antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2016 Comments are off

Д.Энэбиш: Витаминыг эмийн сангаас бус хоол хүнснээсээ авах нь зохистой

нийтлэсэн Admin

ec949dd0a4bfa8817fd518f63b907203Оточ Манрамба Их сургуулийн багш, АУ-ы доктор, профессор Д.Энэбиштэй витамин, түүний ач холбогдлын талаар ярилцлаа. Тэрбээр хүний их эмч мэргэжилтэй ч насаараа анагаахын биохимийн хичээл зааж, анагаахын биохими, уургийн биохимийн чиглэлээр 30 орчим ном, 400 гаруй бүтээл хэвлүүлэн, 41 дэх жилдээ багшилж буй ахмад багш юм. 

Бидэнд витамин хэрэгтэй гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ бидний бие махбодид ямар нөлөө үзүүлдэгийг тэр бүр мэддэггүй шүү дээ. Та энэ талаар хэлж өгөөч? 

Витамин гэдэг нь амьдралын чухал амин гэсэн утгатай үг. Анх нээгдсэн витаминууд амин бүлэгтэй байсан учраас амьдралын амин гэж нэрлэгдсэн. Хэдийгээр дараа нь амингүй витамин гарсан ч дэлхий дахинд витамин гэдэг нэр томъёогоороо нэрлэсээр ирсэн. Витаминыг тосонд уусдаг, усанд уусдаг гэж ангилдаг. Тосонд уусдагт Д, А, Е, К витамин ордог бол С, В-ийн төрлийн болон бусад витаминууд усанд уусна. Витамин бүхэн чухал ач холбогдолтой. Хүний биед ямар нөлөө үзүүлдэгийг Д витаминаар жишээ болгон ярья л даа. Д витаминыг “Д витамин” гэж нэрлэхээс гадна ургамалд үүсдэг эргокальциферол, хүн амьтны биед үүсдэг холекальциферол гэж нэрлэдэг. Д витамины томъёонд ямар ч кальци байхгүй ч кальцийг хадгалж байх үүрэгтэй учраас ийнхүү кальциферол гэж нэрлэдэг. Д витамины идэвхигүй хэлбэр нь нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр идэвхитэй витамин болдог. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Д витаминыг нарнаас авах ёстой гэж ярьдаг. Яг ч нарнаас авч байгаа юм биш. Нарны хэт ягаан туяа идэвхигүй хэлбэрийн Д витаминыг идэвхитэй, жинхэнэ витамин болгон хувиргаж байгаа юм. Д витамины хамгийн гол үйлчлэл нь ясанд кальцийг хуримтлуулж, кальци фосфорыг зохицуулж өгөх чухал ач холбогдолтой. Д дутагдахаар рахит буюу сульдаа өвчин үүсч, хүүхдийн ясны эрдэсжилт явагддаггүй. Аливаа ясны хатуулаг чанар кальциас хамаардаг. Тиймээс Д витамин нь кальцийн солилцоог зохицуулдаг юм. Д витамин нь хоол хүнснээс авч байгаа кальцийг ходоод гэдэсний замаас хурдан шимэгдүүлэн цусанд оруулж, цусанд орсон хойноо кальци зөөгч уургийг нийлэгжүүлдэг. Ингэснээр кальци ясанд хүрч, яс эрдэсжихээр ясны хатуулаг чанар сайжирдаг юм.

Монголчуудын хувьд хоол хүнснээсээ өдөрт авах ёстой витаминаа авч чадаж байна уу. Витамины дутагдал, илүүдлийг яаж зохицуулах ёстой вэ? 

