antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2016 Comments are off

Амьдралын минь хором бүр үнэтэй

нийтлэсэн Admin

68b36180be75c8e758299ba7ca846588Өнөөдөр Олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр тохиож байна. ХДХВ/ДОХ өвчин дэлхийд анх 1981 онд илэрснээс хойш 35 жил өнгөрчээ. 2016 оны эхний 11 сарын байдлаар дэлхий даяар ХДХВ-ийн халдвар авсан нийт 36.7 сая хүн амьдарч байгаагийн 1.8 сая нь 15 хүртэлх насны хүүхэд байна гэсэн судалгааг НҮБ-ын судалгаа харуулж байгаа юм.

Үүнээс 2016 оны эхний хагасын байдлаар хамгийн үр дүнтэйд тооцогдож буй ретровирусын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа хүний тоо 18.2 сая байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор хоёр саяар нэмэгдсэн гэсэн тооцоо гарч байна. 2000 онд дэлхий даяар халдвар авсан хүний тоо нэг сая орчим байсан бол 2020 онд энэ тоо 30 сая болж нэмэгдэх магадлал өндөр байгааг НҮБ-ын тооцоо харуулж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын эмийн корпораци болон эрдэмтэн судлаачид ДОХ-ын эсрэг вакцин, эм гарган авч, эмчилгээний шинэ аргыг олохоор ажиллаж байна.

АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд ХДХВ-ийн халдварыг саармагжуулах чадвартай маш хүчирхэг эсрэг биетийг олж илрүүлсэн байна. Энэхүү хүчтэй эсрэг биетийг N6 гэж нэрлэсэн бөгөөд нийт 20 гаруй ижил төстэй вирусын 16-г нь эсэргүүцэж, саармагжуулах чадалтай юм.

Ийнхүү анагаах ухаанд дэвшилүүд гарч байгаа уг өвчнийг бүрэн төгс эмчлэх боломж хараахан бүрдээгүй хэвээр байна. Манай улсын хувьд ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх тал дээр иргэд мэдлэг, мэдээлэлтэй болж чадаж байгаа нь сайшаалтай.  Бүр ХДХВ-ийн халдвар тээгчид гадуурхагдаж, доромжлуулдаг байдал ч эрс багассаныг мэргэжлийн хүмүүс онцолж байгаа юм. Мэдээж үүнд алтан гартай эмч нараас гадна “Оюуны дархлаа” тэргүүтэй ТББ-ын идэвхтэй үйл ажиллагаа, сэтгэл зүтгэл чухал үүрэг гүйцэтгэснийг дурьдахгүй өнгөрч болохгүй.

Дэлхий нийтээр анхаарал хандуулж өнгөрүүлдэг энэ өдөрт зориулж манай сэтгүүлчийн өмнө нь бэлтгэн нийтэлж байсан ярилцлагыг хүргэж байна.

ХДХВ/ДОХ-ын халдварын тухай, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар байнга л ярьдаг. Гэсэн ч мэдсээр байж хайнга зангаасаа болж халдвар авсан тохиолдол цөөнгүй байна. Үүний нэгэн жишээ болсон залуутай уулзаж ярилцлаа. Тэрээр “Энэ өвчнийг аюултай гэдгийг байнга сонсдог хэрнээ сайн мэддэггүй юм билээ” гэж яриандаа онцолж байлаа.

–  Юуны өмнө өөрийгөө цөөн үгээр ч болов танилцуулна уу?

-Намайг Г гэдэг. Одоо 38 настай. Би өөрийгөө хувь хүн талаасаа тодорхой хэмжээгээр нууцалдаг боловч дуу хоолойгоо хүмүүст хүргэж, тэдэнд бага ч гэсэн мэдээлэл түгээх нь чухал гэж бодсон юм.

 -Биеийн байдал тань ямар байна вэ?

-Одоогоор сайн байна. Хэд хоногийн өмнө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад  гарлаа. Одоо ямар нэгэн зовиур шаналгаа байхгүй.

-Та гэр бүлтэй юу?

-Гэр бүлтэй байсан. Одоо найзынхаа гэрт дүүтэй нь гурвуулаа амьдарч байна. Эхнэр маань өнгөрсөн зургадугаар сард өөд болчихсон. Ганц хүү маань хадам дээр байдаг.

