antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 2, 2012 Comments are off

Б.Галаарид: “Сайхан асарсан ачийг чинь хариулж чадахгүй буцлаа” гэхэд нь хоолой зангирч билээ

нийтлэсэн Admin

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид саяхных атал эртний юм шиг хууч зөндөө хөөрөв. Түүний төрж өссөн Говь-Алтай аймгийн Бугат сум буюу алс баруун хязгаарын ахуй нь тийм л байж. Зуны цагт хөл нүцгэн гүйж, сурагч бэхийг усанд хийж найруулаад дүрдэг үзгээр бичдэг, ээжийнхээ оёж өгсөн таван хошуутай даавуун цүнхийг үүрч гүйсэн хүүхэд нас нь 1970-аад оны дунд үеийн түүхийг өгүүлнэ. Хоёр ах, хоёр эгч, хоёр дүүтэй тэрээр аль ч талаас нь тоолсон айлын дунд хүү. Тэрээр дэрсхэн долоон хүүхэд төрүүлж өсгөсөн ачит ээжийнхээ тухай дурсахаас цааргалаагүй юм.

Сайхан ижийг нь Чойндонгийн Бадам-Очир гэдэг 1930 онд төрсөн хүн байж. Говь-Алтай аймгийн Бугат суманд буюу алс баруун хязгаарт бага залуу насаа малын захад өнгөрөөсөн эмэгтэй. Тэр үеийн зах хязгаар газарт сургууль гэж байсангүй. Эмэгтэй хүүхдэд малын захад байж байгаад л айлын эхнэр болох тавилан л ногдож байсан үе.

Гэхдээ ээж нь латин үсгийг анхны багш нар очиж заах үед курст нь сурчээ. Тэгээд багш болж, тодорхой хэдэн хүнд заах үүрэг хүлээж байсан гэдгийг ярианаас нь хожим мэдэж авчээ. Яагаад ч юм энэ тухай ээж нь ярих дургүй байж. Дараагаар нь XX зууны дунд үед Монголд бүх нийтийн кампанит ажил их өрнөж байлаа. Түүний нэг нь кирилл бичиггэн болох хөдөлгөөн. Энэ үед кирилл бичиг сурчээ.

Тусгайлан сургуульд сураагүй ч ээж нь захиа бичихдээ ямар ч үг үсэг алддаггүй, зөв бичигтэй хүн байж. Б.Галаарид “Яагаад тэгж алдаагүй сайхан бичдэг байсан юм бол. Бодвол ном их уншдаг байсан байх. Гэтэл тэр болгон ном бариад суух зав ээжид байгаагүй. Дэргэсэн долоон хүүхдээ ар араас нь цувуулж гарыг нь ган заганд, хөлийг нь дөрөөнд хүргэхэд манай ээж их зүтгэсэн.

Тэр үеийн Монгол эмэгтэй ерөөсөө л өрх гэрийн үйлдвэрлэгч байсан шүү дээ. Бүх хүүхдийнхээ дээл хувцсыг оёж, уранхай цоорхойг нь нөхөж сэлбэнэ. Охид нь туслалгүйл яахав. Гэхдээ дийлэнх нь банди нар учраас хамаг нарийн ажил ээжийн нуруун дээр байсан. Хүүхдүүдээ мөр бүтэн, гэдэс цатгалан явуулсан ч өөрт нь сургууль соёлд сураад байх боломж олдоогүй” хэмээн дурсав.

Ээж нь их сайхан Монгол хэлтэй, зүйр цэцэн үгээр толгой холбон ярьдаг. Хэний ч өмнөөс хэлэх гэсэн үгээ хэлчихдэг. Бас их эрэмгий хүн байж. Залуудаа аль эрмэг догшин морийг барьж унадаг, тором сургадаг байжээ. Эр хүний хийдэг зарим ажлыг хүртэл амжуулна. Дээр үеийн орос хөнгөн цагаан түмпэнг хэлбэж, хонхойлгож, ирмэгийг нь цохиод яах ийхийн зуургүй тогоо хийчихдэг. Хөдөөний малчид. ээжийн  найзууд “Алив ажаа нэг тогоо хийгээд өгөөч л” гэнэ .