Өдөр тутамдаа чанартай хоол хүнс хэрэглэж, нэр төрлийг нь өөрчилж, цагаан идээ, төрөл бүрийн хүнсний ногоо идэж хэрэглэж байвал гаднаас заавал эмэн витамин авах ёсгүй. Гэхдээ орчин үед хүнсний бүтээгдэхүүний чанар, найрлага, хадгалалт, хамгаалалтанд маш их өөрчлөлт орсон учраас хүмүүс витамины дутагдалд ихээхэн өртөж байна. Тиймээс үүнийг дагаад сүлжээний витамины бэлдмэлүүд маш ихээр бий болсон. Уг нь витаминыг гудамжнаас авч идэх ёсгүй л дээ. Байгалиас заяасан байдлаар нь, хоол хүнснээсээ авах ёстой. Сүүлийн үед хүмүүс ямар нэгэн хэмжээгээр Д витамины дутагдалтай байна гэдгийг анагаах ухааны салбарынхан анхаарч, их судлах болсон. Д витамин нь сүү цагаан идээ, өндөгний шар, далайн гаралтай бүтээгдэхүүнд баялаг байдаг. Тиймээс витамины дутагдалд орохгүйн тулд Д-гээр баялаг хоол хүнс хэрэглэх нь хамгийн чухал.

Хүүхдийн хоолны дуршил буурах нь витамины дутагдалтай холбоотой гэдэг. Энэ үед яах ёстой вэ. Хоолны дуршил сайжруулах янз бүрийн витамин өгөх нь хэр үр дүнтэй бол? 

Витамин хоолны дуршлыг муутгах ч үгүй, сайжруулах ч үгүй. Харин витамины дутагдалд орвол хоолны дуршил мууддаг. Дан хөхний сүүгээрээ хооллодог хүүхэд эхний зургаан сардаа витамины дутагдалд ордоггүй. Гэхдээ эх нь зөв хооллож, хангалттай витаминаа авч чадаж байвал шүү дээ. Хэрэв эх нь хангалтгүй хооллож байвал Д байтугай олон витамины дутагдалд орно. Ер нь нэг витамины дутагдал гэж байдаггүй. Дандаа хавсарсан байдаг. Витамины анхдагч болон хоёрдогч дутагдал гэж бий. Хоол хүнсээр хомс байдаг, витаминаар хомс хоол идсэнээс болсон дутагдлыг анхдагч дутагдал гэнэ. Харин хоол хүнсээрээ хангалттай витамин авч байгаа ч тэр нь хүний биед шингэхгүй байгааг хоёрдогч дутагдал гэж нэрлэдэг.

Хоёрдогч дутагдал юунаас шалтгаалж үүсдэг вэ. Яаж сэргийлэх вэ? 

Хоол тэжээлээрээ витамин хангалттай авч байгаа ч тэдгээр нь боловсорч биед шингэхгүйгээр хоол боловсруулах замаар гараад явчихдаг. Ялангуяа тосонд уусдаг витаминууд заавал цөсний оролцоотойгоор шимэгдэх ёстой. Гэтэл шимэгдэх нөхцөл бүрдэхгүй эмгэг байгаа учраас витамин боловсорч биед шингэхгүйгээр гадагшилж байгаа юм. Үүнээс сэргийлэхийн тулд биед яагаад шингэхгүй байгаа шалтгааныг олж эмчлэх хэрэгтэй.

Таны “Витамины биохимийн үндэс” номон дээр антивитамин гэх ойлголт байсан. Энэ талаар тодруулаач? 

Байгаль дахь бүх зүйл өөрийн эсрэг бодистой байдаг. Витаминууд ч гэсэн өөрийнх нь үйлчилгээ, нийлэгжилтийг дарангуйлдаг эсрэг үйлчилгээтэй бодис буюу антивитаминтай. Тэрхүү антивитаминаар тухайн витамины тун хэтэрсэн, хордлого болсон үед нь саармагжуулах арга хэмжээг авдаг.

К витамины дутагдал их аюултай гэж ярьдаг. Үүнээс яаж сэргийлэх вэ? 