-Уучлаарай, эхнэр тань ямар өвчтэй байсан юм бэ?

-ХДХВ/ДОХ-оор нас барсан уу гэж асуугаад байгаа юмаа даа. Үгүй ээ. Ходоодны хорт хавдраар нас барсан. Бид сүүлийн хэдэн жилийн хугацаанд хамт байгаагүй. Шуудхан хэлэхэд, салчихсан байсан гэх үү дээ. Миний хувьд эхнэрээсээ салснаас хойш халдвар авсан. Тэр маань намайг халдвартай гэдгийг ч мэдээгүй.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ?

-Таван ах, хоёр эгч, нэг дүүтэй. -Тэд мэдсэн үү. Яаж хүлээж авсан бэ? -Хоёр ах маань л мэднэ. Би ерөнхийдөө энэ асуудлыг маш их нууцалдаг. Яаж хэлэх учраа ч олдоггүй юм. Миний дээд талын ах мэдчихээд элдвээр доромжилж, хөөж туугаад зодож нүдээд жаахан дарамттай байсан. Одоо байнга хамт байхгүй болохоор гайгүй л байна.

 -Хүү чинь мэдэх үү?

-Миний хүү одоохондоо жаахан байна. Есдүгээр ангид сурдаг. Гэхдээ шаардлага гарвал хэлнэ ээ.

-Та анх халдвартай болсноо яаж мэдсэн бэ?

– Найзынхаа зөвлөснөөр 2008 онд сайн дурын зөвлөгөө шинжилгээнд ороод л халдвартай гэдгээ мэдсэн. Миний хувьд Өмнөд Солонгост  2000 оноос хойш долоон жил тасралтгүй ажилласан. 2007 онд баригдаад нутаг буцаж ирсэн. Намайг нутаг буцсаны дараа эхнэр маань тэнд өөр хүнтэй болсон тул  бид салцгаасан. Наашаа ирэхийнхээ өмнө эхнэртэйгээ шинжилгээнд хамрагдаж байлаа. Тэр үед зүгээр л байсан. Тэгэхээр энд ирсний дараа халдвар авсан гэсэн үг.

-Ямар замаар?

-Бэлгийн замаар халдвар авсан. Энэ өвчнийг аюултай гэдгийг байнга сонсдог хэрнээ сайн мэддэггүй юм билээ. Ер нь ХДХВ/ДОХ-ын халдвар ямар замаар дамждаг талаар байнга хэлж баймаар байна. Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноор, баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн сэлбэснээс, халдвартай эхээс урагт, бохирлогдсон зүү тариур, эмнэлгийн багаж хэрэгслээр дамждаг гэдгийг дахин дахин сануулмаар байна. Ялангуяа хүмүүс хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орж болохгүй гэдгийг яасан ч мартаж болохгүй шүү.

-Халдвартай хүмүүсийн эрх байнга зөрчигддөг талаар байнга яригддаг. Танд талаар ямар нэгэн  бэрхшээл тулгарч байна уу. Та ажил эрхэлдэг үү?

-Халдвартай хүмүүсийг ялгаварлан гадуурхахын эсрэг их зүйл хийх хэрэгтэй байна. Хамгийн гол нь үнэн зөв мэдээллийг түгээх хэрэгтэй. Би барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй хүн. Мэргэжлээрээ одоо ажиллахаар ядарч сульдаад байдаг болсон байна лээ. Гэхдээ амьдрахын тулд хааяа цагийн ажил хийж,  заримдаа ахынхаа ажилд тусалж байна. Уг нь буцаад гадаад руу явъя гэсэн бодолтой байсан. Харамсалтай нь одоо миний энэ мөрөөдөл хаалттай асуудал болсон.

 –Таныг халдвар авснаас хойш найз нөхдийн хандлага хэр өөрчлөгдсөн бэ?

 -Мэдээж өөрчлөгдсөн. Зарим нь харьцахаа больсон. Ганц хоёр нь гадуур янз бүрийн юс яриад яваад байдаг гэсэн. Үүнийг би эхлээд их хүндээр тусгаж авдаг байлаа. Айдаг, ичдэг. Одоо бол гайгүй ээ.