Ярьж суух хоорондоо мөнөөх тогоог нь гаргаад өгчихдөг байж. Барагтай л бол засч сэлбэх, хадах зүйлд хүний гар харахгүй. Харуул барьвал мужаан, утас зүү барьвал үйл урлаад бүхий л зүйлээ хийчихдэг содон хүн байжээ. Ул боовны хэвийг ч гонзгой, дугуй хоёр янзаар сийлчихнэ. Тэр үеийн сумын худалдаа бэлтгэлийн ангид ирж байгаа ачааны хайрцаг, хавчуурга нь дандаа мод байжээ.

Ээж нь ирсэн хайрцагны модыг хумсаараа зурж үзээд зогсч байхыг хүүхдүүд нь зөндөө л хардаг байж. Иймэрхүү байдлаар ул боовны хэв хийх модоо сонгоно. Одоо хүртэл ах дүүсийн дунд эвхдэг оньстой дугуй боовны хэв байдаг аж. Мөн нэг хүү нь “Би дээхнэ нэг нутаг явтал ээжийн хийсэн тогоо байна лээ. “Энэ Ажаагийн хийсэн тогоо. Муудсан ч бид хаяж чадахгүй, хайрлаад байдаг юм. Нөхөөд л аваад байдаг” гэж байсан.

Харваж, тал бие нь мэдээгүй болоод олон жил хэвтэрт байж байгаад 80 гаруй насандаа бурхан болсон ээжтэйгээ сүүлийн тав, зургаан жил ойр байсан нь Б.Галаарид. Харвасан хэдий ч ухаан саруул ээж нь энэ үедээ долоон хүүхдээсээ дунд хүүгээ сонгож, дэргэд нь байжээ. Хуучны домог, түүх, нутгийнхаа уул ус, өвс ургамал, хүмүүсийн удам судар, еөөрийнхөө амьдрал гээд бүхий л зүйлийн талаар тэрхүү он жилүүдэд ярьж суужээ.

“Ижийтэйгээ байгаа хүмүүст хэлмээр үг зөндөө л байдаг. Ижий аавынхаа хэлж байгаа үгийг чихнийхээ хажуугаар бүү өнгөөрөөгөөрэй гэж. Манай ээж нутгийн уул ус, булаг шандийн тухай кино зураг хөвөрч байгаа юм шиг түүх, домог ярьдаг байлаа. Нутгаа мэддэг малчин хүний эрдэм гэдэг үнэхээр гайхамшигтай юм байна гэдгийг би ээжийгээ өнгөрсөн хойно нь ухаарсан.

Тухайлбал, манай тэндэхийн тийм голын усыг хавар малд өгвөл сайн. Харин тэр горхины усыг намрын өөхөн таргыг тогтоож байгаа малд өгөхөд сайн байдаг гэхчилэнгээр их нарийн юм ярина. Тухайн үед нь би ер тоодоггүй байлаа. Одоо харамсаад байгаа юм. Хэрэв тэмдэглээд авч үлдсэн бол маш сонин баримт болж үлдэх байлаа” хэмээн хүү нь дурсав.

Ээжийг нь арван хэдтэй хүүхэд байх үед буюу 1940-өөд оны дундуур зуд ихтэй жил тус нутгийнхан бүр Тэнгэр уулын тийшээ очиж өвөлжжээ. Энэ нь 2-3 жилийн нүүдэл болсон аж. Өерөөр хэлбэл, тухайн үеийн малчид ойрын 2-3 жилд тэнгэр ямар байхыг мэддэг. Түүндээ тааруулж тийм их орон зайд нүүж амьдардаг байжээ.

