Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтад 52 гишүүн оролцсоноос 46 нь буюу 88.5 хувь нь дэмжсэнээр хууль батлагдаад байна. Тэгэхээр хууль тогтоох дээд байгууллагад 3 сая монголчуудыг төлөөлөн суугаа 76 гишүүний 24 нь ирэх оны улсын төсвийг батлах сүүлийн санал хураалтад оролцсонгүй.
Ямартай ч албан мэдээллийг хүргэж байна. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, Ирээдүйн өв сангаас улсын төсөвт олгох шилжүүлэг болон улсын төсөвт төлөх өглөг барагдуулалтын хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа аж.
Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ болон улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах хөрөнгийн хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр тооцож төсөлд тусгасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.
Ингээд Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,378,889.9 сая төгрөгөөр, улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 6,759,169.6 сая төгрөгөөр тус тус баталлаа. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 2017 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 250,654.7 сая төгрөгөөр, улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 71,518.6 сая төгрөгөөр батлахыг дэмжив.
Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 172,794.9 сая төгрөгөөр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2017 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 8,397.8 сая төгрөгөөр батлав.
Түүнчлэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2017 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 221,651.0 сая, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны төсвийн жилд Ирээдүйн өв сангийн эх үүсвэрээс улсын төсөвт олгох шилжүүлгийн хэмжээг 160,000.0 сая, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны төсвийн жилд Ирээдүйн өв сангийн эх үүсвэрээс улсын төсөвт төлөх өглөг барагдуулалтын хэмжээг 61,651.0 сая, Засгийн газрын 2017 оны төсвийн жилд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2,336,245.7 сая төгрөгөөр тус тус батлав.
Харин 2017 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг аймаг тус бүрээр баталж нийт дүнгээр 131,300.7сая, төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 132,604.8 сая, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих урсгал зарлагын хэмжээг нийт 74,505.9 сая төгрөгөөр тус тус батлахыг дэмжлээ.
Мөн “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2017 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүнгийн талаархи чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт”-ийг 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг 2 дугаар хавсралтаар, “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг 3 дугаар хавсралтаар, “Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсан юм.
Ингээд ямартай ч ирэх оны төсөв батлагдлаа.
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.