К витамин цус бүлэгнэхэд зайлшгүй оролцдог. Хүн амьтанд цус бүлэгнүүлэх тогтолцоо заяасан. Тийм тогтолцоо байгаагүй бол нэг судас хагарахад л хүний биед байдаг 4,5-5 литр цус гоожоод гарчих байсан. Аяндаа өөрөө бүлэгнэдэг тогтолцоо заяасны ачаар тэр бүр амархан цус алдаад байдаггүй. К витамин нь цусны бүлэгнэлтийн нарийн нийлмэл олон шаттай үйл ажиллагаанд оролцдог. Судасны хамгийн сүүлийн хагарсан хэсэг дээр бүлэн болоод бөглөдөг. Тиймээс К дутагдвал цусархаг хам шинж болно. Арьсан дор цус амархан харвадаг, цус хурдаг, гоождог, хамраас цус гардаг болчихдог. К витамины дутагдалтай байна уу гэдгийг лабораторид шинжилж үзнэ. К-ийн дутагдалтай хүн мэс заслын үеэр ихээхэн цус алдах магадлалтай учир шууд мэс засалд оруулдаггүй. К витаминыг урьдчилж уулгаж, тарьж, К витаминыг орлуулдаг Викасол гэдэг эм хэрэглэж, цусны бүлэгнэлт нь сайжирсны дараагаар мэс засалд оруулдаг. К-ийн дутагдлаас сэргийлэхийн тулд К витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх ёстой. Туулайн бөөр гэх ургамал, байцаа, халгайн навч, улаан лооль, бусад үр жимс, гахайн элгэнд К витамин ихээхэн агуулагддаг.

Бид С витаминыг хамгийн түгээмэл хэрэглэдэг. Үүнтэй холбоотойгоор С витаминыг нэг дор олон тоогоор уух зэргээр замбараагүй хэрэглэх нь бий. Үүнээс шалтгаалж өвчин эмгэг үүсч болох уу? 

Витаминуудыг хоногт хэдий хэмжээг хэрэглэх ёстой гэсэн баримжаа байдаг. Усанд уусдаг витаминуудаас хамгийн өргөн хэрэглэдэг нь С витамин ч хоногийн тун нь бусдаасаа хамаагүй илүү байдаг. Тиймээс С витамины илүүдэл, дутагдалд орох нь харьцангуй ховор. Гэхдээ аливаа юм хэмжээтэй учраас илүүдвэл өвчин эмгэг үүснэ. Ялангуяа бага насны хүүхдэд, тэр тусмаа эрэгтэй хүүхдэд муу үр дагавартай. Учир нь С витамины илүүдэл нь үр тогтох үйл явцыг алдагдуулдаг гэж үздэг. С витамин хад, нохойн хошуу, улаан перец, нимбэг, байцаа, төмс зэрэгт хамгийн элбэг агуулагддаг. Тиймээс ч манай монголчууд зундаа нохойн хошууг түүж хатааж, хадгалчихаад хавар хандалж уудаг. Гуравдугаар сарын алдад хүн бүхэн С витамины дутагдалд их бага хэмжээгээр ордог. Ер нь витаминыг байгалийн эх булгаас нь хэрэглэвэл маш сайн. Тэрнээс биш эмийн сангаас аваад идээд уугаад байх нь зохистой хэрэглээ биш.

В-ийн төрлийн витаминуудын ач холбогдлын талаар хэлж өгөөч. Ямар хоол хүнсэнд элбэг байдаг вэ? 