Мөн нэг зун рашаан усанд орохоор гэр малаа хүнд захиж үлдээгээд жижиг гэртэйгээ ойр зуур хэрэглэх юмаа аваад Завханаар дайраад Архангайн Тамир хүртэл хөнгөхөөн нүүсэн байна. Энэ мэтчилэнгээр жинхэнэ нүүдэлчин ахуйн сүүлчийн төлөөлөгчийн нэг болох ээжийнхээ үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөсөндөө өнөөдөр хүү нь өөрийгөө зэмлэж сууна. Тэрээр цааш нь “Магадгүй, миний жаахан юм цоохорлодог нь ээж, ээжийн ах дүүсийн үгийн цэцтэй, цээж сайтайнх байх гэж боддог” гэв.

Тэрээр хүүхэд байхдаа номоос “Нохой явган, гахай нүцгэн” гэдэг үг сурсан нь буруудаж, ээждээ сүрхий загнуулжээ. Түүнээс хойш монгол хүн амны билгээр явдаг гэдгийг ойлгож, хамаа бус үг хэлэхээс цэрвэдэг болсон байна. Хожим ээжийгээ хэвтэрт байх үед нь үүр цүүрээр юманд явах гээд гарч байж. Гэтэл ээж нь “Миний хүү, бухын хамар шогнойж байна уу” гэж асуужээ. Энэ үгийг хүү нь ойлгодоггүй.

Шууд л “Ойлгохгүй байна” гээд хэлчихэж чаддаггүй, нэрэлхээд байж. Эцэст нь аргагүй байдалд хүрч “Ээж ээ, наадах чинь юу гэсэн үг вэ” гэж асуужээ. Ээж нь “Уулын оройгоор улаан туяа татаад эхэлчихэж үү гэж би чамаас асууж байна. Үнээсэж яваа бух хамраа шогнойлгоод үнэртэхэд нь улаан зураас татаж байдаг даа. Түүнийг чинь л ардын ярианд үүрийн туяатай адилтгаж ярьдаг юм. Чи одоо ийм юм мэддэггүй юм уу” гэж.

Энэ мэтээс улбаалаад тэрээр өөрийнхөө хөтөлдөг блогт бичиж тэмдэглэсэн зүйл зөндөө.

Харин ээж нь түүнийг сэтгүүлч болно гэхэд нь нэг их ойшоогоогүй аж. Наймдугаар анги төгсөх жил Ховдын техмиккумд зоотехникчийн ангид явуулна гэж зүтгэжээ. “Миний хүү, энэ сайхан нутагтаа, дандаа хөдөөдөө малын захад байх ийм сайхан мэргэжил байна шүүдээ, зоотехникч гэдэг чинь” хэмээн ятгаад онд сурдаг хүүгээ дийлэлгүй Урал руу сэтгүүлч болгохоор мордуулжээ. Хожим нь нэгэнтээ “Чи уг нь зоотехникч болчихоод нутагтаа эзэн болох байсан юм” гэж суусан гэдэг.

Хүүхдүүд нь Дархан, Улаанбаатарт суурьшсан тул яалт ч үгүй ээж нь ойртож нүүсээр сүүлдээ дагаад хотын хүн болжээ. Нутаг амьтай ижий нь “Бураан амны рашаан сэнгэнээд их сайхан” гэж байнга ярина. Нэг удаа нутаг явахдаа тэрхүү рашаанаас зориудаар савлан авчирч өгөхөд нь хөргөгчиндөө тавьж байгаад хэд хоног баяртай гэгч нь уужээ. Б.Галаарид “Би ээжийгээ ингэж нэг удаа баярлуулсан. Хүнд өвчтэй байх үед дэргэд нь байж, боломж чадлаараа асарч гойлох гэж оролдож байсан хувьтай хүн.

Ах дүү нар маань ч бүгд хичээсэн. Тэдэн дундаасаа ээждээ жаахан ойр байсан нь би юм болов уу даа. Сүүлдээ ах дүү нар ч миний амыг хардаг болчихсон байсан. Ээж маань өнгөрөхдөө хань бид хоёрт “Миний хоёр хүүхэд ээжийгээ сайхан асарлаа. Даанч энэ ачийг нь хариулж чадахгүй буцах болчихлоо” гэж уйлахад нь хоолой зангирч билээ” хэмээн нулимс унаган дурслаа. Сэтгэлийн их хаттай ээж нь тал бие нь мэдээгүй мөртлөө орныхоо хөлөөс бүсээ уячихаад өдөр болгон өндийх дасгал хийдэг.

