэр төртэй амьдруулахыг л дэмжсэн үзэл. Тал нутаг дээрээ Монгол хүн цээж тэнэгэр, мөр бүтэн, аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа тэр л хүслийг, эх нутагтаа идэх хоолтой, өмсөх хувцастай, орох оронтой, зорих ирээдүйтэй амьдрахыг хүсэж байгаа тэр л хүслийг, мэдлэг боловсролтой, ажил мэргэжилтэй, төр засагтай, байхыг хүсэж байгаа тэр л хүслийг Пан Монголизм гэдэг. Ерөөсөө л Монгол үндэстнийг дахин босгож хөгжүүлэх гэсэн хүсэл эрмэлзлэл. Монгол орныг ардчилсан орон болгоё гэж хүсвэл Пан Монголизмийг бас хүсэх хэрэгтэй.
Харин Пан Монголизмыг хэн хар дарсан зүүд болгоод бидэнд ойлгуулчихваа. Монгол хүнийг сайн сайхан амьдрахыг эсэргүүцсэн гадныхны гар хөл бологчид Монгол хүний тархийг мухар сүсгээр дүүргэн эх оронч үзлийг нь мохоож, гутааж байна. Пан Монголизмыг расизм, фашизм зэрэг хүн төрөлхтний эсрэг үзлүүдтэй албаар хольж хутган Монгол хүнийг арчаагүй бэртэгчин болгохыг хэн хүсэж байгааг Монголын ард түмэн сайн мэднэ. Монголыг дахин хүчирхэгжихээс айсан гадныхан болон тэдний гар хөл бологч улс төрчид, эрдэмтэд нэртэй урвагчид энэ үгнээс хамгаас илүүтэй айна
Төр бол ард түмэн гэж нэгэн суут хүн хэлсэн байдаг. Монголын ард түмэн өөрсдийгөө төр гэж ойлгоогүйгээс өнөөдрийн энэ замбараагүй, авилгалд идэгдсэн, олигархижсан төр бий болсон. Улс төрч гэж улс төрөө ч ойлгоогүй хэдэн нөхдүүд ард түмний амьдралаар тоглож, наргиж сууна. Монголын ард түмэн өөрсдийгөө Монгол төрийн эзэн гэдгээ ухамсарлаж, тэнгэрлэг Монгол хүн гэдгээ ойлгож, улс орондоо нүүрлээд буй аюул гамшигаас, хямралаас эх орноо аврах хэрэгтэй. Монгол ардчилсан орон болон хөгжиж, цаашид хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад Пан Монголизм хамгаас хэрэгтэй.
Пан Монголизмын эсрэг аливаа ухуулга, үйл ажиллагаа нь өөрөө Монгол үндэстний эсрэг гэмт хэрэг. Хэн Пан Монголизмийн эсрэг байна тэр Монголын эсрэг, Монгол хүний эрх чөлөөний эсрэг байна гэсэн үг. Тиймээс Пан Монголизмыг үгүйсгэх гэсэн, буруушаах гэсэн, бүдгэрүүлэх гэсэн аливаа оролдлогыг Монгол хүн бүр нухчин дарах хэрэгтэй. Пан Монголизм гэдэг Монгол улсын тусгаар тогтнол, Монгол хүний халдашгүй дархан байдалтай салшгүй холбоотой. Монгол улс төв азийн цээжинд хоцрогдсон ядуу буурай хэвээрээ үлдэх үү? Эсвэл хүн төрөлхтний бүрэн эрхт гишүүн байх уу гэдэг Пан Монголизмтой нягт холбоотой. Пан Монголизм хүний эрх, эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс, ахан дүүсийн амьдралыг илэрхийлсэн ардчилалын ухагдахуун.
Д.Сүхбаатар
Холбоотой мэдээ
Comments are closed.