“Жирэмсэн эмэгтэйг зодсон” гэх нэрээрээ танигдаад буй БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваатай холбоотой бас нэг баримт задарлаа. Тодруулбал, 2013 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Д.Пүрэвдавааг АТГ-д шалгуулж, ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэдгийг нь нотлуулж байжээ.
Авлигатай тэмцэх газраас Э.Бат-Үүлд хүргүүлсэн албан тоотод “Д.Пүрэвдаваагийн ажил эрхлэлтийн байдал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна” гээд 26.5.2-т “төрийн албанд 3-аас доошгүй жил ажил ажилласан” гэж заасан шаардлагыг хангахгүй нь тогтоогдсон.
Мөн Д.Пүрэвдавааг БЗД-ийн Засаг даргаар томилохын өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэсэн заасныг тус, тус зөрчсөн хэмээн мэдэгджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Д.Пүрэвдаваа Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн орлогчоор 1 сар ажилласныг эс тооцвол Төрийн албанд ажиллаж байгаагүй бөгөөд 10-р хороололд “NICE” нэртэй караоке, пааб ажиллуулдаг байсан гэв.
Харин бид энэ талаар БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаас тодруулахад “Би өмнө нь Төрийн албанд ажиллаж байсан. Нийслэлийн засаг даргын орлогчоор ажилласан байсан гэдгийг иргэд гэрчилнэ” гэхээс өөр хариулт өгсөнгүй.
Холбоотой мэдээ
Comments are closed.