antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2012 Comments are off

Улстөрчдөд өгөх зөвлөгөө

нийтлэсэн Admin

Ирэх сонгуулийн төвөргөөн өдөр өдрөөр ойртож, эрх мэдэл албан тушаалын төлөөх тэмцэл эрээгээ алдаж эхэллээ. Эрх баригч МАН-ын эхлүүлсэн энэ жишиг дээр улс төрийн бусад нам, хөдөлгөөнүүд ч бас хий эргэж эхлээд байна.

Өнгөрөгч долоо хоногт намын­хаа Бага хурлыг хийсэн МАН-ын удирдлагууд Монголын ард  тү­мэнд “Монгол хүний хөгжлийн хө­төлбөр” гээч зүйлийг тулгасан билээ. 2031 он гэхэд монгол хүний орлогыг хэрхэн өсгөсөн байх ту­хай сонгуулийн хоосон амлалт. Уг нь манайд мөрдөж буй хуулиар сон­гуу­лийн хугацаа дөрвөн жилийн мөч­лөгтэй. Түүгээр нь харвал ядаж 2016 он гэхэд бид юу хийж бүтээж чадах вэ гэдгээ лоозондож болмоор. Дээр нь хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарсны дараа тулах цэггүй үлдсэн тус намын хувьд ирэх таван сарыг яаж шүү ардаа хийж, төрийн албан хаагчдынхаа цалин тэтгэврийг тавьж, шатахууны үнэ, өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдлийг хэрхэн тогтоон барих вэ гэдэг хоолой дээр тавьсан хутга болчихоод байгаа.

Харин нөхдүүд тулгараад байгаа бодит бэрхшээлүүдийг харахаас шууд зугтаж, хорин жилийн дараах диваа­жингийн тухай хоосон үл­гэрээр иргэдийн тархийг угааж эхэл­лээ. Бодвол үүнийг нь өнгөрсөн зуунд монголчууд “капитализмыг ал­гас­сан”-тай адил хэн нэгэн өмнөөс нь хийгээд өгнө гэж эндүүрсэн бололтой. Тиймээс тэр үед орос ах нараасаа “коминтерны” бодлогыг Монголд импортолж  байсан Ардын намынхан энэ удаа Ардчилсан намын “Монгол хүн 2020”-ын са­нааг шууд хусч, “Хөгжлийн мод”, “Хүний хөгжлийн хөтөлбөр” гэх шиг төөрөлдүүлсэн нэр өгөөд сонгууль­даа орж байна. “Чи сайхан хоолны нэр хэлваа, би савхадваа” гэдэг шиг Ардын намынхан зүүд мөрөөдлөө яриад, ард түмэн араас нь мөлхөөд байж дээ. Үүнийг л улс төрийн хү­чин цаг үеийнхээ урд нь явах гэдэг байх нь.

Ардын намынхны бодож олсон он цаг үеийг товчилсон энэ айхавтар бодлогыг толгойноосоо сэгсэрч амжаагүй байхад Ардчилсан намын дотоодод бас асуудал өрнөөд эхлэв бололтой. Баасан гаригт хуралдсан Ардчилсан хүчний холбооны их хурлаас Ардчилсан нам дотор “Алтан шонхор” фракц төрснийг зарлав. Үгүй ээ, зүгээр л “Шонхор” юм байна. “Алтан шонхор” болчихвол “Алтан гудас”-аас ялгарахаа больчихно гэдгийг мань эрчүүд мэдээж харсан л байж таараа. Тэгээд фракцийнхаа нэрийг тайлбарлахдаа “шонхор бол нэг л гэр бүлтэй, түүндээ насаараа үнэнч байдаг амьтан” гэж байгаа юм. Энэ одоо улс төр мөн үү. Гэр бүлд үнэнч байдал чухал бол улс төрд хэн хамгийн олон тоглогчтой зэрэг тоглож чадсан нь ялалтад хүрдэг жамтай. Цаад санаандаа бол “Алтан гадас”-ынхан Ардын намтай ч явалдаад, Ардчилсан намыг ч удирдаад байна, бид л намдаа үнэнч гэх гэсэн санаа байх л даа. Улс төрд нөхөрлөл гэж байдаггүй, эрх ашиг л байдаг. Харин ямар эрх ашгийг урдаа авч яваагаар нь тухайн намыг үнэлдэг юм.

