Ардчилсан хүчний холбооноос өчигдөр анхдугаар чуулганаа хийж “Монголоо шинэчилье” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт тус холбооны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Д.Одхүү болон аймаг орон нутаг, нийслэлээс гишүүд дэмжигчид нь ирж оролцов. Түүнчлэн Монголын ардчилсан холбооны тэргүүн УИХ-ын гишүүн Х.Баттулга ч хүрэлцэн ирсэн байлаа.
Энэ үеэр хөндөгдсөн голлох сэдэв нь иргэдийн амьжиргааны түвшин, ажилгүйдэл, төрийн байгууллагуудын хүнд суртал зэрэг байлаа. Мөн төрийн үйл хэрэг, тогтоол шийдвэрүүд ч ажил хэрэг болж иргэдэд нялзахгүй байгааг щүүмжилж байсан юм. Тухайлбал, тус холбооны гишүүн Л.Цэрэн-Очир “Манай улсын иргэдэд амьдрах баталгаа алга. Зам тээврийн осол, эндэгдэл, архидан согтуурлаас үүдэлтэи гэмт хэрэг гэх мэт зүйлс өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Түүнчлэн өвчлөлийн хэлбэрийг өнөөдөр юу гэж нэрлэхийг хэлж мэдэхгүй болжээ. Хэн нэгэн өвчиллөө гэхэд таньдаг эмч, халаасандаа мөнгөгүй л бол хэн ч биш байдаг. Ер нь төрийн байгууллага бүхэнд, шат дамжлага бүрт ийм муухай зүйл байна. Үүнээс улбаалан авлигын индекс жил бүр өсөлттэй гарч байгаа. Манай улсад цэцэглэж байгаа ганц зүйл нь авлига болчихож. Харин иргэн хүнд хүрч үйлчлэх төрийн байгууллага нэг ч алга” хэмээж байв.
Ер нь хэлэлцүүлэгт оролцогчид иймэрхүү хандлагатай байлаа. Төрөөс гарч байгаа олон тогтоол шийдвэрүүд өөрсдөдөө чиглэсэн байдаг болохоос биш, иргэдийн эрх үүргийг хангах ямар ч шийдвэр гардаггүй. Тэгэхээр өнөөгийн эрх баримдад үнэлгээ өгч, цаашдын төрийн бүрэлдэхүүнийг зөв сонгох хэрэгтэй гэцгээж байсан юм.
Ингээд хуралдаанд оролцогчид ард түмэндээ хандсан уриалга гаргав. Уриалгад Монголын төрд болохгүй бүтэхгүй зүйл их байгааг дурджээ. Мөн манай эрх баригч сайд, дарга, банк санхүүгийн байгууллагууд харийнхантай хуйвалдан тэдний хөрөнгөд дулдуйдан эх орноо худалдахаас ч буцахааргүй болсныг хэлсэн байв. Тиймээс тэртээ цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг хийхийн тулд эрслэн босч байсан шиг өдгөө ч энэ муу муухай зүйлийн эсрэг эрс шийдэмгий тэмцэцгээе хэмээн уриаллаа. Энэ тэмцлийн талбар нь ирэх сонгууль байх ажээ. Учир нь сонгууль гэдэг иргэн хүний үзэл бодлоо илэрхийлэх хамгийн шударга талбар гэж тэд үзэж буй аж. Тиймээс ард иргэдээ зөв амьдралаар амьдарч, хүний эрх, эрх чөлөөгөө эдлэхийн тулд Зөв сонголт хийхийг сонордуулж буй нь энэ гэнэ.
Ингээд Ардчилсан хүчний холбоо төрийн бус байгууллагын анхдугаар чуулган өндөрлөв. Чуулганы хаалтын ажиллагаа болох үед тус төрийн байгууллагад харьяалагддаг УИХ-ын гишүүд нэгдэн намдаа “Шонхор” фракцийг байгуулж буйгаа мэдэгдсэн юм. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Ганхуяг мэдэгдэхдээ барууны орнуудын улс төрийн онолд барууны үзэлтэй улстөрч, улс төрийн байгууллагуудыг шонхор, зүүний үзэлтэй улстөрч, улс төрийн байгууллагуудыг тагтаатай зүйрлэдэг аж. Тиймээс энэ нэрийг сонгох болсон гэнэ. Тэрээр цааш нь “Бидний их эзэн Чингэс хаан цагаан шонхрыг шүтдэг байжээ. Цагаан шонхор бол нэг амьдрах насандаа ганцхан ханьтай байдаг юм” хэмээн өгүүлсэн юм.
Л.Мөнх
Холбоотой мэдээ
Comments are closed.