В-ийн төрлийн их олон витамин байна. В1, B2, B3, B5, B6, Bс, B12 гэж маш олон витамин бий. Витамин хүний биед үүсэх нь ховор. Заавал гаднаас авч байхгүй бол дутагдаад өвчин үүсдэг. Тийм бодисуудыг л амьдралын чухал амин гээд байгаа юм шүү дээ. Хүний нарийн бүдүүн гэдсэнд амьдарч байгаа бичил биетнүүдийг хэвийн ашигтай нянгууд гэдэг. Тэр нянгууд зарим витаминыг нийлэгжүүлж өгдөг. Вс буюу фолийн хүчил нь цус төлжихөд чухал ач холбогдолтой витамин. Фолийн хүчил дутлын цус багадалт буюу фолийн хүчил дутлын анеми гээд биеэ даасан өвчин байдаг. В12 дутлын анеми, төмөр дутлын анеми гэж өвчин ч бий. Эдгээр нь үндсэн үүсч байгаа эмгэг жамын хувьд ойролцоо. Энэ өвчний үед цусны улаан эсийн нөхөн төлжилтийн тодорхой үе шатуудад саатал гардаг. Тиймээс Вс витамины дутагдалд орохгүйн тулд энэ витаминаар баялаг ногоон навчит ургамлууд, шанцай, байцаа, улаан лооль, гүзээлзгэнэ, элэг, бөөр, мах, өндөгний шар зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг идэж хэрэглэж байх хэрэгтэй. Ер нь аливаа витаминыг хамгийн их агуулдаг ямар ямар хүнсний бүтээгдэхүүн байдаг вэ гэдгийг л маш сайн мэдэж байх ёстой. Тухайлбал, В6 витамин нь цагаан будааны хальс, талх, вандуй, шош, төмс, мах, бөөр, элгэнд их хэмжээгээр бий. В2 витамин өндөг, сүү, шанцай, буудай, арвай, малын зүрх, бөөр, элгэнд их хэмжээгээр агуулагддаг. Ер нь В-ийн төрлийн витаминууд амьтны элэг, бөөрөнд их байдаг. С витамин гэхэд шинэхэн ургацын байцаа, төмсөнд хамгийн их агуулагддаг. 9 сард хураасан ногоо хавар болоход агуулагдах витамин нь бараг байхгүй болно. Тиймээс шинэхэн үед нь хэрэглэх явдал чухал ач холбогдолтой.

А болон Е витамины үүрэг оролцоо, ач холбогдол нь юу вэ. А витаминыг нүдний хараанд сайн гэдэг шүү дээ? 

Е витамин нь хүний биед хорт бүтээгдэхүүн үүсэхээс сэргийлж байдаг. Ялангуяа өөх тосны хэт исэлдэлтээс бий болсон хортой хэт исэлдэлтийн бүтээгдэхүүн үүсэхээс сэргийлдэг “манаач” гэсэн үг. Е витамин дутагдахаар хүний биед липидийн буюу өөх тосны хэт исэлдэлт явагдаад хүчтэй перекись нэгдлүүд үүснэ. Энэ перекись нэгдлүүд бэлгийн эс, эвсэл эс, митоз хуваагдлаар хуваагдаж байгаа эсүүдийг бүр сонгож гэмтээдэг. Тиймээс Е витамин дутагдвал үр зулбах, дутуу төрөх аюултай. Энэ утгаар нь Е витаминыг үржлийн витамин ч гэж нэрлэдэг. А витамин нь нүдний хараа, өсөлтөд чухал ач холбогдолтой, халдвараас хамгаалдаг витамин. А витамин илэрхий дутагдсан тохиолдолд “Үдшийн харалган” гэж өвчин үүсдэг. А-ийн дутагдалтай хүний нүд харанхуйд дасахгүй болчихдог. Эрүүл хүн гэрэлтэй өрөөнд сууж байхад нь гэрэл унтарсан даруйд юм харахгүй байж байгаад дорхноо харанхуйд дасч, орчноо сайн харж чадна. Хүний нүдэнд харанхуйд дасах чадвар заяагдсан байдаг. Харин тахиа мэтийн зарим шувуу шөнө юм харж чаддаггүй. Тиймээс Оросууд А витамины дутагдлаас шалтгаалж үүсдэг “Үдшийн харалган” өвчнийг “Тахиан сохор” гэж нэрлэдэг. А витамин нь Д витаминаар элбэг хоол хүнсэнд агуулагдаж байдаг. А, Д витаминууд нэг нэгнээ сүүдэр шиг л дагадаг.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:a19f149df6f7345c68f4588ffc881be3


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car