Саяхан МоАХ-ны үндэсний чуулган болж, Ардчилсан намыг аврах хөдөлгөөн өрнүүлэхээр болсон. Үүнийг нь угтуулаад аль эрт Ардчилсан намыг хаяж явсан М.Энхсайхан хүртэл “хамтран авралцахаар” хариу мэдэгдэл, хайрын захиа шидэлцэж эхэлсэн билээ. Одоо үүн дээр нь АХХ-ныхон хүч өгч “намын харьяалал харгалзахгүй, ардчилсан үзэлтэй бүх хүнтэй хамтран ажиллана” гэж урилаа. Ардчилсан үзэлтэй л бол МАН ч, МАХН ч, МҮАН ч хамаагүй юм байх. Ингээд нэг ёсондоо Ардчилсан намыг тойрсон Ардчилсан намын эсрэг нэгдэл үүсэх маягтай. Өмнө нь олон нийт МАН-ын удирдлагуудыг “улс орны эрх ашгийг уландаа гишгэж, сонгуульд ялалт байгуулах гэсэн ганц намын эрх ашгаар асуудалд хандлаа” хэмээн дургүйцэж байсан. Гэтэл өнөөдөр Ардчилсан намын доторх бүлэг фракциудын эрх ашиг түүнээс ч илүү жижгэрч, сонгуулийн өмнө намаа хагалах хэмжээнд харагдаж байна. Өрсөлдөгчдөд нь ч сайхан өгөөш болно доо. “Манай намын дараагийн дарга нь яах аргагүй З.Энхболд, Х.Баттулга нар мөн” гэсэн ҮЗХ-ны гишүүдийг эерэг үнэлэмжийг нөхдүүд ийнхүү эсрэгээр нь ашиглаад эхлэв бололтой. Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй гэдэг байх аа.

Өнгөрөгч баасан гаригт АХХ-ноос гаргасан бас нэг мэдэгдэлд “Цорын ганц сөрөг хүчин болох Ерөнхийлөгчөө дэмжиж ажиллах”-аа мэдэгдсэн байна лээ. Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иддэг гэгчээр Ерөнхийлөгчийн нэрийг ямар санаатай үүндээ авчирч наасныг мэдэхгүй ч сануулахад, Ерөнхийлөгч бол сөрөг хүчин биш. Тэр бол Монголын ард түмний эв нэгдлийг хангагч нь. Улс төрийн нам, хүчнүүд нь хоорондоо хагаралдаж, тэмцэлдээд бослого гаргахдаа хүрвэл арми ч хөдөлгөж чадахаар эрх мэдэлтэй хүн. Харин сөрөг хүчний үүргийг Ардчилсан нам албан ёсоор өөр дээрээ авсан гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Д.Ганхуяг лав мэдээгүй бололтой. Тэгээд ч ер нь УИХ-ын гишүүн хүн нам дотроо, УИХ дээрээ асуудлыг босгон олын анхааралд хандуулж, түүнийгээ хагалж шийдэж чадахгүй бол тэр буглаа, шарх сорвио нийгэмд гаргаж цацаад, идээ бээрээ тараагаад байх нь тийм ч ёс зүйтэй хэрэг биш. Ардын намын нөхдүүд ихэвчлэн үүнийг хийдэг байсан, одоо Ардчилсан нам араас нь орж болохгүй л гэсэн үг.

Харин өнөөдөр сонгууль болоход дөрөвхөн сар үлдчихээд байхад ирэх сонгуулийг хэрхэн зөв, шударга, будилаангүйгээр явуулж, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд нь засгийн эрхийг авах вэ л гэдэг улс төрийн нам хүчнүүдийн санаа тавих асуудал. Ардчилал, шударга ёс ч гэдэг үүгээр илэрхийлэгддэг. Ядахдаа УИХ, орон нутгийн сонгуулиа хамтад нь явуулах уу, үгүй юу гэдгээ энэ УИХ, Засгийн газар яаралтай хэлэлцэж шийдэх ёстой. Түүнээс биш гэв гэнэт саран дээрээс унаад ирсэн амьтан аятай элдэв хөгжлийн бодлого, хөтөлбөр хайгаад, бослого тэмцэлд уриалаад явах нь өнөөдрийн асуудал биш байна аа, найзууд аа.

Тиймээс хэрвээ өнөөдөр Ардчилсан нам дотор нөгөө бүлэг фракц, дарга цэргийн асуудал нь хурцдаад эхэлсэн бол түүнийгээ нам дотроо шийдээд, хэн нь хэдэн кандидат сонгуульд нэр дэвшүүлэхээ олонхиороо, аль цэцэн мэргэнээрээ, бүр болохгүй бол булчин шөрмөсөөрөө ч болтугай шийдэцгээ л дээ. Босгож тавиад байгаа олон мянган асуудлын чинь цаана ганц энэ л эрх ашиг байгаа шүү дээ.

Ардын намынхан ч гэсэн айл айлын хаалга тогшиж, хөнжил гудас сөхөөд “өрхийн соёл” энэ тэр гэж солиорч явахынхаа оронд эхлээд нам доторх боловсон хүчнийхээ асуудлыг жаахан цэвэрлээд, шалгуураа өндөрсгөчих. Түүнээс биш 20 жил хашгирахад олж сонсоогүй үгийг чинь одоо та нарын чихэнд очиж шивнэж явдаг илүүдээ гарсан дуу хоолой, итгэл найдвар байхаа больсон, наад ард түмэнд чинь.

Б.СЭМҮҮН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car