antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2011 Comments are off

Цаазын ял ба нийгмийн сэтгэхүй

нийтлэсэн Admin

Алуурчны гарт дотны хүнээ алдсан Мари Дийнс гэгч анх “Асуудлын гол нь хайртай дотны хүнээ алдсан хүмүүсийн уй

гашууг тайлах явдал болохоос бус гэмт хэрэгтнийг цаазаар авч, ар гэрийнхнийг нь бас уй гашууд автуулах нь чухал биш. Бид хүчирхийллийн тойргийг таслах болсон. Өшөө авалт түүнийг хэзээ ч шийдэж чадахгүй.” хэмээн бичсэн байдаг. Түүний дээрх өгүүлбэрийг таталсан өдөр нь Аравдугаар сарын 10 байсан бөгөөд дэлхий нийт эл өдрийг 2003 оноос эхлэн “Цаазаар авах ялын эсрэг Дэлхийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн юм.
Өчигдөр тохиосон уг өдрийг Монголын “Эмнести Интернэшнл” байгууллага нийгэмд сануулж өнгөрөөлөө. Тэд хүний эрхийг дээдлэхийг уриалсан, цаазын ялыг халахыг уриалсан хэвлэлийн бага хурал, кино хэлэлцүүлэг өрнүүлж, хуульчдад зориулсан лекц зохион байгуулах зэргээр “чимээ гаргав”.  Нэг хэсэг энэ асуудлаар Монгол Улс дэлхий нийтийн анхаарлыг татаж байсны хувьд асуудлыг эргэн нэхэх нь зүйн хэрэг.
Өнгөрсөн жилийн эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цаазаар авах ялыг түдгэлзүүлэх тухай УИХ-ын чуулганы индэрт үг хэлж байсан юм. Түүний уриалгыг гадаад ертөнц ихэд нааштай хүлээж авсан бол монголчуудын сэтгэхүйд шооны хоёр тал мэт хар цагаанаар бууж байлаа. Нийгмийн нэг хэсэг нь амь уучлах гэдэг нь ял уучлах гэсэн үг биш, онц гэмт хэрэг үйлдсэн хүний ялыг нь биеэр эдлүүлэн гэмших, засрах боломж олгох ёстой гэж байлаа. Өөрөөр хэлбэл хүн ямар ч хүнд гэмт хэрэг үйлдсэн түүний төрмөл эрхэнд төрийн нэрийн өмнөөс халдахгүй байх нь зөв гэж үзэж байв.
Харин нөгөө хэсэг нь “амийг амиар” буюу хүн алсан хүн заавал эрлэгт очих ёстой хэмээж буй. Ийм бодолтой иргэдийн дийлэнхийг ойр дотны хүнээ бусдын гарт цаг бусаар алдаж, цөхөрч шаналсан хүмүүс эзэлж буй нь яалт ч үгүй үнэн.     Шударга ёсны өчүүхэн хэлтэрхийг  нэхсэн тэдний өнцгөөс харвал Монгол Улс цаазын ялаас татгалзана гэдэг шударга бус ч юм шиг. Асуудлыг гуравдагч байр сууринаас авч үзэж, нэгэнт дээд хэмжээ авсан хүнийг олон жил хорих нь эдийн засгийн үр ашиггүй гэх нэгэн ч бий.

Бүр Ерөнхийлөгчийг тулгамдсан олон асуудал, амлалтаа орхигдуулж, цаг нь болоогүй зүйлээр оролдлоо гэж шүүмжлэх нь ч цөөнгүй  байлаа. Ямартаа ч энэ асуудал төр засгийн хэмжээнд яригдаад тодорхой хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд харин өнөөг хүртэл холбогдох хуулиар батлагдаагүй л байна. Харин нийгэмд “цаазын ялгүй болгочихвол гэмт хэрэг ихэснэ, ялангуяа хүн амины хэрэг шийтгэл багатай болно” гэсэн сэтгэхүй хэвээр байгаа юм. Тиймээс бас ч юу юугүй хуульчилж төвдөхгүй байгаа бололтой.
Эдүгээ манай улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд долоон төрлийн хэрэгт ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноодог. Улс төр, нийгмийн зүтгэлтний амь насанд халдах, төрлөөр нь устгах, хүний амийг санаатайгаар хөнөөх, хүчирхийлэх, зандалчлах, террорист үйл ажиллагаа зохион байгуулах, хүн төрөлхтний эсрэгт гэмт хэрэг үйлдэх гэх мэтчилэн. Гэхдээ энэ долоон заалтыг дотор нь задлаад үзвэл хүнийг цаазаар авах ялаар шийтгэж болох 59 хэсэг, гэмт үйлдэл байдаг аж. Иргэнээ цаазаар аваачих ийм өргөн талбар нээчихсэн хэрнээ түүнийгээ оноох, шийтгэх, гүйцэтгэхдээ зөв зүйтэй зохицуулалт, хөндлөнгийн хяналт ямагт дутуу явсаар ирсэн дөрвөн орны нэг нь Монгол гэгддэг. Цаазын ял гүйцэтгүүлсэн хүмүүсийн талаар хангалттай мэдээлэл ч байхгүй, байгаа нэг нь ам дамжсан шинжтэй, хил давчихсан, оргочихсон гэх мэт эерэг сөрөг таамаг байдаг нь дээрх үзүүлэлтийг хойш нь чангаадаг аж.
Ямартаа ч сүүлийн 40 жилд манай улсын шүүх хүн санаатай алсан хэргээр 806 хүнд цаазаар авах ял ногдуулсан мэдээлэл байдаг.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд сонгогдсоноосоо хойш нэг ч цаазын тогтоол дээр гарын үсэг зураагүйгээ албан ёсоор мэдэгдсэн.  Цаазаар авах ялыг халж байгаа улс орнуудын тоо сүүлийн 20 жилд нэмэгдсээр байна. Өнөөдөр дэлхийн 129 орон цаазаар авах ялыг хуулиндаа болон практикт халаад буй аж. Үүнээс 89 орон цаазаар авах ялыг бүрэн халж, 10 орон дайны гэмт хэргээс бусад тохиолдолд оноохыг хориглож, 30 орон практикт хэрэглэхээ зогсоож сүүлийн 10 гаруй жил ялын гүйцэтгэл хийгээгүй байна. Үлдсэн Хятад, Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр байгаа боловч тэдгээрийн зарим нэг оронд ял оноох хэргийн тоог бууруулсан аж. 2006 онд Ази-Номхон далайн орнуудаас Филиппин улс нь хуулиндаа болон практикт цаазаар авах ялыг халсан 25 дахь орон болж байсан ажээ.
Цаазын ялаас татгалзах тухай төрийн тэргүүний уриалга эрхзүйн дархлаатай болоход  нийгмийн сэтгэхүй нэг үеэ бодвол бэлтгэгдчихээд  шиг. Гэхдээ дагалдах олон асуудлыг шийдэх арга зам тодорхойгүй хэвээр байна. Ямар боловч Ерөнхийлөгч санаачилга гаргаснаас хойш жил хагас өнгөрсөн ч цаазын ял тойрсон асуудал бүрхэг, бүүдгэр хэвээрээ л байна.
        Э.Адъяа

Эх сурвалж: “Монцамэ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car