Хэвтэрт байсан тэр он жилүүдийн туршид өдөр болгон л ингэж өөрөө өндийх гэж оролддог байжээ. Саруул ухаантай байсан болохоор телевиз, радио их сонсоно. Хүүгээ орой ажлаас ирэхэд нь улс оронд болж байгаа мэдээллийг ярьж өгнө. Бурхан болтлоо гэрийнхээ “МОНЦАМЭ агентлаг” шиг л байж. Заримдаа телевизээр явж байгаа дууны хөгжим, шүлгийг тэрнийх, энэнийх гэж хоорондоо маргана.

Сумо их үзнэ. Хараа муудсан ч ерөнхий хөдөлгөөнөөр нь бөхчүүдийг их сайн таньж ялгадаг байжээ. Сүүлдээ үнэхээр биеийнх нь чадал дийлэхээ байж, дорд орсон ч хэдэн хүүхэддээ сэтгэл хорогдоод байсан юмсанж. Олон жил хэвтэрт байсан хүнийг тэгж шанхшхыг харах хэцүү. Тиймээс нэг өдөр ээждээ “Та биднийг төрүүллээ, өсгөлөө. Өдий зэрэгтэй болгосон. Үүнээс хойш хэн яаж явах нь хүүхдүүдийн чинь өөр өөрсдийнх нь ухаан мэдэх хэрэг.

Та “Энэ минь яачих бол”, “Тэр минь яачих бол” гэж хэн нэгэнд нь сэтгэл бүү зов, ээж минь. Хэн нэг нь муу явлаа гэхэд бид нэг л эхийн хүүхдүүд учраас бид нэг нэгэндээ дэм болоод л явна” гэж хэлсэн байна. Хэлэхээс ч аргагүй болж. Ингэж хэлэх хэнд ч хэцүү. Тэгэхэд ээж нь “За” гээд нэг их шаналангаас салах шиг болжээ. Б.Галаарид “Ээж минь их ухаантай хүн. Миний хэлснийг ойлгоод, хүүхдүүддээ хоргодож байсан сэтгэлийн уяа нь тайлагдсан байх гэж боддог” хэмээн нулимс унаган дурссан юм. Үүнээс хойш нэг, хоёр хоногийн дараа ээж нь бурхан болжээ.

Уран бүтээлч хүн ээжийн тухай заавал нэг бүтээл хийдэг. Хүүхэд байхдаа ээждээ зориулж шүлэг бичээгүй үзэг цаас нийлүүлдэг хүн ховорхон байх. Тэрээр ч гэсэн хүүхэд ахуйдаа ээждээ зориулж шүлэг бичиж байжээ. Эхийн сэдэв өөрөө их том, хүнд. Хүнд гэдэг нь бүх цаг үеийн уран бүтээлчид ээжийн тухай бүтээл хийдэг.

Hэгэнт үе үеийн аугааг уран бүтээлчид хийсэн сэдвээр давтаж бүтээл хийнэ гэдэг их хэцүү. Тиймээс ээжийн тухай сайн бүтээл ховорхон төрдөг. Түүний хувьд ч ээждээ зориулсан бүтээл хийнэ. Гэхдээ одоохондоо хийж амжаагүй байгаа. Энэ сэдвээр дорвитой бүтээл хийхийн тулд цаг хугацаа, нас, ухаарал хэрэгтэй гэж тэрээр үздэг.

Хүн насан туршдаа суралцаж, ухаан сууж явдаг. Үүнийг тэрээр ээжтэйгээ хамтдаа байсан он жилүүдэд илүү сайн мэдэрчээ.

Г.Ганчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car