Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Шадар сайдын 2016 оны 03 дугаар тушаалаар аймаг, сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, үнэлгээ, дүгнэлт гаргах “Шуурхай ажлын хэсэг”-ийг томилон орон нутагт ажиллуулж байна-
Өнгөрсөн долоо хоногоос ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, 40 хэм хүртлээ хүйтэрч, тэр хэрээр цас их хэмжээгээр ороод байна. Онцгой байдлын ерөнхий газраас ард иргэдийг нээн шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байх, хальтиргаа гулгаанаас үүсэх аваар, ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулсаар байгаа бөгөөд тус газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэнгээс дараах зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн хэд хоног цас их орж, хүйтний эрч эрс чангараад байна. Онцгой байдлын ерөнхий газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Тал бүрийн л арга хэмжээг авч ажиллаж байна. Манай орны ихэнх нутгаар цас их орсонтой холбогдуулан иргэдээс төөрсөн, цасанд авто машинтайгаа суусан, саатсан гэсэн дуудлага ихсэх хандлагатай байна. Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч их хэмжээний цас орж, зам даваанд халтиргаа, гулгаа үүсч авто тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
-Улсын Онцгой комиссын гишүүн, Зам тээврийн сайдын энэ сарын 18-ны өдрийн 142 тоот тушаалаар зарим чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах арга хэмжээ аваад байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Тийм ээ. Тухайлбал, нийслэл хот, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн төвөөс гарах ачаа, нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнгөрсөн 18-ны өдрийн 23:00 цагаас 19-ний өдрийн 08:00 цаг хүртэл, цас их орж зам даваа хаагдсан Завхан аймгийн Улиастай сумаас гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 19-ний өдрийн 10:00 хүртэл зогсоож, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн авто зам, замын байгууламжийг хаах арга хэмжээ авсан. Энэ хугацаанд хаагдсан зам, давааны бэлэн байдлыг хангах шуурхай арга хэмжээ авч ажиллахыг орон нутгийн АЗЗА компаниудад үүрэг болгосон. Одоогийн байдлаар авто замын хөдөлгөөнийг хязгаарласан газар байхгүй ч Хөвсгөл, Завхан, Баян-Өлгий, Ховд аймагт цас ихээр орж, шуурсны улмаас зам даваанд хальтиргаа, гулгаа үүсч авто тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгааг анхаарах хэрэгтэй.
-Бидний авсан мэдээллээр зарим газарт зудын байдалд шилжээд байна гэсэн. Одоогоор хэчнээн аймаг, сум зудын байдалтай байна вэ?
-Цас их орсны улмаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Булган аймгийн Хангал сум, Дархан-Уул аймгийн Дархан сум, Дорнод аймгийн Дашбалбар, Чойбалсан сум, Сэлэнгэ аймгийн Орхон, Ерөө, Зүүнбүрэн, Сүхбаатар, Хушаат, Хүдэр сум, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнхангай, Малчин, Наранбулаг сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум, Хэнтий аймгийн Биндэр, Дадал сум (8 аймгийн 18 сум) зудын, Булган аймгийн Тэшиг сум, Дархан-Уул аймгийн Шарынгол, Хонгор сум, Дорнод аймгийн Баян-Уул, Баянтүмэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Сэргэлэн сум, Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Сонгино сум, Орхон аймгийн Жаргалант сум, Увс аймгийн Зүүнговь, Сагил, Түргэн, Тэс сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цэцэрлэг, Хатгал сум, Сэлэнгэ аймгийн Мандал, Түшиг, Цагааннуур сум, Хэнтий аймгийн Норовлин сум (9 аймгийн 23 сум)-нд цагаанаар зудархуу нөхцөл үүссэн.
-Ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Шадар сайдын 2016 оны 03 дугаар тушаалаар аймаг, сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, үнэлгээ, дүгнэлт гаргах “Шуурхай ажлын хэсэг”-ийг томилон орон нутагт ажиллуулж байна. Зам, тээврийн сайдын 2016 оны 43 дугаар тушаалаар батлагдсан улсын болон орон нутгийн чанартай авто зам, даваанд “Шуурхай хэсэг”-ийн 47 нэгжид нийт 190 орчим хүч хэрэгслийг ажиллуулж байна Иймээс иргэдэд хандаж хэдэн зүйлийг анхааруулахыг хүсч байна.
-Юуг тэр вэ?
-Цас их орж байгаа тул тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, түүнчлэн авто зам, даваанд хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул авто машины хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Түүнчлэн ард иргэд, жолооч, тээвэрчид цаг агаар, зам давааны нөхцөл байдлыг харгалзан хол, ойрын замд зорчихгүй байх нь чухал байна. Үүнээс гадна хүчтэй салхи шуурганы үеэр малчид малаа бэлчээрт гаргахгүй дулаан хашаа, хороо, саравчинд байлгаж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.