-Гэхдээ нийгэмд ХДХВ/ДОХ-ын талаархи мэдлэг, хандлага өөрчлөгдөж байх шиг санагддаг?

-Тийм шүү. Анх ХДХВ/ДОХ-ын халдвар авсан хүний хажууд суугаад, хэдэн үг сольчихвол өвчин авчихдаг юм шиг ойлголттой байсан. Одоо харьцангуй өөр болж. Бэлгийн харьцаанд орохгүй л бол халдвар авах магадлал тун бага шүү дээ. Ер нь ХДХВ/ДОХ-ын халдвар авсан хүнд ямар ч шинж тэмдэг илрэхгүй 10 жил, магадгүй түүнээс олон жил далд байж болдог юм билээ.

Шинжилгээгээр мэдэхгүй юм бол ямар ч шинж тэмдэг өөрт илэрдэггүй. Гэхдээ илрээгүй мөртлөө халдвар авсан байж болно. Өвчнийхөө үе шатанд халуурах, ядрах, турах, биеийн эсэргүүцэл сулрах зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрдэг. Ер нь анзаараад байхад хэн нэгнийг “ХДХВ/ДОХ-ын халдвар авчээ” гэсэн мэдээллийг сонин хэвлэлээс уншаад “Энэ надад ямар хамаатай юм бэ? Би хэзээ ч тусахгүй” л гэж боддог юм билээ. Би ч гэсэн тэгж л бодож байсан. Бүр итгэлтэй байсан гээч. Гэхдээ л халдвар авчихсан л юм даа. Тиймээс залуустаа хандаж ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд хамрагдаарай гэж уриалмаар байна. Энэ шинжилгээг өгснөөр та нар юу ч алдахгүй шүү гэж хэлмээр байна.

 -Ер нь хаана шинжилгээ өгч болох вэ?

-Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ХДХВ/ДОХ-ын сайн дурын шинжилгээ, зөвлөгөөний төвд үнэ төлбөргүй шинжилгээ хийлгэж болно. Ер нь тэгээд бүх аймаг дүүрэгт сайн дурын зөвлөгөө шинжилгээий  төвүүд ажиллаж байгаа.

-Та одоо ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаа юу?

– ХӨСҮТ-д байнгын хяналтад байдаг. Гурван сард нэг удаа очиж үзүүлдэг. Хэрвээ биед ямар нэгэн зовиур илэрч өвдвөл хэзээ ч очиж үзүүлж боллог. Эмч эхлээд хүн байх ёстой гэдэг үгийг би маш сайн ойлгодог болсон. Манайд чадалтай эмч нар байдаг юм билээ. Бодоод үзэхэд ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчийг эмчилнэ гэдэг эмч хүний хувьд жинхэнэ мэргэжлийн ур чадвар шаардсан асуудал юм байна лээ шүү.

-Эмчилгээний зардлыг яаж шийдвэрлэдэг вэ. Эм нь үнэтэй юу?

-Шаардлагатай эм тарианы үнийг улсаас болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн байгууллагуудаас төлдөг юм билээ. Миний хувьд мөнгө төлж байсангүй.

ХДХВ/ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн мэдээллийг нууцалж чадаж байна уу?

 -Миний хувьд чадаж байгаа гэж харж байна.

-Албан ёсоор бүртгэгдсэн хэдэн хүн байгаа талаар мэдээлэл танд байна уу. Тэдэнд үзүүлж буй нийгэм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ямар байна?

 -100 орчим хүн халдвар авсан, насны хувьд залуужаад байгаа гэж сонссон. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боломжийн  гэж боддог. Харин нийгэм талдаа жаахан учир дутагдалтай л даа. Миний хувьд групп тогтоолгоод сард 53 мянган төгрөг авдаг. Ажил хийхгүй бол энэ мөнгөөр амьдарна, амьжиргаагаа залгуулна гэж байхгүй л дээ.

-За ярилцлагын маань төгсгөлд Танд хэлэх зүйл юу байна вэ?

– Байнга унших дуртай шүлгээ хэлье.  “Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор Алтан нар гэрлээн бидэнд ав адилхан хайрладаг болохоор Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном”…Үнэн үгтэй аугаа мөрүүд шүү.

-Танд баярлалаа.

Г.Долгорсүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car